Бидний хүүхэд байхаасаа л үзэж өссөн “Spirit: Stallion of the Cimarron” хэмээх сэтгэл хөдлөм анимэйшн дээр гардаг морь бол жинхэнэ утгаараа эрх чөлөө, зориг, тэмүүллийн илэрхийлэл байдаг билээ. Харин тус адуу нь бодит амьдрал дээр байдаг гэнэ.
Түүний жинхэнэ нэрийг Доннер гэдэг аж. Одоо 28 настай тус адуу Орегон мужийн зэрлэг адуунаас төрсөн аж.
Доннер бол 17-р зуунд Испаниас авчирсан Америкийн анхны адууны удмынх бөгөөд өвөрмөц өнгө төрхөөрөө алдартай учир Кигер Мустанг хэмээдэг гэнэ.
Аниматорууд урьд өмнө нь Spirit: Stallion of Cimarron шиг адууг гол дүр болгон кино хийж байгаагүй тул тэдэнд урам зориг төдийгүй шинэ мэдлэг мэдээлэл хэрэгтэй байсан тул Доннер энэхүү бүтээлийн салшгүй нэг хэсэг болсон аж.
DreamWorks компанийн багийнхан Доннертой хэдэн жилийг хамт өнгөрүүлсэн бөгөөд морины анатоми, адуу хэрхэн хөдөлж, биеэ авч явдаг, ямар араншинтай болохыг ойлгохын тулд байнга цуг байсан гэнэ. Үүний үр дүнд аниматорууд Спирит болон бусад адуунуудын хөдөлгөөн, зан араншинг тодорхойлон гаргаж ирж чадсан гэнэ.
Өдгөө 28 настай Доннер нь Калифорни мужийн эрэг дагуу орших “Return to Freedom: Wild Horse Conservation” хэмээх зэрлэг адууг хамгаалах газар амьдардаг аж.
Түүний төрсөн өдөр 1995 оны 5 сарын 8 гэнэ. 2002 оноос зэрлэг адууг хамгаалах газар очсоноор эрх чөлөөтэй, шинэ найзуудтай болон аз жаргалтай амьдарч эхэлсэн байна.