UBLife Logo
Спорт

40 нас хүрсэн Роналду: Би хамгийн төгс хөлбөмбөгчин

40 нас хүрсэн Роналду: Би хамгийн төгс хөлбөмбөгчин

Өнөөдөр Португалын супер од Криштиану Роналду 40 нас хүрч байна. Тэгш ойнхоо өмнө тэрээр La Sexta сувгийн сэтгүүлч Эдуардо Агирред тун сонирхолтой ярилцлага өгч, дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчинг нэрлэлээ. Ингээд түүний ярилцлагын онцлох хэсгүүдийг дурдья.

Мбаппегийн талаар

“Би Мбаппед довтлогчийн байрлалд яг над шиг тоглохыг зөвлөх байна. Хэрэв би “Реал”-д байсан бол яаж тоглохыг нь зааж өгөх байлаа. Би 9 дугаар биш байсан ч төвийн довтлогч шиг л тоглодог байлаа. Довтолгооны байрлал нь түүнд бага зэрэг хэцүү байна. Миний бодлоор тэр энэ байрлалд яаж тоглохоо ойлгохгүй байх шиг. “Реал”-ын хөгжөөн дэмжигчдэд хэлэхэд “Энэ залууг хайрлаарай. Сайн тоглогч шүү. Би түүнд их хайртай. Намайг багадаа шүтдэг байсан болохоор нь төдийгүй түүнийг агуу тоглогч гэдгийг мэдэрч байна”

Түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчин

“Би шилдэг мэргэн буудагч, хамгийн төгс хөлбөмбөгчин. Өөрөөсөө сайн тоглогчийг би хараагүй. Үүнийг би үнэн зүрхнээсээ хэлж байна. Хүмүүст Месси, Пеле, Марадона гээд янз бүрийн тоглогч таалагддаг, би үүнийг хүндэлнэ. Гэхдээ би хамгийн онцгой нь. Би хөлбөмбөгт бүгдийг чадна. Толгойгоороо сайн тоглож, хаалттай цохилтдоо сайн, зүүн хөлөөрөө ч сайн цохидог. Би хүчтэй, хурдан, өндөр үсэрч чадна”

Саудын Араб, АНУ лигийн талаар

“Саудын Арабт анх ирж байхдаа энэ лиг ийм хурдан сайжирна гэж төсөөлөөгүй. Гэхдээ 2-3 жилийн дараа одоогийнх шиг болно гэж итгэж байлаа. Энэ лигийг МЛС-тэй харьцуулаад байх юм. Саудын Арабын лиг илүү хүчтэй нь илэрхий”

Месситэй хийсэн өрсөлдөөн

“Бид 15 жил хөлбөмбөгийн талбайг хуваасан. Бид хоёр үргэлж сайхан харилцаатай байсан. Нэг удаа түүнд англи хэлний орчуулагч хүртэл хийж өгч байлаа. Бид өөрсдийн клуб, шигшээгээ өмгөөлөн хамгаалж тоглодог байсан. Нэг нэгнээ хурцална. Формула-1 уралдааны Сенна, Прост хоёр шиг шударга өрсөлдөж байсан он жилүүд бий”

1000 гоол

“Хүмүүс 1000 гоол гэж ярих юм. Би маш олон гоол хийдэг ч тэд үнэлдэггүй. Бүгд л “Роналдуд ахиад 85 үлдлээ” гэцгээнэ. Надаад энэ нь таалагддаггүй. Бүх юм болдгоороо болох ёстой. 920, эсвэл 930 гоол оруулсан ч би түүхэн дэх шилдэг мэргэн бууч. 1000 гоолд хүрвэл сайн хэрэг. Гэхдээ чадах эсэхээ мэдэхгүй байна”

Дасгалжуулагч ямар байх ёстой вэ?

“Өмнө нь өөрөө хөлбөмбөг тоглож байсан байх ёстой. Тоглож байгаагүй хүн амжилт олоход тун хэцүү. Түүхийн хуудас сөхөн харахад шилдэг 50 дасгалжуулагчийн 48 нь хөлбөмбөгчин байсан байдаг. Гэхдээ надад хайртай дасгалжуулагч гэж байхгүй. Би бүгдээс нь суралцдаг байлаа. Хөлбөмбөг огт ойлгодоггүй, маш муу дасгалжуулагч ч надад байсан”

“Реал”-д буцах талаар

“Зодог тайлсан хойно юу тохиолдохыг хэлж мэдэхгүй юм. “Реал”-д байсан үе минь миний хөлбөмбөгчийн амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан”

“Алтан бөмбөг”

“Яаж ч бодсон Винисиус авах ёстой байлаа. Одоо энэ шагнал ямар ч нэр хүндгүй болсон. Би Вини шиг байдалд хоёр удаа орж байсан”

Алдар, нэр хүнд

“Дагагч хамгийн олонтой, хамгийн алдартай нь миний буруу биш. Хүмүүс Криштиануд хайртай. Яагаад би намайг танихгүй баар орьё гэж бодох ёстой гэж? Би өөр хүн. Тогтоосон рекорд, тоо баримт худлаа ярихгүй. Надад онгирох хэрэгцээ байхгүй”

Шүүмжлэгчид

“Нас ахих тусам хүн тайвширч, тогтуун болдог. Би шүүмжлэгчдэд анхаарал хандуулдаггүй. Угаасаа надад атаархагчид олон бий. Үргэлж тийм байх болно. Би өөртөө хайртай хүмүүстэй хамт байхыг илүүд үздэг”

Ирээдүй

“Би өнөөдөр зодог тайлж чадна, юунд ч харамсахгүй. Гэхдээ гомдолтой шүү дээ. Би сайн тоглогч хэвээр байна, багийнхаа ялалтад үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс өнөөдрөөрөө амьдарч, алс холыг боддоггүй”

Зодог тайлсны дараа

“Миний ирээдүй намайг хурцалж чадах, нийгэм, залуу хүмүүст тустай компани, үйл ажиллагаатай холбоотой байх болно. Зочид буудал, эмнэлэг, нөхөн сэргээх төв гээд л. Сонирхол татах зүйлээ л хийнэ. Гэхдээ энэ үе ойрхон гэж бодохгүй байна”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.