Энэ сарын 4-нд олимпын 3, дэлхийн 6 удаагийн аварга Бувайсар Сайтиевтай салах ёслол гүйцэтгэлээ. Түүнийг Дагестаны Новокули тосгонд оршуулсан бөгөөд Кавказийн бүх ард түмний төлөөлөл цугларсан байлаа.
Түүний үхлийн шалтгаан эмийн хордлогын улмаас зүрх зогссон гэж байгаа ч тодорхой бус хэвээр байна. Тиймээс ч олон янзын цуурхал гарсаар.
Сайтиев 50 насныхаа ойг гуравдугаар сарын 9-нд тэмдэглэх ёстой байлаа. Тэрээр Дагестанд төрсөн ч чечень хүн. Бувайсар ОХУ, Дагестан, Чеченийн бараг бүх Төрийн шагналыг хүртсэн, алдартай тамирчин. Чеченийн тэргүүн Кадыров алдарт бөхийн дурсгалыг хүндэтгэн, гурав хоногийн гашуудал зарласан.

Гуравдугаар сарын 2-нд нас барсан түүнийг 4-нд нь оршууллаа. Ингэхэд тэр 2-ны өдөр яг юу болсон юм бол? Эхлээд түүнийг эмийн хордлогоор эмнэлэгт хүргэгдээд зүрх нь зогссон гэж албан ёсоор мэдээллэж, цонхоор унасан талаар огт мэдээ байгаагүй. Гэвч удалгүй гэрийнхээ цонхоор унаад эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураасан болж таарсан.

Түүний гэргий Индира “РБК”-д ярилцлага өгөхдөө “Би яагаад ийм зүйл тохиолдсоныг мэдэхгүй байна. Унтлагын өрөөний цонхоор унасан гэж ярих юм. Манай унтлагын өрөөний цонх онгойдоггүй. Бувайсар үргэлж яагаад цонх онгойдоггүй юм бол гээд оролдож байдаг байсан. Гэхдээ цонхоо засах гэж байгаад унасан гэж баталж чадахгүй. Яагаад гэвэл би гэртээ байгаагүй, хараагүй” гэж хэлжээ.
Москва дахь тэдний гэр хоёр (зарим хэвлэлд 3) давхарт байдаг. Байрны жижүүр засмал зам дээр хэвтэж байгаа эрийг хараад Түргэн тусламж дуудсан гэнэ. Ингээд эмнэлэгт хүргэсэн ч аварч чадсангүй. Энэ үед тэдний гэрт 4 болон 8 настай хоёр хүү нь, мөн олимпын аваргын дүү нарын нэг байжээ. 50 нас хүрэх гэж байсан алдарт тамирчны утгагүй үхэл ард түмний дунд олон янзын цуурхал, магадгүй амь насанд халдсан хэрэг гэх мэт яриаг төрүүлэхээс өөр аргагүй байгаа юм.
Сайтиев сүүлийн жилүүдэд Спортын яаманд ажиллаж, хүүхдийн спортыг хариуцдаг байжээ. Өөрөө ч зургаан хүүхэдтэй. Нэг нь боксчин, бас нэг хүү нь хөлбөмбөгчин. Зодог тайлаад улстөрд орсон. Дагестан, Чеченийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж, 2016 онд төрийн Думд сонгогдсон. Украины дайны эсрэг байсан гэсэн яриа ч бий.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Саитиев уушгины өвчнөөр хүчтэй эм хэрэглэдэг байжээ. Тэгвэл түүний туслагч Муххамад-Эмин Кантаев ”Одоо бүгд л Сайтиев уушгины өвчтэй байж гэж ярьж байна. Энэ бол худал мэдээлэл. Тэр хүнд өвчтэй байгаагүй. Зүгээр байсан” гэж “КП-Северный Кавказ-д ярилцлага өгөхдөө үгүйсгэсэн байна.
Гэрт олон хүн байсан ч нэг нь ч түүнийг унаж байхыг хараагүй. Гэхдээ ийм олуулаа байхад нь амь насанд нь халдах оролдлого хийхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ёстой л азгүй, санамсаргүй тохиолдол гэх хувилбар хамгийн үнэн бололтой. Хэдий хоёр давхар ч Саитиев унахдаа эвгүй унасан байна. Хавирга, гуя нь хугарсан байсныг Индира Сайтиева баталсан.