UBLife Logo
Улс төр

Сингапурыг үндэслэгч Ли Куан Югийн хүүхдүүдийн ээдрээт зөрчил

Ж.Хулан
Ж.Хулан
Сингапурыг үндэслэгч Ли Куан Югийн хүүхдүүдийн ээдрээт зөрчил

Сингапурыг дэлхийд тэргүүлэгч улс орон болгоход гол үүрэг гүйцэтгэсэн, тус улсыг үндэслэгч гэгддэг Ли Куан Ю 2015 онд таалал төгссөн билээ. Түүний бүрэн эрхийн дараа тус улсын Ерөнхий Сайдаар Го Чок Тон 14 жил ажиллаж, улмаар Ли Куан Югийн том хүү Ли Сиен Лун 20 жил Ерөнхий Сайдаар ажиллаж байгаад энэ онд албаа хүлээлгэж өгсөн. 

Ли Куан Ю гурван хүүхэдтэй. Ууган хүү Ли Сиен Лун, дунд охин Ли Вэй Лин нь энэ сард зуурдаар нас барсан бол отгон хүү Ли Сиен Ян нь Их Британиас улс төрийн орогнол хүссэн талаарх мэдээлэл саяхан гарснаар олон жил энэ гэр бүлийг тойрсон маргаантай асуудал эргээд олны анхаарлыг татаад байна. 

Ли Сиен Лун, Ли Сиен Ян нарын зөрчил 2017 оноос хойш олон нийтэд ил өрнөж, талийгаач эцгийнх нь гэрээслэл, улс төрийн ялгаатай үзэл баримтлалаас үүдэн улам хүндэрчээ. 

Ли Сиен Ян гэж хэн бэ?

Тэрбээр 1957 оны 9-р сарын 24-нд Сингапурын нэрт удирдагч Ли Куан Югийн бага хүү болон мэндэлжээ. Сингапурын нэр хүндтэй Ерөнхийлөгчийн тэтгэлэг болон Сингапурын Зэвсэгт хүчний гадаад тэтгэлгээр Кембрижид суралцсан бөгөөд үүнээс өмнө Католик ахлах сургууль, Үндэсний бага коллеж зэрэг бүхий л шилдэг сургуулиудад боловсрол олж авчээ. 

Түүний үндсэн мэргэжил инженер бөгөөд давхар мэргэжил эзэмшиж, улмаар Стэнфордын их сургуульд Менежментийн магистрын зэрэг хамгаалсан.

Цэрэг армийн салбарт ажиллаж, бригадын генерал цол хүртэл дэвшсэн тэрээр удалгүй карьерын замналаа өөрчилж хувийн хэвшилд ажиллах болсон байна. Ли Сиен Ян 1995-2007 онд Сингапурын цахилгаан холбоо (Singtel) компанийн Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд энэ хугацаанд “Singtel” нь Азийн хамгийн том харилцаа холбооны компаниудын нэг болж чадсан. 

Сингапурын хувийн хэвшил, бизнесийн салбарт маш амжилттай ажилласан тэрбээр удирдагч Лигийн хүү гэхээс илүүтэй өөрийн гэсэн манлайллыг бүтээж чадсанаараа олонд хүндлэгдэж байв. Гэсэн хэдий ч Ли Сиен Лун буюу саяхныг хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байсан ахтайгаа муудалцсан нь түүний амьдралын замыг эрс өөрчилсөн юм.

Лигийн гэр бүлийн маргаан юунаас үүдэлтэй вэ?

Ли Сиен Ян болон түүний дүүгийн хоорондын маргаан 2015 онд эцэг Ли Куан Юг нас барсны дараа эхэлсэн. Маргааны гол учир нь Ли Куан Югийн эцсийн гэрээслэл, тэр дундаа Сингапурын Оксли Роуд 38 хаягтай гэр бүлийн байшингийн талаарх түүний үлдээсэн заавар байсан юм. 

Лигийн гэр бүл энд олон жил амьдрахын сацуу доод давхарт нь өнөөгийн Сигнапурын эрх баригч Ард түмний үйл хэрэг (People’s Action Party) намын анхны уулзалтууд явагдаж, бүхий л яриа хэлэлцээр өрнөдөг байсан гэдэг.

Ли Куан Ю түүнийг нас барсны дараа байшинг нураах ёстой гэж гэрээсэлсэн бөгөөд түүний бага хүүхдүүд болох Сиен Ян болон түүний эгч Вэй Линг нар ёсоор болгож хүндэтгэл үзүүлэхийг хүсжээ. Гэсэн хэдий ч тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ли Сиен Лун уг байшинг Үндэсний дурсгалт газар болгон хадгалахыг санал болгов.

Ли Куан Югийн ганц байшин маргааны сэдэв болоход өчүүхэн мэт боловч уг байшингийн түүхэн ач холбогдол, үзэл санааны бэлгэдлийн хувьд ихийг өгүүлдэг. Лигийн гэр бүл энд олон жил амьдрахын сацуу доод давхарт нь өнөөгийн Сингапурын эрх баригч Ард түмний үйл хэрэг (People’s Action Party) намын анхны уулзалтууд явагдаж, бүхий л яриа хэлэлцээр өрнөдөг байсан гэдэг. Харин Ли Куан Ю үүнийг түүхэн дурсгал гэж харахаас илүүтэй улс оронд тийнхүү бурханчлан шүтэх, улс төрийн бэлгэдэл шаардлагагүй гэж үзэж байсан тул нас барсных нь дараа байшинг нураах ёстой гэдгийг Засгийн газрын түвшинд бичгээр хүргэж, олон нийтэд захиж, гэрээслэл ч үлдээж байв. 

