Өчигдөр Албанийн нийслэлд чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн барилдаан эхэллээ. Мэдээж бөх сонирхогчид Оросын Абдулрашид Садулаев, АНУ-ын Дэвид Тейлор хоёрын барилдааныг тэсэн ядан хүлээж байсан ч өрсөлдөөн гарсангүй. Дагестан танк өрсөлдөгчөө няц дарлаа.
Харин Садулаевыг сандаргасан ганц хүн бол Ираны Камран Гасемпур байв. Барилдаан дуусахад хэдхэн секунд дутуу байхад иран залуу 3:1 тэргүүлж яваад дөрвөн оноо алдаж, харамсалтай ялагдсан.
Хөнгөн жингийн Завур Угуев Японы Масаносүкэ Онод ялагдаад, дээр нь гэмтсэн бол АНУ-ын Барроуз мөн ялагдаад ДАШТ-ээ дуусгалаа. Масаносүкэ Оно АНУ-ын азербайжан гаралтай Виталий Оруджевийг ч бут ниргэж, энэ ДАШТ-ий хамгийн хурц одоор шалгараад байна.
Алтан медалийн төлөөх барилдаан
61 кг. Ахмет Думан (Турк) - Масаносүкэ Оно (Япон)
70 кг. Ёшиносүкэ Аояги (Япон) - Нуркожа Кайпанов (Казахстан)
79 кг. Автандил Кенчадзе (Гүрж) - Магомед Магомаев (ОХУ)
92 кг. Абдулрашид Садулаев (ОХУ) - Мириани Майсурадзе (Гүрж)
Эрэгтэй 61 кг-д Ц.Цогбадрах тун сайхан барилдаж, хүрэл медалийн төлөө шалгараад байна. Тэрээр эхлээд Арыйян Тютринийг (Беларусь) 2:1 ялсан. 1/8 финалд Киргизийн Тайырбек Жумашбек Уулуг 3:0, 1/4 финалд Ираны Реза Хоссейн Момениг 3:1 ялж, хагас шигшээд шалгарсан. Харин хагас шигшээд Туркийн Ахмет Думанд 1:3 ялагдсан юм.
70 кг-д Э.Тэмүүлэн эхний тойрогт Тажикстаны Абдулмажид Кудиевт 0:11 ялагдлаа.
79 кг-ын жинд О.Сүлдхүү ОХУ-ын Магомед Магомаевт 12:0 хожигдлоо. Орос бөх финалд шалгарсан тул дагах барилдааныг Азербайжаны Абасовтой хийнэ.
92 кг-д Г.Ганхуяг эхлээд Польшийн Цезарь Садовскийг 5:0 ялсан. Дараа нь Канадын Эндрю Жонсоныг 6:0 яллаа. Ингээд Италийн Бенжамин Хонист 5:7 ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.