UBLife Logo
Newsfeed

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Уншигчдадаа шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Намар цаг хаяанд ирж, гараг эрхсийн хувьд ч олон өөрчлөлтүүд өрнөсөн адал явдалт өдрүүд айсуй. Учир нь энэ долоо хоногт бүтэн загасны хиртэлт тохиох ба энэхүү чухал үйл явдал нь бидний амьдралд олон өөрчлөлтүүдийг авчрах юм. Иймд хамтдаа долоо хоногийн зурхайгаа уншицгаая.

Ордуудын зургийг уран бүтээлч Х.Сүрэн өөрийн мэдрэмжээрээ бүтээлээ. Та бүгд ЭНД дарж түүний уран сэтгэмж, нандин бүтээлүүдтэй танилцаарай.

1. Хонь (3/21-4/19)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

2. Үхэр (4/20-5/20)

Гараг эрхсүүд та бүгдийг дуу хоолойгоо гаргахыг, бусдад өөрийгөө илэрхийлэхийг хүсэж байна. Иймд энэ долоо хоногт эдгээр чанаруудыг тань ил болгоход туслах томоохон үйл явдлууд өрнөх бололтой. Тухайлбал мягмар гарагт загасны ордод сар хиртсэнээр та бүгдийн нөхөрлөлийн бүсэд нөлөөлж найз нөхдөөсөө тусламж хүсэх, нандин харилцаа үүсгэх үйл явдал тохионо. Иймд дуу хоолойгоо хорилгүй дотоод сэтгэлээ анд нөхөдтэйгөө хуваалцаарай. Харин ням гарагт жинлүүрийн улирал эхэлснээр та бүгдийн амьдралд том зорилго гэхээсээ илүү жижиг зорилгуудаа биелүүлэх үйл явдлууд өрнөх учир энэхүү завшааныг ашиглан амьдралаа сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөж байна. Мөн сугар гараг тус өдөр хилэнцийн орд руу шилжсэнээр шинэ хайр дурлалын романс үүсгэх тохиол бүрдэх бололтой.

3. Ихэр (5/21-6/20)

Энэ долоо хоногийн мягмар гарагт сарны хиртэлт загасны ордод тохиосноор та бүгдийн ажил хэргийн бүсэд нөлөөлөх нь ээ. Ингэснээр та бүгдийн бүтээлч чанар дээд цэгтээ тулах ба энэ долоо хоногтоо карьерын хувьд өсөлт хийх боломж бүрдэх юм. Ялангуяа ням гарагт буюу долоо хоногийн сүүлээс ирэх долоо хоногийн эхэн үе хүртэлх хугацаанд нар жинлүүрийн орд руу нүүх ба энэхүү үйл явдал нь мөн л та бүгдийн ажил карьерт сайнаар нөлөөлөх тохиол юм. Мөн ням гарагт хайр дурлалыг хариуцагч сугар гараг хилэнцийн ордонд орсноор хамтрагч тань таны ажил мэргэжлийг ойлгож дэмжлэг үзүүлэх таатай нөхцөл бүрдэх болно. Иймд завгүй ажиллаад л байж дээ ихрийн ордныхон минь!

4. Мэлхий (6/21-7/22)

Саатал бэрхшээл, дуусашгүй амьдралын сорилтууд та бүгдийн урмыг мохоож байгааг ойлгож байна аа мэлхийн ордныхон минь. Гэхдээ гараг эрхсүүд үргэлж та бүгдийг харж хандаж байдгийг санаарай. Иймд яг одоо нэг алхам ухраад үз. Нөхцөл байдлыг илүү томоор хараарай. Учир нь заримдаа бүх зүйл бидний хүссэнээр явагдахгүй байгаа нь тээр тэнд илүү дээр сонголт байгааг ойлгуулах гэсэн боломж байж болно. Иймд хорвоо ертөнцөд итгэхийг зөвлөе. Ирэх долоо хоног өрнөх үйл явдлын тухайд мягмар гарагт бүтэн сар загасны ордод хиртсэнээр та бүгдийн алсын хараа, боломжийг харж чадах чадавхыг нээж өгөх болно. Харин ням гарагт нар жинлүүрийн орд руу шилжсэнээр таны сэтгэл санааг амар амгалан байхад туслах хүмүүс тань руу соронз мэт л татагдах бололтой. Мөн ням гарагт хайр сэтгэлийг хариуцагч сугар гараг хилэнцийн орд руу шилжсэнээр зарим үнэн зүйлс илчлэгдэж болзошгүй.

