Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн аюулт үзэгдлүүдийн давтамж, хүчийг нэмэгдүүлж, хүн төрөлхтний хувьд томоохон сорилт болж байна. Сүүлийн үед АНУ-ын баруун болон төвийн бүс нутгуудад гарсан гал түймэр, хүчтэй цасан шуурга зэрэг нь үүний тод жишээ болж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг дэлхий дахинд учирч буй эрсдэлийн шинжилгээнээс харвал ирэх хоёр жилийн хугацаанд учрах эрсдэлийн хоёрдугаарт, ойрын 10 жилд хамгийн том асуудал болоод байна.
Лос Анжелесийн түймэр:
Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод зургаан түймэр идэвхтэй асаж байна. Эдгээр түймэр нь нийт 6,300 гаруй га талбайг хамарч, 130 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна. Өргөн хүрээг хамарсан энэ аюулын улмаас таван хүн амь насаа алдаад байгаа юм.
Гал түймэр өргөн хүрээг, хурдтай хамрах болсон гол шалтгаан нь хүчтэй салхи гэдгийг цаг уурчид хэлж байна. Тус бүс нутгийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга Кристин Кроулийн мэдэгдсэнээр “Зэрэг асаж буй идэвхтэй зургаан түймэр байгааг тогтоон барихад амаргүй байна” гэлээ.
Калифорн дахь түймрийн улмаас иргэд амь насаа алдаж, олон мянган хүн орон гэрээ орхиход хүрч, эд хөрөнгөөрөө хохироод байна. Түүнчлэн тухайн бүс нутагт байгаль орчинд ч маш их хэмжээний хохирол учруулаад байна. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гал унтраах үйл ажиллагаа, угаарыг арилгах зэрэг олон асуудалд орон нутгийн иргэд, засаг захиргаа гэхчлэн бүх талын хамтын ажиллагаа шаардлагатай байгааг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна. Түүнчлэн энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн тод илрэл бөгөөд үүнд ч бүх талууд хамтдаа хүчин зүтгэх ёстой гэж байна.
АНУ-д болж буй цасан шуурга:
2025 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар, АНУ-ын төвийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, агаарын хэм буурсны улмаас Канзас, Нью Жерси зэрэг 10 гаруй мужийн 60 сая орчим оршин суугчдад сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргүүлжээ. Шуурганы улмаас олон мянган нислэг цуцлагдаж, замууд цасанд дарагдаж, мөстсөн тул зорчихгүй байхыг албаныхан сануулсан байна.
Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн эрс тэс үзэгдлүүдийн харьцуулалт:
Эдгээр байгалийн аюулт үзэгдлүүд нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой гэдгийг шинжлэх ухааны олон судалгаа баталж байна.
2023 онд дэлхий даяар хийсэн IPCC (Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлт судлах хороо)-н судалгаагаар дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 1.1°C-ээр нэмэгдсэн нь байгалийн үзэгдлүүдийг улам эрчимжүүлж байгаа талаар онцолсон. Тайланд дурдсанаар, дэлхийн дундаж температур 2°C-ээр нэмэгдвэл түймэр, шуурга зэрэг байгалийн гамшиг 1.5 дахин нэмэгдэх магадлалтай гэнэ.
Дэлхийн дулаарлын улмаас температурын дундаж нэмэгдэж, хэт хуурай нөхцөл болон их хэмжээний цас, бороо, салхи зэрэг үзэгдлийн давтамж илүү ойрхон болж байна. Гал түймэр, цасан шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нь байгалийн нөөц, хүн амын амьжиргаа, аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байгааг судлаачид онцолж байна.