UB.LIFE сайт загвар, өдөр тутмын хувцаслалт, онцгой содон талаа бусадтай хуваалцах боломжтой "THE LOOKBOOK" булангаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочдоор хуучны классик, 80, 90-ээд оны ретро хэв маягын хувцаслалтаар өөрсдийн дотоод ертөнцийг илэрхийлэн харуулдаг залуусыг урин оролцуулж, @retro_zone_concept_space-т зураг авалтаа хийлээ. Тод өнгөөр тоглох дуртай Г.Бөртэ-Үжин, цэгцтэй классик байдлыг илүүд үздэг Ш.Лхагвахүү, имиджмейкер, ретро соёлыг түгээгч Ц.Нямдулам нартай танилцана уу.
Г.Бөртэ-Үжин @bvjjin
-Хувцаслалтдаа юуг хамгийн чухалчилж авч үздэг вэ?
- Өнгөний зохицол, хувцасныхаа хэлбэр, харьцааны тэнцвэртэй байдал.
-Хувцасны шүүгээнд тань заавал байх ёстой зүйл юу вэ?
- Цагаан хар футболк, гоё өнгийн алчуур, бандана.
-Яг одоо хамгийн таалагдаж буй хувцасны брэнд, чиг хандлагаасаа хуваалцвал?
- Сүүлийн үед загварын нөлөөлөгчид улаан, шар, ногоон өнгөөр тоглолт хийж, олон төрлийн хээ оруулж байгаа нь их таалагдаж байгаа.
-Хувцаслалтын хувьд үлгэр жишээ, сэдэл авдаг алдартан бий юу?
- @rovvxhyo @lottastichler @isismarianiedecken
-Таны хувцасны шүүгээнд байгаа хамгийн содон түүхтэй хувцас юу вэ?
Би 9-р ангидаа “суга” өсөөд, эгч нарынхаа хувцаснаас өмсдөг болсон. Миний мэдэхээр тэр үеэс л энэ бөмбөлөгтэй юбкаг өмсөөд бараг 8,9 жил элээчихжээ. Тэрнээс хойш зарим хэсгээрээ сэмэрч, зууханд нэг түлж, хоёр гурван дусал цайруулагч дээр нь асгачихсанаа хумьж оёод, жаахан томддогийг нь сүлбээр зүүгээр сүлбэчхэв. Одоог хүртэл өмсөх дуртай. Хаях гэхээр тийм сэтгэл төрдөггүй, энэ муудсан юбканд эгч нартайгаа, найзуудтайгаа, аав ээжтэйгээ, нандин хүмүүстэйгээ өнгөрүүлсэн олон дурсамж хадгалагдан үлдэж дээ. Надад хоёр эмээгээс минь үлдсэн хувцас бараг байдаггүй. Гэсэн ч эмээгээс үлдсэн хувцас ийм л үнэтэй мэдрэмж төрүүлдэг байх даа гэмээр мэдрэмжийг энэ юбканаасаа мэдэрч чаддаг.
Хувцас гэдэг сонин шүү, ингэж хайрлагдсан энэ юбка яг үнэндээ хаанаас хэнээс ирснийг нь бүү мэд ээ. Энэ юбкандаа зориулж аавын хуучин хүрэм, эгчээс эгчид дамжиж, дараа нь надад ирсэн хуучны цүнхийг хослуулав. Бүгд л тус тусдаа сонин содон түүхтэй. Удаан настай учраас ч тэр үү, өнгө зохицол нь таардаг болоод ч тэр үү бие биетэйгээ их сайн хосолдог юм шиг санагддаг. Бас энэ цүнхнээсээ зүүсэн хөөрхөн эсгий зүрх, үсний алчуурыг найз залуу маань өгч байсан гээд л эдэнд ч бас онцгой түүхүүд бий.
-Таны зайлсхийхийг хичээдэг загварын чиг хандлага юу вэ?
- Зузаан ултай спорт пүүз, өөрт зохиогүй их чимэглэл, өнгө, загвартай хувцас юм уу даа.
-Хамгийн онцгүй хувцасладаг олны танил таны бодлоор?
- Жүжигчин Шүүдэрцэцэг.
- Хувцаслалтдаа оруулах хамгийн дуртай өнгө тань юу вэ?
- Ногоон, хөх, улаан.
-Таны гэрээсээ гарахдаа заавал зүүдэг аксессуар юу вэ?
- Надад зүүн гарын дунд хуруунаасаа салгадаггүй ногоон манан бөгж бий. Дараа нь сайн найзын минь бэлэглэсэн, түүний амьдарч байгаа Уэльс улсын далбаатай, сэтгэл хөдлөлөөр өнгө нь хувирдаг бөгж, бас тэр найзтайгаа хосолсон ягаан болор бөгжөө зүүдэг. Хуучны мэдрэмж өгдөг ийм өнгийн, чулуун ээмэг бөгжинд дуртай.
