Чиг хандлага гэдэг үргэлж ирж бас явж, эргэлдэн оршсоор байдаг шүү дээ. Жил бүр хувьсан өөрчлөгдөж байдаг загварын чиг хандлага 2025 онд хаашаа эргэсэн бол? Энэ жил анхаарлын төвд орох сонирхолтой хувцаслалт, туршиж үзмээр хэв маягуудыг уншигч тантай хуваалцаж байна.
1. Ирээдүй рүү
2025 он уу? Үгүй ээ, 3025 он руу шилжицгээе. Дэлхийн чиг хандлага ирээдүйг харуулсан Y3K хэв маягаар амьсгалж байна. Энэхүү чиг хандлага 2024 оны дундаас эхэлсэн бөгөөд удаашрах шинжгүй үргэлжилсээр байна. Y3K стилийг хувцаслалтдаа оруулах хамгийн энгийн арга бол гялалзсан мөнгөлөг болон металл элементүүдийг ашиглах явдал юм. Жишээлбэл, загварлаг металл цүнх эсвэл мөнгөлөг өмд өөрийн хэв маягтаа нэмээд үзээрэй. Та ирээдүйгээс ирсэн нэгэн шиг харагдах болно.
2. Зоримог эрх чөлөөтэй мэв маяг
Энэ жил бохо хэв маяг буюу өөр өөр соёл, уран сайхны илэрхийллийг хослуулан, органик элементүүд болон байгалийг онцолсон эклектик хэв маягийг бий болгодог чөлөөт сэтгэлгээний гоо зүй дахин тренд болж байна. Энэ хэв маяг нь хөнгөн, сүнслэг байдлыг илэрхийлсэн хөвсгөр материалтай урт даашинз, цамцнуудаар тодорхойлогддог. Өдөр тутмын амьдралдаа бохо загварыг шингээх нэг сайн арга бол торон цамц өмсөх. Үүн дээр нэмээд олон давхар хормой байх тусам илүү зохимжтой. Цайвар шаргал, цагаан, шар, бүдэг ягаан гэх мэт зөөлөн, хөнгөн өнгөний схем сонгоорой.
3. Пластик эффект
Барби загварын үзэгдэл үргэлжилсээр. Барбигийн хурц ягаан өнгөний эрин нэгэнт ард үлдсэн ч, түүний пластик ертөнц биднийг бүрэн тавьж явуулсангүй. 2025 онд Барби хэв маяг үргэлжлэн ноёрхсоор байх болно. Ялангуяа, Марк Жейкобсын 2024 оны намрын шоунд танилцуулсан чихэрлэг өнгөтэй загварууд болон сюрреализмын урам зоригоор дүүрэн гоёл чимэглэлүүд тренд болж байна.
4. Черри хүрэн улаан өнгөний давлагаа үргэлжилсээр
Гүзээлзгэний ягаан өнгө зайгаа тавьж өгч, черри хүрэн улаан анхаарлын төвд орлоо. 2025 онд жимсний өнгөнөөс сэдэвлэсэн шинэ хэв маяг гарч ирж байна. Хэдийгээр “Strawberry Girl” хэв маяг ихэвчлэн гоо сайхны чиглэлд төвлөрч байсан бол “Cherry Girl” стиль нь хувцаслалт болон нүүр будалтын ертөнцөд шинэ тренд болж байна.
5. Амьтны хээ хаа сайгүй
Амьтны хээ эргэн ирээгүй харин хэзээ ч явж байгаагүй. 2025 оны хэв маягийг тодорхойлох загварын тайзан дээрээс харж байгаачлан, амьтны хээний чиг хандлага буурах шинжгүй байна. Ирэх жилд таны хувцасны шүүгээнд зайлшгүй байх хэв маяг бол зөвхөн барын хээ биш могой, үхэр, ирвэсийн хээ юм.
6. Гоёмсог далайчин
2025 оны загварын тайзан дээр усан онгоцны дуу хадах болно. Энэ жил загвар зохион бүтээгчид тэнгисийн уур амьсгалыг онцлохыг хүсэж, 2025 оны цуглуулгуудыг гаргасан нь илт байна. Тэнгисийн сэдэвтэй загварууд тайзан дээр хамгийн их харагдаж, энэ чиг хандлага бидний хувцаслалтад ч орж ирэх болно.
7. 80-аад оны Максимализм
Максимализм эргэн ирлээ! Өмнө дурдсанчлан, максимализм загварын чиг хандлага дахин эрчээ авсан байна. Хэдэн жилийн өмнөөс аажмаар эхэлсэн энэ чиг хандлагад тулгуурласан элементүүд загварын тайзан дээр болон өдөр тутмын амьдралд илт харагдаж эхэлсэн билээ. Гэхдээ 2025 он бол энэ хэв маягийг дараагийн түвшинд гаргах онцгой үе байх болно.
8. Жийнс, жийнс бас дахин жийнс
Өөрийн хамгийн дуртай жийнсээ 2025 онд шинэчилж үзээрэй. Жийнс бол бараг бүх төрлийн хувцаслалтад зайлшгүй шаардлагатай гол элемент бөгөөд 2025 он таны хувьд жийнсээ өөрчлөн дахин загварчилж, шинэ өнгө төрх өгөхөд тохиромжтой жил байх болно.
9. Хуучны спортлог байдал
2025 онд спортын хэв маяг эрч хүчтэйгээр дэлгэрэх төлөвтэй байна. Энэ жил бид 70, 80, 90-аад оны атлетик загварын хувцаснуудыг өмсөх болно. Загварлаг хэр нь биед тухтай байх нь хамгийн чухал шүү.