5. Арслан (7/23-8/22)

Арслангийн ордныхны ихэнх нь яг одоо төөрөгдөлд ороод буй бололтой. Цаашдын зам мөр, амьдралын хэтийн төлөвлөгөө харагдахгүй хэцүүхэн л байгаа болов уу. Иймд орчлон ертөнц та бүгдийг төөрөгдлөөс гаргахын тулд зарим чухал үйл явдлуудыг бэлтгэжээ. Жишээ нь энэ долоо хоногт та бүхэн амьдралд тань хүчтэйгээр нөлөөлөх мэргэн хүнтэй учрах болно. Энэ нь хэн ч байх боломжтойг мартаж болохгүй шүү. Мөн тус хүний зүгээр л нэг үг, үйлдэл таны амьдралыг өөрчлөх бололтой. Иймд анзааргатай айж бусдын үзэл бодол, үгийг хүндэтгэхийг зөвлөж байна. Мөн мягмар гарагт бүтэн сар загасны ордод хиртсэнээр та бүгдийн хайр дурлалын харилцаг хөндөх болов уу. Тухайлбал хайр дурлалаа илүү гүнзгийрүүлэхийн тулд аль нэг тал нь гомдоллож магадгүй. Харин ням гарагт нар жинлүүрийн орд руу шилжсэнээр таны харилцааны хандлагыг зөөлрүүлж, бэхжүүлэхэд туслах болно. Мөн тус өдөр хайр дурлалыг хариуцагч сугар гараг хилэнцийн орд руу шилжсэнээр сэтгэл санаа тань тайвширна. Иймд үйл явцад итгэн өөдрөгөөр урагшлаарай.

6. Охин (8/23-9/22)

Төрсөн өдөр нь үргэлжилж буй охины ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Яг одоо та бүхний өмнө амьдралын шинэ мөчлөг, шинэ бүлэг нээгдэж байна. Иймд одоогоор амьдралд тань тохиолдож буй зүйлс бага зэрэг адармаатай, замбараагүй мэт санагдаж болох юм. Иймд яг одоо зүрх сэтгээлээ цэвэрлэж амьдралдаа цэвэрлэгээ хийгээрэй. Мөн манифест буюу таталцлын хуулиар хүссэн зүйлсээ амьдралдаа татахад тохиромжтой үе тохиогоод буй тул хүсэж мөрөөддөг бүхнээ цаасан дээр бичиж, оюун бодолдоо амилуулахыг зөвлөж байна. Мөн дуулгах сайхан мэдээ гэвэл мягмар гарагт тохиох бүтэн сарны хиртэлт таны амьдралын хайр дурлалын хээгт хүчтэйгээр нөлөөлөх нь ээ. Бас ням гарагт нар охины ордоос жинлүүрийн орд руу нүүснээр танд санхүүгийн гэнэтийн ашиг орж ирэх ба төрсөн өдрөөрөө авч амжаагүй бэлгийг тань хэн нэгэн өгөх аж. Мөн ням гарагт хайр дурлалыг хариуцагч сугар гараг хилэнцийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын харилцаа илүү амьд болох болно. Иймд зүгээр л тайвшир, ид шид таныг чиглэн ирж буйг мэдэрч инээмсэглээрэй.

7. Жинлүүр (9/23-10/22)

Өөртөө дарамтыг бүү үүрүүл жинлүүрийнхээн. "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө" гэх үг байдаг шүү дэЭ. Гэтэл та бүгд бүгдийг өөрөө хийх гэж тэмүүлэн зүдрээд байх юм. Иймд энэ долоо хоногтоо багтаад сэтгэл зүрхээ тайвшруулж өөртөө анхаарахыг зөвлөе. Зүрх сэтгэлээ баярлуул, хөгжилд, дуртай зүйлсээ хий. Ингэснээр эрч хүч тань сэргэж бүх зүйл сайхан болох болно. Угаас ирэх сард та бүхний төрсөн өдөр тохиож амьдралд тань олон өөрчлөлтүүд өрнөх тул үүнээс урьдчилаад сай амарч тайвшран хүчээ сэлбээд аваарай.

8. Хилэнц (10/23-11/21)

Хөөрхөн хилэнтийн ордныхон юунаас айгаад байгаа юм бэ? Гараг эрхсүүдийн дамжуулснаар та бүгд яг одоо ямар нэг зүйлээс ихэд эмээн өөртөө хаалт болох бамбайг босгосон бололтой. Гэхдээ нэг зүйлийг санахад илүүдэхгүй шүү! Юу вэ гэвэл хамгаалалт нь заримдаа хамгаалалт бус хаалт болдог юм. Өөрөөр хэлбэл яг одоогийн та бүгдийн өөртөө хийсэн хамгаалалт тань хүртэх ёстой хайр энэрлээс тань хааж байна. Иймд мягмар гарагт болох бүтэн сарны хиртэлт та бүгдийг бамбайгаа тайлахад, мөн үнэн төрхөө бусдад харуулахад тань тусал үйл явдлыг өрнүүлэх болно. Харин ням гарагт нар жинлүүрийн орд руу шилжсэнээр та бүгдэд хэрэгтэй байсан амралтыг өгнө хэмээлээ. Мөн эл өдөр буюу ням гарагт хайр дурлалыг хариуцагч сугар гараг хилэнцийн орд руу орсноор эв найрамдал, хайр дурлалыг таны амьдралд соронз мэт татах болно.

