UBLife Logo
Дэлхий

Трамп Панамыг буулган авлаа, удахгүй Канад, Мексик...

Трамп Панамыг буулган авлаа, удахгүй Канад, Мексик...

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн өдрөөсөө дэлхийг дэлдийлгэсэн олон тушаал гаргасан билээ. Канадыг 51 дэх мужаа болгоно, Мексик, Хятад, Канадыг татвараар булна, Панамын сувгийг буцаан авна, Гренландыг эзлэнэ гэх мэт итгэхэд бэрх олон зүйл ярьсан ч эхнээсээ биелээд эхэллээ.

Юуны өмнө тангараг өргөөд ганц сарын дотор Панамыг “буулган авлаа”. Трампын гол санаа нь Панамын Засгийн газар Америкийн хөрөнгөөр барьсан сувгаа хятадуудад алдаж байна байлаа. Ингээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Панамд айлчлаад суваг Вашингтоны мэдэлд орлоо. Панамын Засгийн газар Хятадтай хамтарсан “Нэг бүс – нэг зам” төслөөсөө татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

Дараагийн алхам нь Мексик, Канадын импортын бараанд 25 хувь, Хятадын бараанд 10 хувийн нэмэлт татварыг хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн оноох болсноо зарласан билээ. Үүний шалтгааныг тэрээр АНУ-ын хилийн аюулгүй байдал, хар тамхины хууль бус наймаа, худалдааны тэнцвэргүй байдал хэмээн тайлбарласан. Цаашдаа мөн ийм арга хэмжээг Европын холбооны эсрэг авна гэдгээ мэдэгдсэн. Өчигдөр орой Дональд Трамп Мексик, Канадын удирдагчидтай ярилцана гэж хэлсэн ч “Эерэг үр дүнд итгэхгүй байна. Тэд бидэнд төлөх ёстой юмаа төлөх болно” гэж хатуу мэдэгдсэн юм.

Канад, Мексикийн Засгийн газраас АНУ-ын эсрэг ижилхэн 25 хувийн нэмэлт татвар авч, сөрөг арга хэмжээ авна гэж байсан ч тэд бууж өгөхөд ойрхон болжээ.  

Өчигдөр тус хоёр улсын Засгийн газрын тэргүүд Трамптай утсаар ярьсан, Трамп нэмэлт татвар оноох хугацааг нэг сараар хойшлуулснаа зарлалаа. Мексикийн Ерөнхийлөгч  Клаудия Шейнбаум хойд хилийн аюулгүй байдлыг хангах, хар тамхины худалдааг зогсоохын тулд 10 мянган цэрэг илгээнэ гэдгээ амлаж байж, нэг сарын “чөлөө” авч чадлаа.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ч 200 сая ам.доллар гаргаж, хилийн хамгаалалтыг сайжруулна гэдгээ амлаад мөн нэг сарын хугацаа авчээ. Тэрээр энэ сарын дотор хоёр орны харилцааг хэвийн болгох арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна. Харин Трамп түүнд “Хил дээр нэмэлт 10 мянган хүн гаргаж, фентанил гэдэг мансууруулах бодисыг хил нэвтрүүлэхгүй байх, хянах. Нисдэг тэрэг, орчин үеийн технологи ашиглаж, хууль бус наймаатай эрчимтэй тэмцэх. Энэ 30 хоногийн дараа бид эдийн засгийн харилцаа, хэлэлцээр хийх эсэхээ шийднэ” гэж үүрэг өгсөн байна.

Дональд Трамп ойрын үед БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпинтэй энэ талаар ярилцахаа мэдэгдсэн ч Хятадын тал буулт хийх эсэх нь тодорхойгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.