UBLife Logo
Спорт

Дэвид де Хеа хоёр торгуулийн цохилт хааж, баг нь “Милан”-ыг хожлоо

Дэвид де Хеа хоёр торгуулийн цохилт хааж, баг нь “Милан”-ыг хожлоо

“Манчестер Юнайтед” клубийн хаалгач асан Давид де Хеа энэ зун Италийн “Фиорентина” клубтэй нэг жилийн гэрээг үзэглэсэн билээ. 33 настай түүний хувьд, 2023 оны зун Улаан чөтгөрүүдийг чөлөөт агентийн хувиар орхиж, энэ намрыг хүртэлх 15 сарын туршид ажилгүй байсан юм.

Ням гарагийн үдэш Италийн Серие А лигийн 7-р тойрогт явагдсан “Фиорентина” болон “АС Милан” багуудын тоглолтод Давид де Хеа дэлхий дахинаа бишрүүлсэн мэдрэмжтэй хаалтуудыг гүйцэтгэж, ур ухаанаа ахин нэгэнтээ гайхуулав.

Тэрбээр эхний хагаст Тео Эрнандесийн торгуулийн цохилтыг хаасан бол хоёрдугаар хагаст Тэмми Абрахамын торгуулийн цохилтыг мөн л амжилттай хаасан юм.

Харин талбайн эздээс Ясин Адли, Альберт Гудмундссон нар гоолдсон бол “Милан”-аас Кристиан Пулисич гоол оруулсан.

Түүнчлэн “Милан” багийн хаалгач Майк Майннан эхний хагаст Мойзе Кийний торгуулийн цохилтыг хаав.

Гэхдээ энэ тоглолтын шилдгээр гарцаагүй хоёр торгуулийн цохилтыг хаасан Давид де Хеа нэрлэгдсэн юм.

“Фиорентина” клубийн хувьд, энэ улирлын Серие А лигт хоёр дахь хожлоо тунхагласан нь энэ. Тэд 7-р тойргийн дараах байдлаар 10 оноог цуглуулж, хүснэгтийн 11-р байрт бичигдэж байна.

Италийн лигийг “Наполи” клуб 16 оноотойгоор тэргүүлж байгаа бол тэднээс хоёр онооны дутуу “Интер” 2-р байрт жагсаж байгаа юм.

Де Хеа “Манчестер Юнайтед” клубт 12 жилийг өнгөрүүлэхдээ ердөө долоон удаа торгуулийн цохилт хаасан байдаг.

Сонирхолтой нь, Серие А лигийн тоглолтод хоёр торгуулийн цохилт хаасан хамгийн сүүлийн хаалгач нь Федерико Марчетти бөгөөд тэрбээр 2016 онд явагдсан “Карпи” болон “Лацио” клубүүдийн тоглолтын үеэр эл амжилтаа бүртгүүлсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.