UBLife Logo
Спорт

Улирлыг төгс эхлүүлсэн “Байерн” сүүлийн гурван тоглолтодоо дараалан оноо алдлаа

Улирлыг төгс эхлүүлсэн “Байерн” сүүлийн гурван тоглолтодоо дараалан оноо алдлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Германы Бундес лигийн 6-р тойргийн тоглолтууд явагдав.

Хүснэгтийг тэргүүлэгч “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт “Айнтрахт Франкфурт”-ын талбайд зочилж, 3:3-аар тэнцлээ.

“Байерн”-ы хамгаалагч Ким Мин Жае 15 дахь минутад тооны харьцааг нээсэн бол Омар Мармоуш, Уго Экитике нар дараалан гоолдож, 35 дахь минут гэхэд тоглолтын давамгайлал “Франкфурт”-ын талд эргэв. Гэхдээ үүнээс ердөө 3 минутын дараа Дайот Упамекано гоолдож, эхний хагас 2:2 харьцаатайгаар өндөрлөсөн юм.

Улмаар хоёрдугаар хагаст “Кристал Палас”-ийн жигүүрийн тоглогч асан Майкл Олисегийн гоол зочдын талд тэргүүллийг авчирах нь тэр. Харин энэ үдэш багийнхаа эхний гоолыг оруулсан Омар Мармоуш 90+4 дэх минутад ахин гоолдсоноор “Байерн” шүүгчийн мэдлийн цагт оноо алдсан юм.

“Байерн” Винсент Компанигийн удирдлага дор энэ улирлыг төгс эхлүүлж, эхний зургаан тоглолтодоо дараалан хожоод байсан ч, харин Аваргуудын лиг болон Бундес лигийн хүрээнд хийсэн сүүлийн гурван тоглолтодоо дараалан оноо алдав.

Тэд өнгөрсөн улирлын Бундес лигт хожигдолгүй түрүүлсэн “Леверкузен” болоод “Айнтрахт Франкфурт” багуудтай тэнцсэн бол Аваргуудын лигт Английн “Астон Вилла”-д 1:0 харьцаатайгаар хожигдсон билээ.

Египет довтлогч Омар Мармоушийн хувьд, Бундес лигийн сүүлийн таван тоглолтод дараалан гоолдсон нь энэ бөгөөд тэрбээр эдгээр тоглолтуудад 8 гоолыг оруулсан амжилтаараа Германы лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

Харри Кэйн сүүлийн гурван тоглолтодоо дараалан гоол оруулж чадаагүй ч, Олисед гоолын дамжуулалт өгснөөр Бундес лигийг гоолын дамжуулалтаар тэргүүлж байгаа юм.

“Байерн” Бундес лиг дэх тэргүүллээ хадгалж үлдсэн бол ням гарагт “Хайденхайм”-ыг 1:0-ээр буулгаж авсан “РБ Лейпциг” тэдэнтэй оноо тэнцсэн ч, гоолын зөрүүгээр хүснэгтийн дэд байрт бичигдэж байна.

Харин “Франкфурт” лигийг тэргүүлэгчдээс нэг онооны дутуу гуравдугаар байрт жагсаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.