UBLife Logo
Байгаль орчин

Ой моддыг хөнөөлт шавжаас хамгаалж буй “Эрүүл ой” төслөөс онцлох 5 БАРИМТ

Ой моддыг хөнөөлт шавжаас хамгаалж буй “Эрүүл ой” төслөөс онцлох 5 БАРИМТ

Байгаль эхдээ хайртай, ой модоо хайрлан хамгаалахыг хүсдэг хэн бүхэнд дуулгах сайхан мэдээ бидэнд байна. Монгол орны ойн санг хамгаалахаар Рио Тинто Монгол компани, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байгааг дуулсан уу? Төслийн хамт олон 2023 оны тавдугаар сараас ойн хөнөөлт шавжийн тоо толгойг бууруулах тэмцлийн ажлыг өрнүүлж, 2 жилийн хугацаанд нийт 300 мян.га талбай дах ой модыг аюулаас аварчээ.

Бид “Эрүүл ой” төслөөс юу юу мэдэх хэрэгтэй гээч?

1. Монгол оронд 730-аад төрөл зүйлийн хөнөөлт шавж бий

Ойн газрын мэдээлснээр Монгол орны нийт газар нутгийн 8.02 хувийг ойгоор бүрхсэн талбай эзэлдэг. Ой модонд модны аль нэг эд эрхтнээр хооллодог 730-аад зүйлийн шавж бийгээс 40 гаруй нь ойн хөнөөлт шавж байдаг гэж хэвлэлийн мэдээнүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Хөнөөлт шавжийн нэг эмэгчин нь 250-500 орчим өндөг гаргаж, тоо толгой нь хэт олширсон үедээ эрүүл ой руу нүүдэллэн хурдан хугацаанд тархдаг нь үнэхээр л аюултай байгаа биз? “Эрүүл ой” төслөөр 3 зүйлийн хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулж, хэвийн байдалд оруулж чадсан.

2. Хөнөөлт шавжийн тоо толгойг нь зохистой хэмжээнд барих нь чухал

Хөнөөлт шавж маш богино хугацаанд асар хурдан үржиж, ой модыг хөнөөх аюултай учир “Эрүүл ой” төслийн баг тоо толгойг нь зохистой хэмжээнд барихаар био эмчилгээний бэлдмэлийг ашиглаж байна. Био бэлдмэл нь хүн амьтан, ургамалд хор хөнөөлгүй зөвхөн хөнөөлт шавжид нөлөөлдөг онцлогтой. Онгоцоор цацалт хийж, онгоц нисэх боломжгүй нутаг дэвсгэрт үүргэн шүршигч ашиглан газраар тэмцлийн ажлыг өрнүүлжээ.

3. 1.1 тэрбум ой модыг авран хамгааллаа

Монгол орны 1 га талбайд дунджаар 3 мянга /500 гаруй том мод, 2500 гаруй өсвөр мод/ гаруй мод байдаг бол “Эрүүл ой” төслийн хүрээнд 300 мян.га ойн сан дахь 1,1 тэрбум гаруй модыг хөнөөлт шавжаас авран хамгааллаа. Ингэхдээ хамгийн ихээр хөнөөлт шавжид нэрвэгдээд байсан Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Төв аймаг болон Улаанбаатар хотын ногоон бүс, Богд уулын дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ой модонд тэмцлийн ажлыг голчлон хийжээ.

4. Олон улсын стандарт бүхий “EarthRanger” платформ Монголд нэвтэрлээ

Технологийн шийдэлд суурилсан ойн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор дэлхийн 50 гаруй улс орны 180 гаруй дархан цаазат нутаг дэвсгэрт ашигладаг, хиймэл оюун ухаанд суурилсан “EarthRanger” платформыг Монголд нэвтрүүллээ. Уг платформ нь ойн хөнөөлт шавжийн тархалтын судалгаа хийхэд ойн мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна ойн түймэр, ойжуулалт, зохион байгуулалтад бодит ач тустай юм.

5. Ирээдүйн боловсон хүчин, ойн мэргэжилтнүүд хамгийн чухал

Одоо байгаа ойн сангаа хамгаалахын зэрэгцээ ойн нөөцийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад ойн эмч, ойн инженер зэрэг чадварлаг боловсон хүчин хамгийн чухал. Тиймээс төслийн хүрээнд Монголын ойн мэргэжилтнүүд АНУ-д туршлага судалж, судлаач оюутнуудад хөнөөлт шавжийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны тэтгэлэг олгон дэмжлэг үзүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.