UBLife Logo
Спорт

Б.Ган-Эрдэнэ: Удахгүй бид аваргын төлөө өрсөлдөх хүчирхэг баг болно оо

Б.Ган-Эрдэнэ: Удахгүй бид аваргын төлөө өрсөлдөх хүчирхэг баг болно оо

Сагсан бөмбөгийн “Yes TLG” багийн тоглогч Баасанжавын Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Үндэсний Дээд лигт хоёр дахь улиралдаа тоглож байна.

Сонирхуулахад, Б.Ган-Эрдэнэ Монголын сагсан бөмбөгийн тамирчдын 5х5 төрлийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг нээсэн гол амжилт болох 2020 оны 17 хүртэлх насныхны ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин юм.


-17 хүртэлх насныхны ур чадварын ДАШТ-д түрүүлсний тань дараахан ярилцахад “Багадаа “Хасын хүлгүүд” багт тоглохыг мөрөөддөг байлаа” гэсэн. Дээд лигт дэмждэг багийнхаа эсрэг тоглоход ямар санагдсан бэ?

-Дэмждэг багийнхаа эсрэг тоглоод хожих мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан юм билээ. Тэр тоглолтыг “Хасын хүлгүүд”-ийн сэлгээнээс А.Ананд, Б.Билгүүн ах нар үзээд сууж байсан. Зүүдлээд байгаа юм шиг, эсвэл бага насны зүүд маань биеллээ олж байгаа ч юм шиг мэдрэмж төрсөн.

-Дээд лигийн багаас санал хүлээж авах ямар байдаг бол?

-С.Тулга багш надтай холбогдоод “Дээд лигт тоглох уу. Манай багт хүрээд ир” гэж урьсан ч, саналаас нь нэлээд хэдэн удаа татгалзсан юм. Би тэр үед өөрийгөө Дээд лигт тоглоход бэлэн бус гэж бодсон. Хөгжлийн лигт нэг жил тоглочхоод эв таарвал Дээд лигт дэвшинэ дээ гэж төлөвлөөд байлаа.

-Таны тэрхүү шийдвэрийг юу өөрчлөв?

-Төлөвлөсөн ёсоороо Хөгжлийн лигт нэг сар орчим тоглож байтал манай “Ондилт” баг багшийн “TLG”-тэй нэгдэх шийдвэрт хүрсэн. Ингэж С.Тулга багш “Ондилт”-оос хэдэн хүүхэд шигшиж, Дээд лигт тоглуулахаар болсны нэгэнд би сонгогдсон юм.

-Дээд лигийн багт тоглох шийдвэрээ бусад хүмүүстэй хуваалцахад юу гэж байв?

-Санал хүлээж авсан даруйдаа ээжид хэлсэн чинь “Хөөх, яасан сайхан юм. Миний хүү л тоглох юм хойно, өөрийнхөө шийдвэрийг л дага” гэсэн. Хэлснийх нь дагуу өөрөө шийдчихээд “Үнэхээр л Дээд лигт тоглох хувь тавилантай юм байлгүй дээ” гэхэд ээж маань “Миний хүү тоглож чадахгүй гэх юм биш” гэж зоригжуулсан. Ер нь ээж, эгч хоёроосоо урмын үгийг харамгүй сонсдог.

-Дээд лигт бүтэн нэг улирал тоглосон нь таныг хэр их өөрчилсөн бэ?

-Дээд лигийн багт хүчин зүтгэхэд өсвөр үе, оюутны лигт тоглодог байснаас маань уур амьсгал, орчин, бэлтгэл сургуулилалтын хувьд юм бүхэн өөрчлөгдсөн л дөө. Эхэндээ багагүй сандарч, тэвдэхийн сацуу орчноо мэдрэхгүй байсан учир шинэ уур амьсгалд дасах гэж цөөнгүй тоглолтуудад зүдэрсэн. Орчноо мэдрээд ирэхлээр Дээд лигт тоглох сайхан санагддаг юм билээ.

-Сандарч тэвдэх явдал шийдвэр гаргалт, гүйцэтгэлд хүртэл нөлөөлдөг л байлгүй?

-Тийм ээ. Дээд лигийн эхний хэдэн тоглолтдоо цөөнгүй удаа бөмбөгөө алдаж, довтолгоогоо ч бараг оновчтой болгоогүй.

