Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи зодог тайлж, Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хурлын талбайд түүний гэргий Доржханд, ууган хүү Тэмүжин, ээж нь ирсэн байв. Аварга “Тэрүнофүжи миний бие өнөөдөр зодог тайлж байна. Цаашдаа ояката болж, хичээн ажиллах тул намайг дэмжээрэй” гэж мэндчилснээр хурал эхэллээ.
-Ингээд зодог тайлах цаг ирлээ.
-Би чадах бүх зүйлээ хийж ирсэн. Энэ башёд бодсоноороо сайн барилдаж чадахгүй байсан тул хоёрын хооронд барилдаж болохгүй гээд зодог тайлахаар шийдсэн. Эхний өдөр унасныхаа дараа дахиж нэг унавал зодог тайлна гэж багшдаа хэлсэн байсан.
-Эхний өдөр унахдаа л шийдсэн байсан уу?
-Дутуу зүйл олон байсан ч түрүүлж чадна гэсэн итгэл байсан. Эцсээ хүртэл өөрийн чадах зүйлээ хийсэн гэж бодож байна.
-14 жил барилдлаа.
-Сайн, муу олон зүйл тохиолдсон. Гэхдээ маш олон хүний дэмжлэг байсан тул өдий хүртэл барилдаж чадлаа.
-Ёкозүна болсноос хойш өөрчлөгдсөн зүйл?
-Ёкозүна болохоосоо өмнө бэлтгэлээ сайн хийвэл болно гэж боддог байлаа. Харин ёкозүна болоод сүмо бөхийн цаад утга учрыг мэдэрдэг болж ирсэн.
- Ганц ёкозүна сүмогийн ертөнцийг дагуулж, үлгэрлэн явж байсан.
-Аварга хүний хувьд хийх ёстой зүйлээ хийсэн.
-Цар тахлын үед ёкозүна болж байсан.
- Энэ башёд үзэгчдийн дуу хоолойг сонсоод их сайхан халуун, дулаан мэдрэмж төрж байлаа.
-Ёкозүна гэж хэн бэ?
-Бөхчүүдийн үлгэр дууриал болсон хүн байх ёстой.
-Тэрүнофүжи оякатагийн хувьд ямар шавьтай болмоор байна?
-Өөртөө ялагддаггүй бөхчүүдийг дэвжээнээсээ төрүүлж гаргамаар байна.
-Энэ тэмцээний эхний өдрийн барилдаан өмнөх тэмцээнүүдээс өөр байсан уу?
-Бэлтгэл хангалттай сайн хийж чадаагүй. Бодож байснаараа барилдаж чадсангүй. Урагшаа бараг унаж байгаагүй ч энэ удаад харин унаад байхаар болохгүй болжээ гэж бодсон.
-Тэр доошоо унаад дахин дээш дэвшсэн үед тань юу тус болов?
-Ояката, хань минь, гэр бүл, ойр дотнын хүмүүсийн ач тус гэж бодож явдаг.
-Хүч чадлаа бүрэн гаргаж чадсан гэж бодож байна уу?
-Бүр илүү ч гаргасан байж магадгүй.
-Сэтгэлд үлдсэн барилдаан?
-Барилдаан болгондоо бүх хүч, анхаарлаа хандуулж ирсэн болохоор нэг барилдаан онцлоход хэцүү байна. Гэхдээ гэмтэж бэртээд жониданд унаад 2019 онд дахин барилдаж эхлэсэн тэр барилдааныг дурдмаар байна. 14 жилд хамгийн их биеэ барьсан барилдаан.
-Сүмо бөхийн хувьд бодож санаж явдаг зүйл?
-Жирийн нэг спорт биш. Үндэсний спорт тул япончуудын бахархлын нэг гэж бодож явдаг.
-Гэргийдээ хэлэх үг?
-Ханьтайгаа уулзсан цагаас хойш сайн, муу бүхэнд хажууд минь хамт байсан. Сэтгэлээр уналгүй, хичээн зүтгэх хүч болсон хүн ч гэргий минь.