UBLife Logo
Спорт

Рубен Аморим: Алтай Байиндир бол “Манчестер Юнайтед”-ийн баатар эр

Рубен Аморим: Алтай Байиндир бол “Манчестер Юнайтед”-ийн баатар эр

Багийнхаа хоёрдугаар хаалгач байна гэдэг амаргүй. Ялангуяа дэлхийн шилдэг клубүүдийн нэгт хоёрдугаар хаалгачаар тоглох хэр байдаг талаар төсөөлөхөд ч бэрх биз ээ.

Та бүхэн санаж байна уу?

Арванхоёрдугаар сард Карабао цомын тэмцээний шигшээ наймд “Манчестер Юнайтед” клуб “Тоттенхэм”-тэй тоглож, 4:3-аар хожигдоход хаалгач Алтай Байиндирийн алдааг хүн болгон л шоолж байсан. Учир нь тэр 88 дахь минутад Сон Хён Миний булангаас шууд цохисон бөмбөгийг хаалгандаа алдсан билээ.

Гэлээ ч энэ явдлаас хойш ганцхан сарын дараа Байиндирийг дэлхий даяар шагшин магтаж, Улаан чөтгөрүүдийн дасгалжуулагч Рубен Аморим хүртэл “Байиндир бол “Манчестер Юнайтед”-ийн баатар эр” гэж ам дүүрэн магтаж байна.

Өдгөө 26 настай хаалгачийн тухайд ням гарагт Английн цомын тэмцээний 3-р шатнаа “Арсенал”-ыг торгуулийн цохилтоор буулгаж авахад багийнхаа ялалтад хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн юм.

Тэрбээр тоглолтын хоёрдугаар хагаст Мартин Одегаардын торгуулийн цохилтыг хааж, хүний илүүтэй Их буучдын удаа дараа гүйцэтгэсэн довтолгоонуудыг эрслэн зогсоосон бол ялагчийн хувь заяаг шийдэх мөчид Кай Хаверцийн торгуулийн цохилтыг няцаасан.

Туркийн шигшээ багийн тоглогчийг Улаан чөтгөрүүд 2023 оны 9-р сард “Фенербахче”-гаас 4,3 сая фунт стерлингээр эгнээндээ нэгтгэсэн юм. Харин тэр цагаас хойш зөвхөн цомын тэмцээнүүдэд түүнийг ашиглаж, энэ улиралд л гэхэд Карабао болон ФА цомын тэмцээний хүрээнд нийтдээ дөрвөн тоглолтод оролцуулжээ.

“Юнайтед”-ийн дасгалжуулагч Аморим “Заримдаа хөлбөмбөгчний амьдрал ганцхан долоо хоногийн дотор ч гэсэн орвонгоороо өөрчлөгддөг юм гэдгийг Алтайгийн жишээнээс харж болно. “Тоттенхэм”-ийн эсрэг тоглолтын дараа бүгд л Алтайн гаргасан алдааны төлөө хуруугаа хазсан шүү дээ. Гэхдээ тэр өнөөдөр бидний баатар эр боллоо. Нэг тоглолт эсвэл 90 тоглолтод оролцсон эсэх нь хамаагүй, энэ клубийн өмнөөс хүчин зүтгэнэ гэдэг үргэлж баяр баясгалантай үйл хэрэг байдаг” гэв.

Сонирхуулахад, Байиндир ням гарагт толилуулсан сэтгэл хөдөлгөм хаалтуудынхаа хүчинд Английн цомын тэмцээний тоглолтод (2013-14 оны улирлаас хойших) үндсэн цаг болон нэмэлт цагт тус бүр нэг удаа торгуулийн цохилт хаасан Премьер лигийн анхны хаалгач болсон юм.

Тэрбээр маргаангүй энэ тоглолтын шилдэг тоглогчоор тодров.

"Би өдөр бүр хичээн ажиллаж байна. Тоглох эсэхээс үл хамаараад. Талбайд гарахгүй байлаа ч гэсэн минут, секунд тутамд бэлэн байх учиртай шүү дээ. Ялангуяа “Манчестер Юнайтед”-ийн тоглогч бол үргэлж бэлэн байх ёстой" гэж Байиндир хэлсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.