-“TLG” багийн энэ улирлын гол амжилт юу байж болох вэ?

-Бид өнгөрсөн улиралд Дээд лигтээ үлдэх зорилготой тоглож, тэрхүү зорилгодоо ч хүрсэн. Бүрэлдэхүүний хувьд энэ жил ч гэсэн залуухан хэвээр байна. Өнгөрсөн улирлаас ялгаатай нь бид хавьгүй сайжирсан. Энэ улиралд хүчтэй арван багийн өрсөлдөөнөөс плей-оффт шалгарах зорилготой.

-Энэ улирлын эхэнд “Бишрэлт металл”-ын эсрэг 21 оноогоор, “SG Apes”-д 20 онооны зөрүүтэй хожигдож байгаад шийдвэрлэх үед гүйцэж хожсон нь олны талархлыг хүлээлээ. Эдгээр тоглолтуудын талаар?

-Завсарлагаанаар хувцас солих өрөө рүү ороход багш “Хамгаалалтдаа анхаарахгүй байна. Довтолгоо аяндаа болно, давын өмнө хамгаалмаар байна” гэж байнга л захидаг зүйлсээ хэлсэн. Манай багийнхан гуравдугаар үеэс багшийн хэлсний дагуу тоглосноор хамгаалалт маань нягтарч, довтолгоо ч төдий хэрээр амжилттай өрнөсний хүчинд онооны зөрүүг гүйцэж хожсон.

-Эдгээр багууд Дээд лигт аваргын төлөө өрсөлдөж байгаа нь гарцаагүй. Эхний хагаст онооны зөрүү холдчихоор тоглогчдын сэтгэл зүй хэр байсан бэ?

-Миний хувьд сэтгэл зүйгээр унаагүй. Эхний хагасыг манай баг 20 онооны давамгайлалтай дуусгалаа гэж бодоход шийдвэрлэх үед тэргүүллээ алдчих вий гэсэн айдастай тоглоно. Харин 20 оноогоор дутуу хоёрдугаар хагасыг эхлүүлэхэд “За гүйцнэ шүү, энүүхэнд ойрхон байна” гэсэн дайчин сэтгэл зүйтэй талбайд гарна шүү дээ. Иймд, эсрэгээрээ “Металл”, “Apes” багийнханд л сэтгэл зүйн дарамттай байсан болов уу.

-Холбон тоглогчийн гол ажил бол багийнхаа тоглолтыг тэнцвэржүүлэх, бүх тоглогчдын ачааллыг тэгш хуваарилах болов уу. Та чухам ямар шалтгаанаас үүдэн энэ байрлалд тоглохоор шийдсэн бэ?

-Би өөрийгөө яг ч холбон тоглогч гэж боддоггүй. Холбогчийн байрлалд тоглоход суралцаж л байгаа. Харин манай багийн легионер Антони Харрис бол цэвэр холбон тоглогч. Тиймээс Харрисаас ихийг суралцаж байна.

-Сагсан бөмбөг хэдийгээр багийн спорт ч гэлээ тоглогч бүхэнд л аминч үзэл байдгийг хүлээн зөвшөөрөх ёстой байх. Улирлын эхний хагаст Антони Харрис, А.Батхуяг нар танай багаас илүүтэй тодорч, талбайд төдий хэрээр гялалзлаа шүү дээ?

-Багш тоглолтын өмнө “Манай багт гарааны тоглогч гэж байхгүй. Бүгд талбайд гарна. Эхний хагаст хүн бүрд тэнцүү минутыг хуваарилж өгнө. Чадаж байгаа нь үргэлжлүүлэн тоглоно, чадахгүй байгаа нь тэр өдрийнхөө тоглолтыг хөндлөнгөөс харна” гэж хэлдэг. Үнэхээр ч дасгалжуулагч маань тоглолт бүрд бүх тоглогчоо ашигладаг юм. Талбайд гаргахдаа тав таваар нь сэлгэдэг. Өөрт оногдсон минутдаа сайн тогловол хүн болгонд л боломж байгаа. Сүүлийн хэдэн тоглолтод би тэрхүү боломжоо төдийлэн сайн ашиглаж чадаагүй. Баг маань л хожвол талбайд хэн гялалзах нь чухал биш. 