Гэвч энэ гэрээслэлийг биелүүлэхгүй явсаар 2017 онд Сиен Ян, Вэй Линг нар ахыгаа эрх мэдлээ урвуулан ашиглаж байшинг нураахад саад учруулсан гэж ил тодоор буруутгаж эхлэв. Тэд Ли Сиен Лун эцгийнхээ өвийг улс төрийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж, улс төрийн хаант улс байгуулах амбицтай байсан гэж мэдэгджээ.

Түүнчлэн ахынх нь тэргүүлсэн Засгийн газар өөрсдийнх нь эсрэг ажиллаж байна гэж мэдэгдсэн боловч Сиен Лун болон Сингапурын Засгийн Газар үүнийг удаа дараа няцааж байв. 

Энэ зөрчил гүнзгийрэхийн хэрээр Сиен Ян болон түүний эхнэр Лим Суэт Ферн нарт хуулийн хүрээнд том, жижиг “хэргүүд” үүсэж эхлэв. Шүүх хуралдаанд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, хүү Ли Шенг Вугийн Фейсбүүк дэх пост нь шүүхийг үл хүндэтгэсэн зэргээр эзгүйд нь ял оноож байв. 

Улмаар Ли Сиен Ян гэр бүлийн хамт Сингапурыг орхиж Европын орнуудаар амьдарч байгаад төдөлгүй Их Британид суурьшжээ. Харин түүний эгч Ли Вэй Линг 2024 оны 10-р сарын 9-нд нас барах хүртлээ гэр бүлийн байшиндаа үргэлжлүүлэн амьдарсан.

Ли vs Ли

Зүүн гар талаас Ли Сиен Ян, Ли Сиен Лун

Ли Сиен Ян төрөлх гэрээ орхих хүртлээ Сингапурын улс төрд оролцож, улс төрийн байр сууриа хүчтэй илэрхийлж байв. Эцгийнх нь үндэслэж, ах нь удирдаж асан Ард түмний үйл хэрэг (PAP) намын хэт давамгайллыг шүүмжилж, “замаа алдсан” гэж мэдэгдэхийн зэрэгцээ өөрөө Сингапурын дэвшилтэт намд (PSP) элсэв. 

Идэвхтэй улс төрийн үйл ажиллагаа явуулж 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ч магадгүй гэж яригдаж байсан түүний замналд өөрийн болон эхнэрийнх нь эсрэг үүсгэсэн “хэргүүд” саад болсон юм. Тухайн үед ах Ли нь Ерөнхий Сайд байсан бөгөөд хэрэв тэр Ерөнхийлөгч болбол аливаа хуульд хориг тавих, улсын төсвийг ёсчлох гэхчлэн олон эрх мэдлийг гартаа авах байв. 

Ли Сиен Ян яагаад Их Британид орогнол хүссэн бэ?

Тэрбээр 2022 онд мэдэгдэхдээ Сингапурын Засгийн Газраас түүнийг олон жилийн турш хавчин гадуурхаж, хуулиар далайлган дарамталж байгаа гэсэн юм. Ийнхүү Их Британиас орогнол хүсжээ. 

Улмаар хэдхэн хоногийн өмнө өөрийн Фейсбүүк хуудастаа “НҮБ-ын Дүрвэгсдийн конвенцын дагуу би Сингапураас дүрвэгчийн статустайгаар Их Британид орогнож байна. Ах Сиен Лундаа ахын хувьд ч, улс орны удирдагчийн хувьд итгэхгүй байна. Хүүг маань яллагдагчаар татаж, эхнэрт маань ял оноож, урт хугацааны хуурамч мөрдөн байцаалт явуулсаар байгаа нь түгшүүр төрүүлж байна. Тийм ч учраас энэ сард таалал төгссөн эгчийнхээ салах ёс хийх арга хэмжээнд оролцож, сүүлчийн замд нь үдэж чадсангүй.

Гэхдээ би Сингапурын иргэн хэвээр байгаа. Сингапур миний төрсөн нутаг, төрөлх гэр орон. Хэзээ нэг өдөр би айх аюулгүйгээр эргэн очно гэдэгтээ найдаж байна” гэжээ. 

Мөн “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа Сингапурын Засгийн газрыг олон улсын санхүүгийн харилцаанд гүйцэтгэж буй үүргийг шүүмжилж, зэвсгийн худалдаа, мөнгө угаах зэрэг хууль бус гүйлгээг зогсоох арга хэмжээ авахгүй байна гэжээ. Улмаар олон улсын байгууллагууд Сингапурын санхүүгийн үйл ажиллагааг илүү нягт нямбай шалгах ёстой гэдгийг цохон тэмдэглэв. 

Харин үүний хариуд Сингапурын Засгийн газар бүх мэдэгдлийг няцааж, Лигийн мэдэгдлийг "үндэслэлгүй" гэж тодотгожээ. Түүнчлэн Ли Сиен Ян болон түүний гэр бүлийг Сингапур руу буцаж ирэхэд нь ямар нэгэн хууль эрх зүйн хязгаарлалт байхгүй гэв. 


Ийнхүү Лигийн гэр бүлийг тойрсон зөрчил, маргаан шийдэгдээгүй хэвээр байна. Хамгийн сүүлд дунд охин Ли Вэй Линг нас барахынхаа өмнөхөн эцгийнхээ хүслийн дагуу байшинг нураах хүсэлтийг гаргажээ. Гэвч Засгийн Газраас эцсийн шийдвэр гаргаагүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.179.48.193
ЗОЧИН\54.169.165.5