9. Нум (11/22-12/21)

Энэ долоо хоногт та бүхний амьдралд олон зүйлс тохиох бололтой. Хүмүүсийн жинхэнэ төрх илчлэгдэж, харилцааны тал дээр хүмүүсийг харах өнцөг тань ихээхэн өөрчлөгдөх болов уу. Иймд яаран дүгнэлт хийхээс илүүтэй тэвчээр заан байдлыг ажиглахыг зөвлөе. Ялангуяа энэ долоо хоногт хүмүүстэй маргалдахаас болгоомжлоорой. Мөн мягмар гарагт гэртээ өнжихийг зөвлөж байна. Учир нь эл өдөр бүтэн сар загасны орд руу шилжсэнээр та бүгдийн хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин ням гарагт тохиох шилжилтийн өдөр цаг заваа найз нөхөд, хоббиндоо гаргах боломж бүрдэх болно. Мөн хайр дурлалыг эрхшээгч сугар гараг ням гарагт хилэнцийн орд руу шилжсэнээр таны сэтгэл зүй өнгөрсөн үеийн түүтгэрээсээ чөлөөлөгдөх болно гэлээ. Иймд одоо цагтаа төвлөрч, өөрийгөө хайрлаарай.

10. Матар (12/22-1/19)

Юм бүхэн зүй тогтол, өөрийн гэсэн мөчлөгтэй. Гараг эрхсийн хөдөлгөөн, улирлын шилжилт, он цаг гээд энэ ертөнцөд хувьсан өөрчлөгдөхгүй юм гэж үгүй билээ. Иймд өөрийн бодлоос илүүтэй орчлон ертөнцийг хүндэтгээрэй. Мөн аливааг харах өнцгөө хэзээ ч бүү хязгаарла хэмээн гараг эрхсүүд дамжууллаа. Мөн үүнтэй холбоотойгоор мягмар гарагт тохиох бүтэн сарны хиртэлт та бүгдийн амьдралыг харах өнцөг, итгэл үнэмшилд нөлөөлөхүйц томоохон үйл явдлыг илгээх аж. Иймд энэ долоо хоногт ажиглагч байхыг зөвлөе. Бүх зүйлийг анзаар. Навчис хэрхэн өнгөө хувиргаж байгааг, хүмүүсийн сэтгэл хөдлөл, юмсын өөрчлөлтийг чин сэтгэлээсээ анзаарч өөрийгөө болон бусдыг хайрлаарай.

11. Хумх (1/20-2/18)

Энэ долоо хоног та бүгд харилцаа холбооны хувьд ихээхэн адал явдлуудыг туулах бололтой. Ялангуяа мягмар гарагт тохиох тэргэл сарны хиртэлт таныг хүрээлэгч хүмүүсийг эмхэтгэхэд нөлөөлөх болно. Иймд энэ долоо хоногт хэн нэгэнтэй харилцаа холбоогоо таслах болон шинээр нөхөрлөл үүсгэх зэрэг зүйлс тохиолдож магадгүй. Иймд өөрчлөлтөөс айж, түгшилгүй анхаарлаа өөрт хандуулахыг зөвлөж байна. Мөн ням гарагт эхэлж буй жинлүүрийн ордны энергийг ашиглан сониуч зангаа өдөөж, дуртай зүйлээ хийгээрэй.

12. Загас (2/19-3/20)

Та бүхний ордод 2016 оноос хойших анхны сар хиртэлт тохиож байна. Иймд энэ долоо хоногт өнгөрсөн үеэ эдгээж, одоо цагт итгэхийн зэрэгцээ өөрийн мөн чанарыг анирдан сонсоорой. Яг одоо та амьдралынхаа ямар мөчлөгт явж байна вэ? Зөв газраа байна уу? зэргээ ухамсарлах цаг ирлээ. Угаас ням гарагт хэлэх жинлүүрийн улирал та бүгдийг өөрөө өөртэйгөө ярилцахад, дотод сэтгэлээ анирдахад туслах болно. Мөн эл өдөр хайр дурлалыг эрхшээгч сугар гараг хилэнцийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын харилцаанд гэнэтийн өөрчлөлт, өрнөл тохиохыг сануулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.14.1
ЗОЧИН\13.212.227.113