Энэ ээмэг бас найзтай минь хос. Би хараацайтайг найз маань сонотойг авч байсан юм. Сүүлийн үед байнга зүүж байгаа.
Ер нь ээмэг зүүлтээр зогсохгүй тухайн өдрийн хувцаслалтандаа тохирсон нарны шил, алчуур, өнгийн оймс, коллар-зах, цүнхний зүүлт, үсний боолт гээд жижиг сажиг юмнууд цуглуулах их сонирхолтой.
-Юу өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадах вэ?
- Өөртөө зохисон, цэвэрхэн хувцасласан хүнд.
-Худалдаж авсандаа хэзээ ч харамсдаггүй хувцас тань юу вэ?
- Яг энэ хүрмээ авчхаад би энийг авсандаа хэзээ ч харамсахгүй байх аа гэж бодож байсан юм. Энэ тэрүүгээр хэсүүчилж яваад хуучин хувцас зардаг дэлгүүрээс энэ Levi’s-ийн хүрмээ олсон. Бараг цоо шинэ шахуу, дээрээс нь харагдаж байгаагүй содон загвартай. Дээгүүрээ цув шиг, доод хэсгээрээ жийнсэн материалтай, цахилгааных нь улаан оруулга нь их содон хэр нь хажуудаа давхар товчилдог товчтой. Догь байгаа биз! Хотод яг эд бороо ороод цувны улирал эхэлчихсэн байсан юм. Тэгээд л шууд авчихсан. Энэ хүрмийг өмсчихөөр элдэв чимэглэл ч шаардлагагүй санагдаад байдаг юм. Хувцаслалтандаа цаг зав зарцуулаад удаагүй байгаа ч өөртөө таарсан, тохирсон хувцсаа сонгоод сурчихвал мөнгө, цагаа хоосон үрэхгүй юм байна гэдэгт сүүлийн үед илүү суралцаж байна. Өөрийнхөөрөө хувцаслахад жаахан л хичээл зүтгэл хэрэгтэй юм байна лээ. Жаахан хайх, жаахан аз л хэрэгтэй.
Ш.Лхагвахүү @the_lkhagva
-Хувцаслалтдаа юуг хамгийн чухалчилж авч үздэг вэ?
- Ер нь өнгийг их чухалчилдаг. Хэтэрхий олон өнгө эмх замбараагүй харагдаад байдаг тул дээд талдаа 3 өнгө л нэг удаагийн хувцаслалтдаа оруулдаг. Миний ихэнх хувцас хар, цагаан, саарал, олив ногоон өнгөтэй байдаг. Эдгээр өнгө нь хаана ч юун дээр ч тохиромжтой байдаг тул амар, тухтай санагддаг. Хэт их хичээсэн биш цэвэрхэн, даруухан байдалд их дуртай.
-Хувцасны шүүгээнд тань заавал байх ёстой зүйл юу вэ?
- Өмд гэж хэлэх байх. Миний хувьд өмд маш чухал ач холбогдолтой байдаг. Өмд гоё байхад хувцаслалтаа аваад гарчихдаг санагддаг. Тийм болохоор хувцаслахдаа эхлээд өмдөө сонгоод дараа нь бусад хувцсаа тааруулдаг.
-Яг одоо хамгийн таалагдаж буй хувцасны брэнд, чиг хандлагаасаа хуваалцвал?
- Одоо том брэндүүдийн чиг хандлага өмнөх үе рүүгээ шилжиж байгаа гэж бодож байна. Өргөн, хэлхгэр хослол эсвэл өмд цамц гэх мэт. Надад "YSL" брэнд их таалагддаг. Классик загвараа хэдийд ч алддаггүйгээс гадна өнгөний сонголтууд нь сонирхолтой, гоёмсог байж чаддаг гэж бодож байна.
-Хувцаслалтын хувьд үлгэр жишээ, сэдэл авдаг алдартан бий юу?
-”Friends” цувралд маш дуртай. Тийм ч болохоор заримдаа тэдний хувцаслалтуудаас санаа авах үе бий. Албан хувцас ч гэлтгүй тэр үеийн спорт хувцаснууд, өнгөний зохилдоо нь хүртэл цаанаасаа гоё мэдрэмж төрүүлдэг.
-Таны хувцасны шүүгээнд байгаа хамгийн сонин түүхтэй хувцас юу вэ?
-”Bean Pole”-н ноолууран поло цамц байдаг юм. Аваад нэг л удаа өмссөн ч дахин огт өмсөөгүй. Учир нь яаж яваад юм мэдэхгүй санаандгүй угаагдаад агшчихсан. Их таалагдаж байсан ч агшчихсан болохоор өмсөж чаддаггүй. Гэхдээ бас хүнд өгч чадахгүй нэг тийм цамц бий. Дархан эрхтэй яаж ч болдоггүй цамц.
