Боксын дэлхийн цомын тэмцээн Их Британий Шейфилд хотноо арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ний өдрүүдээр явагдаж байна.
Эл тэмцээнд Монголын есөн ширэн бээлийтэн хүч сорьж буй юм.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд тулалдсан ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг Өмнөд Солонгосын Мун Гаёоныг ялж, шигшээ наймын шатнаа Японы Шинохара Хикаруд ялагдлаа.
54 кг-д өрсөлдсөн Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн эхний шатнаа гоц мөргөж, Италийн Олена Савчукийг буулгаж авснаар хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрээр мөнгөн медалийн төлөө Өмнөд Солонгосын Им Ажитай тулалдана.
57 кг-д хүч сорьсон дэлхийн цомын тэмцээний 2022 оны аварга Э.Мичидмаа эхний тулаандаа Японы Ёшизава Сацүкид хожигдов.
60 кг-ын жинд тулалдсан эл тэмцээний өнгөрсөн жилийн аварга М.Намуун Японы Аяка Тагучид ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн 51 кг-д тулалдсан 2023 оны насанд хүрэгчдийн Улсын АШТ-ий мөнгөн медальт А.Баттулга эхний тойрогтоо гоц мөргөж, Өмнөд Солонгосын Юүн Тэгеүнийг буулгаж авснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрээр мөнгөн медалийн төлөө Панамын Льюис Пачаятай өрсөлдөнө.
57 кг-ын жинд хүч сорьсон Х.Билгүүнсайхан шигшээ наймын шатнаа Японы Шудай Харадад ялагдав.
Мөн эл жинд тулалдсан Монгол улсын аварга Д.Ганболд Хятадын Чен Жинлиньд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
63.5 кг-ын жинд хүч сорьсон 2022 оны дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт Т.Энхтөр эхний тойрогтоо гоц мөргөж, Английн Камерон МакКэйг ялснаар хүрэл медалийн болзол хангав.
Тэрээр хагас шигшээ шатнаа Бразилийн Луис Феррейратай тулалдана.
71 кг-д тулалдсан ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт Тайландын Шансомыг буулган авсан ч, шигшээ наймд Английн Одел Камарад ялагдлаа.