БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл ердөө хагас цагийн өмнө телевизийн гэнэтийн мэдэгдэл хийж улс орон даяар онц байдал зарлах болсныг мэдэгдлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Хойд Солонгосын коммунист хүчнээс улс орноо хамгаалах, төрийн эсрэг этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоохын тулд өөр аргагүй” гэсэн байна.
Сүүлийн үед Солонгосын парламентад хүчтэй хэлэлцүүлгүүд өрнөж сөрөг хүчин Ардчилсан намаас улсын дээд түвшний прокуроруудад хариуцлага хүлээлгэх, Засгийн Газрын төсвийг эсэргүүцсэн байр сууриуд гарах болсон. Харин эдгээрийг Ерөнхийлөгч Юн Сок Ёл улс орны эсрэг үйлдэл хэмээн үзэж байх магадлалтай байна.
БНСУ-ын мэдээллийн төв агентлаг “Yonhap”-ийн мэдээлснээр сөрөг хүчин Ардчилсан намын тэргүүн И Жэ Мён онц байдал зарласан нь хууль бус үйлдэл гэжээ. Мөн Ерөнхийлөгчийн төлөөлдөг Ард түмний хүч намын дарга Хан Дон Хун энэ мэдэгдлийг “буруу” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Одоогоор Солонгосын парламентад нэвтрэх боломжгүй байгаа бөгөөд гишүүд ордон руу орж чадахгүй байгааг “Yonhap” мэдээллээ.