Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг тавантаа гардсан Криштиано Роналду 2-р сарын 5-ны өдөр 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ.
"Аль-Насср" клубтэй үзэглэсэн түүний гэрээ энэ улирлын төгсгөлд дуусах юм. Гэсэн хэдий ч түүний Саудын Арабт оршин суух хугацааг ахин нэг жилээр сунгах шийдвэр аль хэдийн баталгаажсан гэдгийг “Аль-Насср”-ын албаны хүн “Франс Пресс” агентлагт мэдээлжээ.
Ингэснээр Роналду лавтай 2026 оны 6-р сар хүртэлх хугацаанд “Аль-Насср”-ын төлөө хүчин зүтгэх болж байгаа юм.
“Аль-Насср”-ын албаны хүн хэлэхдээ “Клуб болон тоглогчийн агентийн зүгээс Роналдугийн гэрээг сунгах асуудлаар аль хэдийн тохиролцсон. Хэдийгээр гарын үсэг зураагүй байгаа боловч ойрын өдрүүдэд энэ асуудлыг албан ёсоор эцэслэнэ” гэв.
“Манчестер Юнайтед” болон “Реал Мадрид” клубийн домогт хөлбөмбөгчин тэрбээр 2-р сарын 6-ны өдөр Про лигийн чухал тоглолтод оролцож, “Аль-Фейха”-гийн эсрэг гоол оруулсан төдийгүй баг нь 3:0 харьцаатай ялалт байгуулснаар түүний төрсөн өдрийн баяр утга төгөлдөр өнгөрсөн юм.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-0bbe787d-6c13-47df-893f-3619e464bbe4.jpg)