UBLife Logo
Спорт

Уран гулгалтын ертөнц уй гашууд автлаа

Уран гулгалтын ертөнц уй гашууд автлаа

Өнгөрсөн лхагва гарагт буюу 2025 оны нэгдүгээр сарын 29-нд АНУ-ын Вашингтон Ди Си хотноо газардах гэж байсан "American airlines" авиакомпанийн иргэний агаарын тээврийн "Bombardier CRJ700 " загварын онгоцтой АНУ-ын армийн "Sikorsky H60 Black hawk" нисдэг тэрэг мөргөлдсөн аймшигт осол гарсан билээ.

Ослын улмаас "АА"-ийн онгоцны 60 зорчигч, 4 багийн гишүүн, нисдэг тэрэгний багийн гишүүн 3, нийт 67 хүн амиа алдсан.

Тэдний дотор хэдхэн хоногийн өмнө Канзас мужийн Уичита хотноо болсон АНУ-ын уран гулгалтын АШТ-ий дараах хамтарсан бэлтгэл, цугларалтад оролцсон өсвөрийн тамирчид, багш дасгалжуулагч гээд уран гулгалттай холбоотой 14 хүн байсан нь тодорхой болоод байгаа билээ. Тухайлбал 1994 оны уран гулгалтын дэлхийн аварга Евгения Шишкова-Вадим Наумов нар, ОХУ-ын АШТ-ий медальт Инна Волянская гээд АНУ-ын багт ажиллаж байсан ОХУ-ын дасгалжуулагчид болон АНУ-ын ирээдүйтэй уран гулгагчид гэгдэж байсан С.Лэйн, Ж.Хан, Э.Жоу, эгч дүү Эверли болон Лидия Ливингстон( тэдний эцэг, эх мөн хамт явсан), Ф.Апарисио, Ш.Кэй, А.Янг нар амь насаа алджээ.

Уран гулгалтын ертөнцөд тохиолдсон хамгийн "хар өдрийн" нэгд энэ осол тооцогдоно.

Өмнө нь 1961 онд мөн л онгоцны ослоор уран гулгалтын ДАШТ-д оролцохоор явсан АНУ-ын шигшээ багийн 18 гишүүн (тамирчид болон дасгалжуулагчид) алтан амиа алдаж байсан хар түүх бас байдаг.

Уран гулгалтын гэр бүлийнхэн, онгоцны ослоор амь үрэгдсэн бүх хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд Олон Улсын Олимпийн хороо болон Олон улсын уран гулгалтын холбооноос гүн эмгэнэл илэрхийллээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
5
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.