-Таны зайлсхийхийг хичээдэг загварын чиг хандлага юу вэ?
-Хэт тод өнгийн эсвэл хэт олон өнгө нэг дор оруулсан хувцаслалт. Миний хувьд нэг тод өнгийн хувцас өмссөн бол бусад нь бүгд нэг өнгийн байлгахыг хичээдэг. Олон өнгө эмх замбараагүй мэт санагдуулдаг.
-Хамгийн онцгүй хувцасладаг олны танил таны бодлоор?
-Хувцас хүнийг өөрийг нь илэрхийлдэг болохоор тэр хүн өмсөөд жаргалтай байж чадаж байвал бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй гэж боддог. Харин ойлгох эсвэл хүндлэх нь зөв байх.
- Хувцаслалтдаа оруулах хамгийн дуртай өнгө тань юу вэ?
-Улирлаас хамаараад зуны улиралд цайвар цэнхэр өнгийг илүүд үздэг бол бусад улиралд ихэвчлэн хар өнгө түлхүү сонгодог.
-Таны гэрээсээ гарахдаа заавал зүүдэг аксессуар юу вэ?
-Бөгж ер нь байнга зүүдэг. Хэт олон байвал бас ихэдчих юм шиг санагдаад нэг л хуруундаа байнга зүүдэг.
-Юу өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадах вэ?
-Эмэгтэйчүүдийн албан хувцас, хослол нүдэнд их тусдаг. Гэхдээ энгийн биш, донжтой, өнгөний зохилдлогоотой байвал илүү их таалагддаг.
-Худалдаж авсандаа хэзээ ч харамсдаггүй хувцас тань юу вэ?
- Хуучны хэв маяг, мэдрэмж маш ихээр өгдөг нь миний хүрэм. Ажлын шугамаар уулзалтанд их явдаг болохоор хааяа хааяа хүрмээ өмсдөг. Өнгө болон загварын хувьд яг л 90-д оныг мэдрүүлж чаддаг.
Ц.Нямдулам @ndnyamdulam
-Хувцаслалтдаа юуг хамгийн чухалчилж авч үздэг вэ?
-Хамгийн эхэнд тухайн хувцас биед эвтэйхэн байх нь чухал. Өмсөхөд л санаанд таарахгүй байвал тэр хувцсаа өмсөхгүй өөр юм сонгосон нь дээр. Яаруу сандруу байснаасаа болоод онцгүй санагдсан ч хамаагүй нэг юм тохоод гарлаа гэж бодоход тэр нь тухайн өдрийг тухгүй болгочих үе байдаг. Хувцас хүний сэтгэл санааг өргөж ч болдог бас унагаж ч болдог чухал зүйл шүү дээ. Хувцаслалтаараа өөрийн мэдрэмжүүдийг илэрхийлж болно.
-Хувцасны шүүгээнд тань заавал байх ёстой зүйл юу вэ?
-Малгай, даашинз, миний дуртай өнгө загвартай хослол, гоё трико
-Яг одоо хамгийн таалагдаж буй хувцасны брэнд, чиг хандлагаасаа хуваалцвал?
-Дийлэнхдээ хуучны загвараар хувцасладаг болохоор яг орчин үеийн тренд болж байгаа чиг хандлагыг сонжих шаардлага бараг гардаггүй. Шинэ юм гэдэг мартагдаад удсан хуучин зүйл гэгчээр дэлхийн загварын том тоглогчид хэдийнээ “ХУУЧИН АВДРАА УУДЛААД” эхэлсэн шүү дээ. Хуучны загварт татагдах содон зүйлс үргэлж байдаг… Яг тренд болж байгаа ямар нэг зүйлээс хэлэх ёстой болбол хүрэн улаан өнгө надад үнэхээр таалагдаж хувцаслалтдаа илүү оруулж байгаа.
-Хувцаслалтын хувьд үлгэр жишээ, сэдэл авдаг алдартан бий юу?
- Өөрийнхөө мэдрэмж сонирхлыг одоо бол илүү сайн мэддэг болсон болохоор хүмүүсээс сэдэл авах шаардлагагүй. Яг 16-22 нас бол одоогийн ND-н их чухал үе байсан. Олон янзын өөр соёлын орчинд ороод ялгаатай байдлуудыг нь хараад өөр өөр мэдрэмж аваад л... Тухайн үед Одри, Твиггиг хараад л биширдэг байлаа даа.
Тэр тусмаа Твигги бол 60-аад оны загварын тод од шүү дээ. Английн соёлын чухал үлгэр жишээ. Маш их нөлөөтэй. Түүнээс гадна модель, жүжигчин, дуучин гээд нэгэн зэрэг олон талаар хөрвөдөг чадварууд нь над шиг олон талт сонирхолтой хүнд бол жинхэнэ "чка" санагддаг байсан. Тиймээс энэ хүмүүсийн нөлөө бий бий…
-Таны хувцасны шүүгээнд байгаа хамгийн сонин түүхтэй хувцас юу вэ?
- Энэ өмссөн байгаа даашинз яг 60-аад оны Твигги стилиэс сэдэл авч загварыг нь гаргаж байсан даашинз л даа. Нэг л удаа өмсчхөөд дахиж өмсөөгүй байж л байсан. Харахаар хайр хүрдэг юм. Түрүү жил “Алтан өргөө” ОУ-н кино наадмыг хөтлөх болоод тэгсэн хүлээн авалтын үеэр киноны дуунаас дуулна гээд зохион байгуулагчдын зүгээс намайг жаахан дуулдгийг мэддэг байсан болохоор ND чи дуулах уу? гэдэг юм даа.
Ойрд тайзан дээр гарч дуулаагүй жаахан өөртөө итгэлгүй байсан чинь дууг нь хартал юу вэ миний бүр үнэн дуулах дуртай, хайртай Linda Scott-ийн “I`ve told every little star” байдаг юм. Шууд л дуулахаар болсон. Даашинз маань яг тохирох болохоор энийгээ өмсье гээд бодчихсон байтал сонирхолтой нь өнгө нь яг тэр жилийн “Алтан өргөө” наадмын өнгөтэй таараад бүүр маргаангүй сайхан зохицол болсон. Тайзан дээр гараагүй удсан хүнийг бүүр дуулах дуулахдаа дуртай дуугаа дуулах боломж гаргасан Айк, Зулаа хоёртоо баярласан.
Хүн ер нь дуртай зүйлээ хийхээрээ хамгийн жаргалтай болдог. Өнөөдөр ч гэсэн гоё өдөр болж байна. Дотор маань амьдардаг олон янзын хүмүүсээ хувцаслалтаараа дамжуулж гаргах боломж гарлаа. Энэ гоё шинэ буландаа урьсан UBlife-нхандаа баярлалаа. Ер нь хүн хэчнээн цаг завгүй байсан ч яаж ийж байгаад өөртөө цаг гаргаад өөрийнхөө дуртай зүйлийг хийх л хэрэгтэй юм билээ. Энэ нь бид нарт өөрсдийн минь төсөөлөөгүй ч үгүй гоё мэдрэмжийг өгдөг.
-Таны зайлсхийхийг хичээдэг загварын чиг хандлага юу вэ?
-За шууд санаанд орж байгаа нь 2000 оны эхэн үеийн эмэгтэйчүүдийн нээх доор суудалтай хүйс гардаг өмд… Гоо зүйн талаас нь бүр ярих ч юм биш. Биеийн галбирыг эвдэж хөл богино цээж урт харагдуулдаг загвар. Тэр загварт үнэн дургүй. Ер нь 2000-аад он бол дэлхийн загварын салбарын бараг уналт гэж боддог… Би чинь хуучинсаг сонирхолтой хүн болохоор энэ миний л хувийн бодол. Яахав дээгүүр хувцаснаас нь сонгох ганц нэг загвар мэдээж байх ч ер нь яагаад ч миний сонголт биш. Хэрэв өмсөх хэрэг гарвал өөрийнхөөрөө загварчилж л өмсөх байхдаа…
-Хамгийн онцгүй хувцасладаг олны танил таны бодлоор?
-Шууд санаанд ордоггүй ээ. Улаан хивсний ёслол энэ тэр дээр зарим алдартнуудын стилистүүд гэхдээ бүр гайхтал авдаг шүү. Хүүе ээ хүнд ийм юм өмсгөчхөөд яаж мөнгө авдаг юм бол гэж өөрийн эрхгүй бодогдмоор.
- Хувцаслалтдаа оруулах хамгийн дуртай өнгө тань юу вэ?
- Цагаан, шаргал "beige", олив ногоон, улбар, улаан. Сүүлд хүрэн улаан надад таалагдаад хувцаслалтдаа оруулж байгаа.
-Таны гэрээсээ гарахдаа заавал зүүдэг аксессуар юу вэ?
-Ээмэг, цаг, нүдний шил
-Юу өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадах вэ?
-Бор шаргал нүдтэй, хамбан хүрэмтэй, хүзүүгээр татсан үстэй залууд бол анхны харцаар татагдаж магадгүй л юм.
-Худалдаж авсандаа хэзээ ч харамсдаггүй хувцас тань юу вэ?
-Телевизэд “MUSIC ART FASHION” нэвтрүүлэг хөтөлдөг байхдаа нэвтрүүлгийн зургандаа зориулаад авч байсан энэ улаан малгайг авсан цагаасаа одоог хүртэл нэг ч удаа харамсаж үзээгүй.