-Харрисын тухайд, танай багийн тоглолтын арга барилд нийцэж, төдий хэрээр сайн тоглож байгаа харагддаг. Өнөө жил түүнийг багтаа ахин дуудахад энэ нөлөөлсөн болов уу?

-Харрис Монголын Дээд лигт зургаа дахь улиралдаа тоглож байна. Манай багт хоёр дахь жилээ хүчин зүтгэж байгаа. Багш легионер тоглогчийг сонгохдоо бид нартай ярилцдаг. Өнгөрсөн улирлын тухайд бол Монголд өмнө нь ирж байсан тоглогчдыг авчиръя гээд Маркус Хаммондс, Антони Харрис нарыг сонгосон. Энэ улирлын эхэнд ч гэсэн хуучин легионеруудтайгаа тоглохоор шийдсэн. Бид зорилгодоо хүрэхийн тулд улирлын эхний хагаст цөөнгүй тоглолтод хожих ёстой. Хаммондс, Харрис нартай байхад нэг их алзахгүй болов уу гэж тооцоолсон. Үнэхээр ч багшийн хэлсний дагуу л энэ улирал өрнөж байна.

-Өнөө жил 10 дугаарын өмсгөлтэй тоглож байгаа. Таны өмсгөлийн дугаар ямар утга, бэлгэдлийг илэрхийлдэг вэ?

-Би “Ирээдүй” цогцолбор сургуулийн шигшээ багт байхдаа л 10 дугаарын өмсгөлтэй тоглодог байлаа. Өнгөрсөн жил багийнхаа шинэ, залуу тоглогч байсан учир 10 дугаартай өмсгөлийг сонгох боломж олдоогүй. Ах нар эхлээд өмсгөлийнхөө дугаарыг сонгоно шүү дээ. Харин энэ улиралд 10 дугаараа авч чадсан. Миний хувьд, Коби Брайант болон Б.Билгүүн ах нарыг дэмждэг. Энэ хоёр тоглогч шигшээ багтаа 10 дугаарын өмсгөлтэй тоглодог юм.

-“Yes TLG” одоогийн бүрэлдэхүүнээрээ тогтвортой тогловол таван жилийн дараа хэр хүчирхэг баг болно гэж боддог вэ?

-Залуу тоглогчид маань бүгдээрээ хөгжиж, сайжраад одоогийн бүрэлдэхүүнээ тогтвортой хадгалж чадвал бид гурав, дөрвөн жилийн дараа гэхэд л аваргын төлөө өрсөлдөх хүчирхэг баг болно.

-Танд хамгаалагчдыг аргалах мэх гэж байдаг уу, түүнээсээ хуваалцаач?

-Надад тийм мэх гэхээр зүйл байхгүй. Дээд лигт дасчихсан том тоглогчдын эсрэг довтлоход хэцүү байдаг. Тухайлахад, “Металл”-ын Т.Ууганбаяр, “Гарьд”-ын О.Эрдэнэцогт ах нарын өөдөөс довтлоход, бөмбөг залахад хэцүү санагддаг маань өдгөө ч хэвээрээ. Харин өсвөрийн тэмцээнд хамт тоглож байсан нэг үеийн тамирчдынхаа хамгаалалтын арга барилыг нь сайн мэдэх болохоор тэдний эсрэг тоглоход ер нь л барьцтай. Ах нарын хамгаалалт хэцүү шүү дээ. Шүүгч нарт харагдахгүй гар татна, зулгааж, чангаана. Тэрийг нь эртхэн мэдчих юм бол шүүгчид эвтэйхнээр хэлчихсэн нь амар санагддаг.

-Дөрвөн жилийн өмнө тантай уулзахад арван жилийн сурагч байлаа. Тэр үед “эдийн засагч болно” гэж ярьсан. Энэ зорилгодоо хүрсэн үү?

-Одоо “Рояль” олон улсын их сургуулийн 4-р курст суралцаж байгаа. Бизнесийн удирдлагаар.

