Саудын Арабын Хааны цомын төлөөх тэмцээний шигшээ 16-гийн шатнаа “Аль-Насср” болон “Аль-Таавун” багууд учраа таарч, мягмар гарагт тоглолоо.
Тоглолтын 71 дэх минутад “Аль-Таавун” клубээс Валид Аль-Ахмед булангаас ирсэн дамжуулалтыг мөргөж тооны харьцааг нээсэн.
Харин тоглолтын сүүлийн минутад Криштиано Роналдуд багаа аварч, тоглолтод үлдээх боломж олдсон нь торгуулийн цохилт байлаа.
Өнгөрсөн баасан гарагт Про лигт “Аль-Холоод”-ын эсрэг тоглолтын сүүлчийн минутад Андерсон Талиска яг ийм нөхцөл байдлаас торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэж, багаа хожигдлоос аварсан билээ.
Харин энэ удаад Роналду бөмбөгийг хөндлөвчний дээгүүр цохиж, “Аль-Насср” клуб Саудын Арабын Хааны цомын төлөөх тэмцээнээс мултарлаа.
Энэхүү таагүй үр дүн Итали дасгалжуулагч Пиолиг багагүй түгшээж, багийнх нь дотоод хямралийг нээн харуулав. Тэдэнд авьяас чадвар дутмаг гэх үндэслэл байхгүй, харин шинэ санаа, арга барилаар дутагдаж байна. Роналду, Марсело Брозович, Садио Мане нарын довтолгооны шилдгүүдийг хэрхэн тоглуулах вэ гэдэг толгой өвтгөсөн асуудлаа цэгцлэх эр зориг үгүйлэгдэж байна.
Роналду ч гэсэн торгуулийн цохилт алдсан тул хөгжөөн дэмжигчдийн уур хилэн, хатуу ширүүн шүүмжлэлээс зайлах аргагүй боллоо.
Баасан гарагт Про лигийг тэргүүлэгч “Аль-Хилал” багтай хийх чухал тоглолт тэднийг хүлээж буй. Хэрэв энэ тоглолтод “Аль-Насср” ялагдал хүлээвэл тэргүүлэгчдээс 9 оноогоор хоцорч, Про лигийн дөрөвдүгээр байр руу ухрах эрсдэлтэй байгаа юм.