Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо эрх баригч Либерал намын тэргүүнээс огцорч байгаагаа зарлалаа. Гэхдээ Либерал нам шинэ даргаа сонготол Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэх юм.
Цагтаа улс орондоо төдийгүй дэлхийд шилдэг, залуу улстөрчид тооцогдож байсан түүний нэр хүнд эдийн засгийн хямралын улмаас унасаар байлаа. Одоо Канадад инфляц түүхэн хэмжээндээ хүрч, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал нүүрлэж, хүнсний бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр өсөөд байна. Сүүлийн судалгаагаар Либерал намыг дэмжигчдийн тоо 16 хувь хүртэл унасан нь түүхэнд байгаагүй уналт байлаа. Тиймээс намын дотоодод ч ирэх сонгуульд Трюдотой орвол ялагдана гэсэн уур амьсгал гараад байсан юм. Өнгөрсөн 12 дугаар сард Трюдотой санал зөрөлдөөнтэй байсан Канадын Санхүүгийн сайд Христя Фриланд ажлаа өгч, Шинэ ардчилсан намын удирдлага Либерал намыг дэмжихээ больсноор улс төрийн хямрал дээд цэгтээ хүрлээ. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох Дональд Трамптай харилцаагаа сайжруулах гэсэн Трюдогийн оролдлогыг Трамп үл тоосон нь байдлыг улам хурцатгажээ.
Жастин Трюдо 2013 оноос Либерал намыг удирдаж, 2015 оноос Канадын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Ажлаа өгөх болсоноо зарлахдаа Трюдо “Улс оронд хагарал гараад байна. Парламент хэдэн сар үүргээ гүйцэтгэж чадсангүй, эрх баригч намынхан дотроо үзэлцсээр их цаг авлаа. Дараагийн сонгуульд канадчууд жинхэнэ сонголтоо хийх болно. Би ард түмэндээ 2015 онд хүлээн авч байснаасаа илүү дээр Канад улсыг орхиж байгаадаа баяртай байна. Эдийн засаг зөвхөн баячуудын төлөө биш иргэдийн төлөө үйлчилдэг болсноор ядуучуудын тоо буурсан, ажилгүйдлийн хэмжээ багассан гээд амжилт их байлаа” гэж мэдэгдсэн юм.
Трюдогийн оронд Либерал намын тэргүүнд сонгогдох магадлал өндөр эрхмүүдийг дурдвал:
Шадар сайд асан, Санхүүгийн сайд асан Христя Фриланд – 1990-өөд онд Москвад Financial Times сэтгүүлийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан. Өвөө, эмээ нь украин гаралтай гэдгээр их бахархдаг. Орос, украин, итали, англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Парламентад Торонтог төлөөлж байгаа. Канадын анхны эмэгтэй Санхүүгийн сайд байсан.
Марк Карни – Канад, Английн банк гэсэн хоёр төв банкийг удирдаж байсан. Сүүлийн саруудад Трюдогийн зөвлөхөөр ажиллаж байсан ч намын даргад үзэхээр шийдээд байгаа.
Мелани Жоли – Квебекийн улстөрч, 2021 оноос ГХЯ-ны сайдаар ажиллаж байна. Оксфорд төгссөн, дэлхийд нэртэй хуульч.
Доминик Леблан – Санхүүгийн сайд. Трюдогийн эртний найз, холбоотон. 20 жил парламентад сууж байгаа, 2008 онд Либерал намын тэргүүний сонгуульд өрсөлдөж, Майк Игнатьеффт ялагдаж байв.
Кристи Кларк - Британийн Колумбийн Ерөнхий сайд асан тэрээр улс төрөөс гараад удаж байсан ч сүүлийн үед Либерал намын даргын суудлыг сонирхох болсон.