-Хичээлдээ шамдах, Дээд лигт тоглох, бэлтгэл сургуулилалтаа тогтмол хийх зэрэг энэ бүх чухал ажлуудыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Өө, энэ бүхнийг зохицуулна гэдэг үнэхээр хэцүү. Дээд лигт тоглох болсноор хичээл бага зэрэг цалгардаж байгаа. Хамгийн эхний зорилго маань Дээд лигт амжилттай тоглох шүү дээ. Би үндсэн орлогоо сагсан бөмбөгөөс олж, нэмэлт санхүүгээ ажлаасаа бүрдүүлнэ гэсэн хэтийн зорилготой. Үүнийхээ сацуу сургуулиа хаячихгүй гээд л хичээж байна.

-Дээд лигт хэдийнэ дархлагдсан “од” тоглогчдын хувьд тогтмол өндөр цалинтай гэдгийг бид мэднэ. Харин залуу тоглогчдын тухайд сагсан бөмбөгөөр дагнан тоглоход санхүүгийн талаас санаа зовохгүй байх боломжтой байдаг уу?

-Манай баг одоохондоо залуу бүрэлдэхүүнтэй учраас өндөр мөнгөн дүн бүхий гэрээг үзэглэж хараахан амжаагүй байна. Би ээжтэйгээ амьдардаг. Орлого маань бидний хэрэгцээнд заримдаа хүрнэ, заримдаа дутах ч үе бий.

-Сагсан бөмбөгчин болоход тань голлон нөлөөлсөн хүн гэвэл хэн бэ?

-Аав, ээж, эгч гурав. Аав, ээж маань гадаад руу тэмцээнд явах, дугуйланд хичээллэхэд маань боломжит бүхий л дэмжлэг үзүүлдэг байлаа. Би нэгдүгээр ангиасаа сагсан бөмбөг сонирхож, дөрөвдүгээр ангид байхаасаа Монголын Дээд лигийг шимтэн үзэх болсон. Тэр үед эгч намайг Спортын төв ордон руу дагуулан ирж, хүссэн бүх тоглолтуудыг маань цугтаа суугаад үздэг байв. Эгч бид хоёр есөн насны зөрүүтэй. Манай гэрийнхэн бүгд л намайг сагсан бөмбөгөөр тууштай хичээллэхэд маань дэмжсэн.

-Ээжийгээ баярлуулж байсан тань хэр олон бэ?

-Өнгөрсөн жилээс Дээд лигт тоглох болсноор тогтмол цалин авч эхэлсэн. Өмнө нь шагнал урамшуулал авч байсан ч тогтмол орлогогүй байсан юм. Ээжийнхээ төрсөн өдрөөр анхны цалингаа авчхаад бэлэг зэхэж, хамтдаа хоолонд ороход л надад их гоё санагдаж байлаа. Цаашид жижигхэн зүйлээр ч болов ээжийгээ баярлуулж, өсгөсөн ачийг нь бага боловч хариулна аа. Буруу зам руу орчихгүй, сагсан бөмбөгөө амжилттай тоглож байхад л ээж, эгч хоёрт маань хангалттай байх.

-Таны өндөр хэд вэ?

-181 см. Миний хувьд, нуруугаар намхан болохоор өндөр тоглогчдоос ур чадвараар илүү байх ёстой гэж боддог. Тийм ч учраас өөрийн ур чадвар, шидэлтдээ түлхүү анхаардаг. Түүнчлэн довтолгооны тоглогчдын дунд өрсөлдье гэх юм бол ур чадвар, шидэлтээс гадна хамгаалах чадвараа хөгжүүлэх нь их чухал.

-Залуу тоглогчийн хувьд, аваргын цом өргөж үзэхсэн гэж хэр тэмүүлдэг вэ?

-Ингэж бодолгүй яах вэ. Үеийнхэн маань Дээд лигт тоглох болж, аль хэдийнэ аваргын цомтой болчихсон нь ч байна. “TLG” маань одоогийн бүрэлдэхүүнээ ойрын гурван жилд тогтвортой хадгалаад, бид ч өөрсдөө өсөж сайжрах юм бол тэр үед биднийг аварга боллоо гэхэд хүмүүс ч гайхахгүй биз ээ. Аварга болно гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Өсвөрийн багийнхнаас тань өдгөө хэр олон хүүхэд сагсан бөмбөг тууштай тоглож байна?

-Оюутны лигт нэг хүүхэд бий. Дээд лигт гэвэл надаас гадна энэ жил драфтын ес дэх сонголтоор “Бишрэлт Металл” багт орж ирсэн Э.Энхтэмүүлэн байна.

