Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн талбайд Зул сарын өдөр гурван тоглолт явагдлаа.
Энэ өдөр “Металл”-ыг хожсон “Сэлэнгэ Бодонс” баг улирлын найм дахь хожлоо тунхаглав. Ингэснээр тэд хүснэгтийн 2-р байр руу дэвшсэн юм.
Харин эмэгтэйчүүдийн лигийн тоглолтод “Омни Хүлэгүүд” баг “Аравт”-ыг буулгаж авснаар эдгээр багуудын хожлын тоо энэ зэрэгцэв. “Хүлэгүүд”-ээс Ө.Индра 33 оноог цуглуулж, дэмжигчдэдээ том бэлэг барьсан юм.
Тэгвэл энэ өдрийн оргил тоглолт “SG Apes” болон “BCH Knights” багуудын хооронд өрнөв. Аль аль багаас шинэ легионер тамирчдаас талбайд гаргасан юм.
“SG Apes” багийнхан тоглолтын эхнээс давамгайлж, улирлын тав дахь хожлоо дархлав.
Энэ тоглолтод өнгөрсөн улирлын Дээд лигийн Үнэ цэнтэй тоглогчоор тодорсон М.Өлзий-Орших үнэмлэхүй сайн тоглолтыг толилуулж, алсын зайн шидэлтүүдээ ээлж дараалан оновчтой болгосон юм.
Түүнчлэн “SG Apes” багт Өмнөд Суданаас ирсэн легионер тоглогч Deng Acouth дийлдэшгүй байж, эхний тоглолтодоо л өөрийн нөөц, чадварыг хангалттай хэмжээнд тунхаглалаа.
Өдгөө 28 настай тэрбээр шигшээ багийнхаа хамтаар өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцсон. 208 см өндөр түүний хувьд Австрали, Бахрейн, Ливан, Гүрж, Иран, Катарын лигүүдэд тоглосон туршлагатай.