Өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд Таиландын Бангкок хотын River Park ICONSIAM-д болсон ‘Amazing Thailand Countdown 2025’ тоглолт таиландчуудын хувьд хэзээ ч мартагдахгүй баяр болж өнгөрлөө. Энэ өдрийн гол од нь БНСУ-ын BLACKPINK хамтлагийн дуучин Лиса байлаа.
Он солигдоход хэдхэн секунд дутуу байхад тайзан дээр гарч ирсэн Лиса хит дуунуудаа өргөн барьж, таиланд түмнээ баярлуулав.
Таиландаас төрж, дэлхийг эзэлсэн к-поп дуучны хувьд энэ тоглолт нутгийнхандаа барьсан бэлгээс гадна уран бүтээлчийн хувьд Азид ямар их нэр нөлөөтэй гэдгээ харуулсан явдал боллоо. Мөн төрсөн нутгаа сурталчилж, дэлхийн олон нийтийн анхаарлыг шинэ жилээр Таиландад татаж чадлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадаадын фэнүүд таиландчуудтай хамт хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авсан юм.