“Asia Young Leaders Alliance” нам бус, ашгийн бус санаачилгын хүрээнд засаглал, ил тод байдлыг дэмжих, авлигатай тэмцэх, залуусын оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор өгөгдөлд суурилсан бүтээлийн хакатоныг зохион байгуулж байна.
Энэ сарын 16-17-ны өдөр болох уг уралдаанд авлигын асуудлыг шийдвэрлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэл, сонирхолтой 18-35 насны залуус баг бүрдүүлэн оролцох боломжтой.
“Авлигын эсрэг залуусын оролцоог нэмэгдүүлье” хакатонд оролцсоноор авлигатай тэмцэх, залуусын оролцооны талаар болон чанартай бүтээл туурвих тухай менторуудын сургалтад хамрагдаж бүтээлээ хийж өрсөлдөх юм. Уг арга хэмжээнд иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон хэвлэл, мэдээллийн редакторууд ментор, зөвлөхөөр ажиллана.
Хоёр өдрийн турш өгөгдлийг шинжилж, боловсруулж, мэдээллээ бэлтгэснээр хакатоны эхний 3 байранд шалгарсан оролцогчдод 1-3 сая төгрөгийн шагнал олгох юм байна.