-Тухайн үед Дээд лигт тоглоно, бөөндөө нэг багт хүчин зүтгэнэ гэж ярьдаг байв уу?

-“Би нэг багт ороод гарааных нь тоглогч болчихвол та хэдийгээ авна аа” гэж ярилцаад л инээлддэг байлаа. Ярьж байсан мөрөөдлүүд маань эхнээсээ биелэх дөхөж байна. Энэ жил Дээд лигийн драфтын тэргүүн сонголтын эрх манай багийнханд ирсэн. Хэнийг сонгох вэ гэдгээ С.Тулга багш бид хоёр нэлээн ярилцаж байгаад шийдсэн юм.

Э.Энхтэмүүлэн, М.Чинхутаг бид гурав амьдралын найзууд. Багш хэлсэн л дээ. “Хоёр найз чинь драфтаар орж ирлээ, чухам хэнийг нь сонгох вэ саналаа хэлээрэй” гэж.

-Танихгүй хүмүүсээс аль нэгийг нь сонгох амархан, харин дотнын найзуудаасаа нэгийг нь сонгоно гэдэг хэцүү байсан байлгүй.

-Би драфтын өмнөх өдрөөс эхлээд л маш хэцүү байдалд орсон. Хоёр найз маань цаг үргэлж л надтай хамт явна шүү дээ.

М.Чинхутаг Тайваньд гурван жил суралцахынхаа сацуу тэнд сагсан бөмбөг тоглож байгаад ирсэн нь манай багт сонгогдох үндэслэл болсон байх. Тэгээд ч Э.Энхтэмүүлэн Анагаахын сургуулийн их эмчийн ангид суралцдаг болохоор багш маань “бэлтгэл сургуулилалт нь цалгардана байх” гэж болгоомжилсон болов уу.

-Үндэсний шигшээ багт дуудагдахыг хэр их хүсэж, тэмүүлж байна?

-Энэ жилийн хувьд Үндэсний шигшээ багт дуудагдах хүлээлт байгаагүй, тэр тухай ер бодоогүй. Дээд лигт төдийлэн сайн улирлыг эхлүүлж чадсангүй, оновчтой шидэлтийн хувь маань ч нэлээн буурсан. Өнгөрсөн жил шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан шүү дээ. Тэгэхээр Дээд лигт сайн тогловол Үндэсний шигшээ багт дуудагдах нь цаг хугацааны л асуудал байх аа.

-Хэдэн жилийн өмнө ярилцахад “Лос Анжелес Лейкэрс” багт тоглохыг хүсдэг” гэж байсан. Өдгөө “Лейкэрс”-т тоглоно гэдэг хэр хол санагдаж байна?

-/инээв/. NBA-д тоглох мөрөөдлөө мартсан шүү дээ. Монголынхоо лигт л сайн тоглож, том амжилтад хүрэхсэн гэж бодож байгаа.

-Үндэсний Дээд лигийн шилдэг гурван холбон тоглогчийг нэрлээч?

-“Майнерс”-ын Г.Болор-Эрдэнэ, “Металл”-ын Т.Ууганбаяр, “SG Apes”-ын М.Өлзий-Орших ах нар. Хамгийн шилдгээр нь Г.Болор-Эрдэнийг нэрлэнэ ээ. Хамт бэлтгэл хийхдээ үргэлж түүнээс суралцдаг. Миний хувьд, 17 хүртэлх насныхны ур чадварын ДАШТ-д түрүүлэхдээ Г.Болор-Эрдэнэ, Э.Энхтэмүүлэн, М.Чинхутаг, “Эрдэнэт Майнерс”-ын Ч.Баяртогтох, ”Дархан Юнайтед”-ын Э.Пүрэвдорж нарын хамт нэг багт тоглосон. Өдгөө бүгд Дээд лигт дэвшээд бие биеийнхээ эсрэг өрсөлдөж байна шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.71.149
ЗОЧИН\47.129.179.106
MOUNT ALVERNIA HOSPITAL\52.77.241.40
Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр ​​зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 ам. доллар, амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. таны бөөр. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-д олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч MAXWELL гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +447463920079 Telegram: +447463920079 Хүндэтгэсэн, DR MAXWELL .P. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC.