“Ёмиүри шимбүн”
Японы Эзэн хааны ордноос Эзэн Хаан Нарүхито, хатан Масако нар ирэх долоодугаар сарын эхний хагаст Монголд айлчилна гэж албан ёсоор мэдэгдлээ. Японы Эзэн хаан, хатны хамт Монголд айлчилж байгаа анхны тохиолдол болох юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан, Улаанбаатарт байдаг “Япон цэргийн дурсгалд зориулсан цогцолбор”-ыг үзэж сонирхон, хүндэтгэл үзүүлэх болно.
Эзэн хааны ордны мэдээлэлд “Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Японд айлчлахдаа анх Эзэн хааныг Монголд айлчлахыг урьж байсан. 2023 оноос хойш нийт гурван удаа урилга ирсэн” гэжээ.
Албан эх сурвалжаас авсан мэдээллээр Эзэн хаан Монголд долоо хоног айлчлах бөгөөд “Наадам” үзэж, сонирхох төлөвлөгөөтэй байна. Мөн “Япон цэргийн дурсгалд зориулсан цогцолбор”-т хүндэтгэл үзүүлэх болно. Монголд дайны дараа Японы 14 мянган цэрэг олзонд байсан бөгөөд 2000 орчим нь амиа алдсан тоо бий. Эзэн хаан хаан ширээнд залраагүй байхдаа 2007 онд тус цогцолборт очиж байсан билээ.

Энэ жил Эзэн хаан дайн дууссаны 80 жилийн ойд зориулан, Ивожима арал, Окинава, Хирошима, Нагасакид очиж, амиа алдсан цэрэг дайчдыг хүндэтгэх болно.
Эзэн хаан, хатны хамт 2011 онд Индонез, өнгөрсөн онд Их Британид хийсэн айлчлалын дараагаар хаан ширээнд сууснаас хойш гадаадад хийж буй гурав дахь айлчлал болох юм.