UBLife Logo
The New York Times

“Turning Points” - Global Agenda сэтгүүлийн шинэ дугаараас онцлох монгол 10 нийтлэл

Б.Энхжин
Б.Энхжин
“Turning Points” - Global Agenda сэтгүүлийн шинэ дугаараас онцлох монгол 10 нийтлэл

Жил бүр дэлхий дахины гол үйл явдал, үзэгдлийг тоймлон хүргэж, ирэх оны дүр зургийг тодорхойлдог “Гэрэг” - Turning Points сэтгүүл уншигчдад хүрч эхлээд байна. Дэлхийн шилдэг хэвлэл Нью-Йорк Таймсын хүндтэй авторуудын нийтлэлээс гадна “Гэрэг”-ийн редакцын бэлтгэсэн монгол агуулгуудаас таны заавал унших ёстой 10 нийтлэлийг онцлон танилцуулж байна.

1. ТӨГС “ТӨӨРӨГДӨЛ”

Сэтгүүл зүйн томоохон төрөл болох хөрөг бичвэрээр салбартаа хэдийн өөрийн өнгө төрхийг чадсан сэтгүүлч Б.Энхцэцэгийн нийтлэлийг уншигчид зорьж, хүлээн уншдаг билээ. Тэгвэл сэтгүүлийн шинэ дугаарт тэрээр хэн гэгч хүмүүний амьдралын түүхээр уншигчдыг аялуулахаар зэхсэн бол?

Сэтгүүлч Б.Энхцэцэг: “Энэ дугаарт миний бичиж нийтлүүлсэн хөрөг найрууллын эзэн бол бидэнтэй нэгэн цаг үед амьдарч яваа дуучин бүсгүй байлаа. “Ихэнх хүн бүх талаараа ард түмэнтэйгээ ямар нэг хэмжээгээр адилхан байдаг бол тэр цорын ганц хувилбар” гэж хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав түүнийг тодорхойлсон.

Поп дива, гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаагийн хөрөг юм. Орчин цагийн дуу хөгжмийн топ дүрүүдийн нэг учраас түүнийг хүн бүхэн андахгүй ч мэргэжлийн урлагт өөрийн гэсэн тайзаа засахад нь түүний гарт ямар “хадаас” байсныг бид мэддэггүй. Дуу хөгжим гэдэг өдөр бүр шинээр төрж байдаг, дурсамж тээн хуучирч байх учиртай мэт бид ижид дасал хүлээн авдаг. Харин 40 жилийн турш хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг байх, 20 жилийн турш хамгийн тод од нь болж гэрэлтэхэд дуучин хүн чухам юуг туулдаг юм бол?”

2. Д.Энхтүвшин: Гүйцэтгэх засаглалд шаардлага тавьдаг, хариуцлага тооцдог эрүүл тогтолцоо руу салхи эргэсэн

Шинэ парламентийн содон дүрийн нэг, хэвлэлд төдийлэн олон яриа өгөөд байдаггүй УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин урилгыг хүлээн авч, ирэх оны эдийн засгийн боломж болоод эрсдэл, улс төрд өрнөсөн үйл явдлуудын тухай сонирхолтой яриа өрнүүлжээ.

Сэтгүүлч Ж.Тэгшжаргал: “Төсвийн хэлэлцүүлгийг олон нийтийн анхаарлын төвд авчирч, тод дуу хоолойгоо илэрхийлж, алдагдалгүй төсөв батлахад томоохон нөлөө үзүүлсэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн ярицлага ирэх оны улстөр, эдийн засгийн нөхцөл байдлыг төсөөлөн зураглахад тань хэрэг болох болов уу”

3. Мэдээллийн хөшигний цаадах “Үл үзэгдэх гар”

Сүүлийн үед дэлхий дахины ярианы гол сэдвүүдийн нэг болоод буй мэдээллийн боловсролыг ч бас “Turning Points“ сэтгүүл орхигдуулсангүй. Мэдээллийн эрин зуун гэж нэрлэгдээд байгаа энэ үед мэдээлэл ямар цар хүрээтэй, хэр хэмжээний хүчирхэг зүйл болоод байгааг энэ нийтлэлээс уншаарай.

Сэтгүүлч Ж.Хулан: “Мэдээлэл гэдэг шинэ үеийн "зэвсэг" гэгдэх болоод буй. Улс орнууд бие биеийхээ мэдээллийн орчинд "тоглолт" хийж нөлөөллөө бий болгох, санаатайгаар хуурамч мэдээлэл бэлтгэн түгээж олон нийтийг үймүүлэх гэхчлэн янз бүрийн арга хэрэглэх болсон. Тэгвэл энэ нөхцөл байдал манай улсад ямар хэмжээнд байна вэ гэдгийг судалгаанд суурилан шинжилж, сөрөн тэсвэрлэх чадвар яагаад бидэнд чухал вэ гэх асуудлыг хөндлөө.”

4. Өнгөний хувьсал

Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт залуу зохиолч У.Бямбанямын тун удахгүй хэвлэгдэх “Дурсамжийн газрын зураг” зүймэл романы хэсгээс шигтгэжээ.

Сэтгүүлч У.Бямбаням: “Зохиолч Д.Нацагдоржийн амьдрал болон 1926-1930 онд Европт суралцсан сурагчдын амьдралд тулгуурлан бичсэн “Дурсамжийн газрын зураг” роман нь хувь хүний дурсамжууд хэрхэн огтлолцож, эвлэн нэгдэж улс орны дурсамж болон хувирдаг, мөн өнгөрсөн цаг хугацаа бидний амьдралд ямархан хүчээр нөлөөлж, хувь тавиланг чиглүүлж байдаг тухай өгүүлэхийг хүслээ.”

5. AI хүнээс илүү хань болох уу?

Энэ удаагийн сэтгүүлд “The New York Times"-ийн нийтлэлүүдийн голлох сэдэв нь хиймэл оюун ухааны салбар бүр дэх нөлөөллийн тухай байлаа. Тэгвэл “Гэрэг”-ийн редакц монголчуудын амьдрал, харилцаанд хиймэл оюун хэрхэн нөлөөлж байгаа тухай сонирхолтой сурвалжилгыг багтаалаа.

Сэтгүүлч О.Анхзаяа: “Ганцаардал бол өнөөгийн цаг үед биднийг алдалгүй даган мөшгих сүүдэр мэт болж. Хүн хоорондын харилцаа, дотно, амьд байдал бага багаар алсарсаар, бид хэрэгцээгээ яг үнэндээ юугаар нөхөх гэж оролдоно вэ? Хамгийн сайхан үгийг хэлдэг, ямар ч, өө сэвгүй, төгс гэж хэлж болох харилцааг бидэнд санал болгосоор буй AI үнэндээ монгол залуусын дунд бас ямар байр суурь эзэлж байна вэ?”

6. Урлангийн дугаар БЭЭ НЭГ: Ширээний гэрэл доорх бахархал

Фото эсээ нь түүх, мэдрэмж, болон сэтгэл хөдлөлийг хослуулсан нандин бүтээл байдаг билээ. Зөвхөн зураг төдий бус, харин түүнийг хэрхэн харж, мэдэрч буй үзэгчийн хувьд амьд бүтээл болж чаддаг фото эсээгээр энэ удаагийн дугаарт ямар сэдвийг хөндсөн бол?

Гэрэл зурагчин Г.Ананд: “Агуу бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг шиг биширмээр үнэ цэнтэй зүйлс B1 давхраас бүрэлдэн бий болдог ч юм шиг. Миний хувьд харин өнгөрсөн бас ирээдүй сүлэлдэн оршдог нандин газар. Учир нь, хамгийн том эргэлтийн цэгүүд маань тэнд тавигдан, хамаг л дурсамжууд орцны хажуугийн онгорхой хаалганд холбогдон хэлхэлддэг. Зүгээр л сониуч зандаа хөтлөгдөөд хаалга шагайж явахгүй л бол B1 давхрууд хаяггүй байх нь элбэг. Ингэж л ширээний чийдэн доорх бахархлыг зорин оллоо. Нууцхан чимээгүй бадрах тусмаа үнэ цэнээ хадгалдаг ч юм шиг энэ газар эцсийн цэг биш, энэ бол ердөө амьдралын дараагийн шатанд хөтлөгдөхийн өмнөх өртөө мэт.”

