UBLife Logo
Спорт

Тоглолтын үеэр хүчилтөрөгчийн дутагдалд орсон Бентанкурын биеийн байдал дээрджээ

Тоглолтын үеэр хүчилтөрөгчийн дутагдалд орсон Бентанкурын биеийн байдал дээрджээ

Лхагва гарагт явагдсан Карабао цомын хагас шигшээ тоглолтын үеэр “Тоттенхэм” клубийн хагас хамгаалагч Родриго Бентанкур талбай дээр хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас ухаан алдаж, дамнуургаар талбайг чөлөөлсөн.

Энэ бол тоглолт эхлээд ердөө зургаахан минутын дараа өрнөсөн үйл явдал юм.

Уругвайн шигшээ багийн 27 настай тоглогч тэрбээр булангаас дамжуулсан бөмбөгийг мөргөхөөр урагш үсрэхдээ ямар ч хяналтгүйгээр сунаж унасан.

Улмаар Бентанкур талбай дээр есөн минутын хугацаанд эмчийн туслалцаа авч, дамнуургаар цэнгэлдэх хүрээлэнг орхисон юм.

Азаар түүнийг ухаан орж, юм ярих хэмжээнд сэргэсэн гэдгийг клубийн зүгээс мэдэгдлээ.

Харин өдгөө нарийвчилсан шинжилгээнд хамрагдаж, улмаар цаашид шаардлагатай эмчилгээг хийлгэх юм.

“Тоттенхэм” клубийн дасгалжуулагч Анже Постекоглоу тоглолтын дараа Sky Sports-т өгсөн ярилцлагадаа "Надад тодорхой мэдээлэл алга. Миний ойлгосноор бол тэр хувцас солих өрөөнд орох үедээ ухаан санааны хувьд сэргэсэн байна лээ. Бид Бентанкурыг эмнэлэг рүү хүргэж, нарийвчилсан шинжилгээнд хамруулна” гэжээ.

Карабао цомын хагас шигшээ шатнаа явагдсан уг тоглолтод “Тоттенхэм” клуб талбайдаа “Ливерпүүл”-ийг 1:0 харьцаатайгаар буулгаж авсан. Хожлын гоолыг Лукас Бергвалл оруулсан төдийгүй хариу тоглолт ирэх сард явагдах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.