Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн энэ улирлын солилцооны томоохон дуулианы эзнээр А.Базаргүр тодорсон.
Тэрбээр “Эйпс” багаас “Сэлэнгэ Бодонс” руу 120 сая төгрөгөөр буурь сэлгэсэн юм. Түүнчлэн “Сэлэнгэ Бодонс” багийн зүгээс түүнтэй 450 сая төгрөгийн цалин бүхий гурван жилийн гэрээг үзэглэсэн гэх шуум ч цацагдаад амжсан.
Волейболын Үндэсний дээд лигт түрүүлээд амжсан тэрбээр харин сагсан бөмбөгийн төвийн байрлалд тоглодог бөгөөд самбараас бөмбөг авсан үзүүлэлтээрээ Дээд лигийн эхний эгнээнд эрэмбэтэй тоглогч.
“Сэлэнгэ Бодонс” багийн зүгээс аравдугаар сарын 26-ний өдөр Дархан хотноо явагдсан Дээд лигийн аялан тоглолтын дараагаар бусад багийн тамирчидтай зодолдсон гэх үндэслэлээр А.Базаргүрийн нэг сарын цалинг хасч, түүнд хоёр сарын хугацаанд арын албаны ажлыг цалингүй гүйцэтгэх сахилгын шийтгэл оногдуулжээ. Харин давтан зөрчил гаргасан тохиолдолд багийн зүгээс түүнтэй үзэглэсэн гэрээгээ цуцлана гэж анхааруулав.