7. Түүнийг барилдах болгонд түүхийн хуудас эргэдэг

Сүмо бөх сонирхогчдын дунд хэдийн хайртай бөх нь болж чадсан Макүүчи зиндааны Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргилтой хийсэн сонирхолтой ярилцлагыг зөвхөн энэ сэтгүүлээс л унших боломжтой шүү.

Сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ: “Сүмо бөхөд аварга, арслан болсон олон монголчуудыг бид мэднэ. Харин энд гарах Тамаваши бол тэднээс тэс өөр хүн. Мэргэжлийн сүмод орсон цагаасаа хойш нэг ч өдөр чөлөө авч үзээгүй. Түүнийг барилдах болгонд сүмо бөхийн түүхэн хуудас шинэчлэгддэг юм. Өрсөлдөгчөө өршөөлгүй түлхэн, шидэн давдаг хатуу ширүүн түүний хобби нь тун өхөөрдөм...”

8. Аймгийн арслан Г.Мөнхбаяр: Өөрийнхөө чадлаар цолонд хүрснээ хаана ч нүүр бардам хэлнэ

“Turning Points” сэтгүүлийн бас нэгэн онцлох булан бол спорт. Спортын мэдээ, нийтлэл, ярилцлагаараа уншигчдыг татсаар буй сэтгүүлч У.Чинзориг сэтгүүлийн шинэ дугаарт аймгийн арслан Г.Мөнхбаяртай амттай яриа өрнүүлжээ.

Сэтгүүлч У.Чинзориг: “Тунаж барилддаг бөх наадмын чимэг ээ. Энэ зун аймгийн арслан цолонд хүрсэн Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Галбадрахын Мөнхбаяр арваннэгдүгээр сард Бөхийн өргөөнөө явагдсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн чансаа өндөр дөрвөн ч барилдаанд хэнд ч амлуулалгүй туналаа. Зочноо тооны хэлээр танилцуулбал, энэ жил дөрвөн наадмаар цолны даваанд хүрч барилдаад бүгдэд нь шөвгөрсөн бөх. Зочноо үйл явдалтай холбож танилцуулбал, зайрмаг идэж, кола ууж байгаа бичлэгээрээ энэ зун цахим ертөнцийг шуугиулсан эр. Түүнчлэн хамгийн сүүлчийн даншигийн заан цолтон юм. "Өөрийнхөө чадлаар цолонд хүрснээ хаана ч нүүр бардам хэлнэ" хэмээн ярих түүний хувьд үнэхээр ч бүх цолоо тунаж барилдаад гуядаж авсан бөх.”

9. Humans of UB

"Гэрэг - Turning Points" албан ёсны эрхтэй хамтарсан сэтгүүлийн уламжлал болсон булангуудын нэг бол “Humans of UB” билээ. Эгэл хүмүүний жирийн хэр нь дулаан түүхийг хуваалцдаг энэ булангаараа өв, соёлоо тээн хадгалж буй залуусыг онцлон урьсан юм.

Сэтгүүлч Б.Энхжин: “Өдөр тутмын давчуу, яаруу амьдралдаа бид юуг гээгээд яваа юм бол? Залуус юуг хамгийн дутуу үнэлээд байгаа юм бол? гэх асуултууд бидний өмнө ирээд байна. Эдгээрийн хариултыг олох гэж, хариулт өгөх гэж өвийн өвлөгчид түүхээ уламжиллаа.“

10. Алисагийн тэмдэглэл

Сэтгүүлч О.Анхзаяа: "Оны төгсгөл бид бүгдэд ямар нэг байдлаар хачирхалтай тод мэдрэмж үлдээдэг. Харуусал, догдлол, хайр бас гуниг гээд өөр өөрийн амтыг нэгэндээ уусгасан энэхүү сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд бидний ирээдүйгээ харах өнцөг, итгэл найдварт мөн яаж нөлөөлдөг нь онцгой. Алдсан, гээсэн бүхнээ эргэн бодоход бид юуг хамгаалан хайрлах ёстойгоо ойлгодог. Аливааг тавьж явуулахдаа бид үргэлж нэг шинэ зүйлийг олж авдаг. Энэ бичвэр ч мөн сэтгүүлийн маань төгсгөл болж, та бүхэндээ дулаан, хайр хүрэм мэдрэмж төрүүлж, одоогийн байгаа бүхнээ хайрлахад бага ч атугай хөглөж өгөх болтугай.”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.