М.Уламбадрах
Оршил
Чөлөөт худалдаа гэдэг бол үнэ цэнтэй зүйлээ үнэ цэнтэй зүйлээр солихыг хэлдэг. Үнэ цэнэт зүйлсийг бид өөрсдийн бүтээлч хөдөлмөр, логикоор бүтээдэг. Үүний үр дүнд хүмүүс бие биеэсээ золиос шаардахаа больсон. Худалдаж буй хүн худалдан авч буй та аль аль нь бусадтай чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр солилцоо хийдэг ба өөрсөд өөрсдийнхөөрөө тооцон хийсэн арилжаа талуудад аль алинд нь ашигтай болдог.
Туршилт
2024 оны гуравдугаар сарын 13-нд Шадар сайд С.Амарсайхан “Засгийн Газраас импортын гурил, тэжээлийн татвар тэглэх тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлэв. Үнэ нэмэгдээд ард иргэд гурил авч чадахгүй байхад зүгээр хараад суух эрх байхгүй. Тохиргоо хийнэ” гэж мэдэгдээд УИХ-аар татварыг тэглүүлэв. Тэр үед “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүнээс өөр ямар ч дотоодын үйлдвэрлэгч компанийн захирал энэ шийдвэрийг эсэргүүцээгүй юм. Хэвлэл ч ЗГХЭГ-ын даргад тал засаад дуугараагүй. Одоо Шадар сайд Лу.Гантөмөр яагаад гэнэт ийм асуудал гарч ирэв гэхэд “Нуугаад байсан зүйл байхгүй. Та нар гурил дээр дуугарсан уу, цаг тухайд нь ярихгүй яасан юм” гэж хэвлэлийнхэнээс ам асууж байна. Түүний ярьж буйн тал нь үнэн.
Гурилаар хийсэн туршилт дажгүй болсон тул 2024 оны тавдугаар сарын 8-нд Москвад болсон ЕАЭЗХ-ны хурлаар Монгол Улстай “Чөлөөт худалдааны хэлэлцээр”-ийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Зарим бараа, бүтээгдэхүүнд харилцан тарифийн хөнгөлөлт буюу гаалийн татварыг бууруулах зорилготой юм.
Евразийн эдийн засгийн холбооны түүх
2011 оны аравдугаар сарын 4-ний “Известия” сонинд В.В.Путин нийтлэл бичсэн байдаг. Үүнээс хэдхэн хоногийн өмнө “Нэгдсэн Орос” намаас ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон хүний хувьд энэ нийтлэл мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг нь гэж ойлгож болно. Европын холбооны эсрэг холбоо байгуулж тариф, гаалийн татваргүй худалдаа хийх, эдийн засгийн холбоо байгуулах санаагаа илэрхийлжээ. Юун түрүүнд Европын холбоог сөрсөн байх тул хуучнаар ЗХУ, ТУХН-н орнуудыг татан оруулах төлөвлөгөө юм. Хамгийн чухал нь Украйн байв. Харин Украйн санаснаар нь биш Европын холбоог түшсэн. Энэ бол ондоо түүх тул энд орхиё.
2014 оны тавдугаар сарын 29-нд ОХУ, Беларусь, Казахстаныг оролцуулсан ЕАЭЗХ байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж 2015 оны нэгдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлжээ. Дараа өдөр нь Армен улс элсэж, улмаар наймдугаар сард нь Киргизстан улс нэгдэв. 2018 нд ЕАЭЗХ-нд хамрагдаж буй бүс нутгийн ДНБ-ий 87%, хүн амын 80% ОХУ-д оногдож байв.
Өдгөө 10 жилийн ойтойгоо золгохдоо дөнгөж таван улс гишүүн нь болсон. Энэ ойн босгон дээр нь Монгол улс чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж байна.
Нөхцөл байдал
Өнгөрсөн жилүүдэд манай хүнсний хангамж дотоодоос 70%, импортоор 30% орчим харьцаатай болж ирж байсан бол энэ онд зөвхөн ОХУ-аас импортолсон гурил нийт гурилын хэрэгцээний 45% боллоо. (Эх сурвалж: gaali.mn) Өнгөрсөн сонгуулийн өмнө гурил, тэжээлийн импортын татварыг тэглэснээр гурил үйлдвэрлэл 45% унаж, дагаад улаан буудайн тариалалт 33% буурчээ.
2024 оны аравдугаар сарын 11 ургацын балансийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ 257,49 мянган га талбайгаас 335,7 мянган тонн үр тариа хураасан гэж мэдэгдсэн нь худал юм. ( Эх сурвалж: “Өнөөдөр” сонин)
Бид буцаад 1990-ээд оны ганзагын наймааны үе рүү ухралт хийнэ. Улмаар дээрх харьцаа урвуу болно. Сангийн Яамныы танилцуулснаар 2023 оны байдлаар ЕАЭЗХ-ны 5 гишүүн улсаас 2,5 тэрбум ам. долларын бараа импортолж, 143 сая ам. долларын бараа экспортолсон байна. Бараа эргэлтийн харьцаа 95:5 байна.
2024 онд ч импорт өссөөр байгааг доор графикаас харж болно. (Эх сурвалж:1212.mn)
Боломж уу, асуудал уу?
Монголын талаас махны бизнес эрхлэгчид энэхүү гэрээг дэмжих аястай байгаа нь анзаарагддаг. ОХУ-ын тавьдаг 15-50% тарифаас чөлөөлөгдөж мах экспортлох боломжтой гэж бодож байгаа юм. Гэвч бодит байдал дээр Монгол улсаас мөнгө шилжүүлж болох ганц банк нь “Газпром” банк байсан боловч, 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд АНУ-н Сангийн Яамны хоригт оруулсан. Гэхдээ энэ хоригт шатахууны төлбөрт хамаарахгүй. Бараа, бүтээгдэхүүн борлууллаа ч төлбөр тооцооны асуудал байсаар байх болно.
Чөлөөт худалдаанд болзолт нөхцөл гэж бий. Аль, аль нь чөлөөт зах зээлийн тогтолцоог хүлээн зөвшөөрч, хөхиүлэн дэмждэг байх нөхцөлтэй. Харин дээрх холбооны улсуудтай FREE & FAIR TRADE хийх нөхцөл байхгүй юм. Тиймээс боломжоос (opportunities) аюул занал (threats) нь илүү.
Гэрээ байгуулбал ОХУ-аас гахай, тахианы мах, улаан буудай, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүний импорт огцом нэмэгдэх магадлалтай. Шалтгаан нь :
1. Дайнаас болж хоригт орон рублийн ханш унасан.
2. Дотооддоо ХАА салбар нь асар том татаастай, бодит үнэ биш.
Монгол улсын хүнсний үйлдвэрлэл ийм хямд үнэтэй бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж тааруу. Нийт 7-8 их наяд төгрөгийн хүнсний үйлдвэрлэлийн дөрөвний нэг нь архи, пиво. Үлдэх 6 их наяд төгрөгний борлуулттай хүнсний үйлдвэрүүд хаалгаа барих эрсдэлтэй. Хүнсний үйлдвэр 4 ээлжээр ажилладаг байсан бол 3 ээлж болсон. Энэ салбарт 60-70 мянган хүн ажилладаг, энэ хүмүүсийн ажлын байрыг хадгалахад бэрхшээлтэй. ОХУ-н зүгээс янз бүрийн шахалт, дарамт байж магадгүй. Татварын хувь хэмжээг тогтоох эрх зөвхөн УИХ-д байх тул “Чөлөөт худалдааны гэрээ” байгуулах бол парламентаар хэлэлцүүлж тогтоол гаргуулах ёстой.
Бид түүхэндээ олон сорилуудыг давж гарч ирсэн. Монгол төрийн гадаад бодлого нь дэлхийн хамгийн том гүрнийг байгуулан жолоодох менежмэнтээс эхлээд хамгийн том хоёр гүрний дунд хамгийн цөөхүүлээ оршин тогтнох урлаг хүртэлх өргөн агуулгатай. Хэлэлцээрт амжилт хүсье.