Битүүний өдөр явагдсан модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаар зургаа давж, Их шөвөгт шалгарсан аймгийн арслан Шаравдоржийн Отгонтөгсийн тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна. Тэрбээр тухайн барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр, Д.Анар, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, аймгийн арслан М.Бямбадорж, Т.Баттогтох нарыг хаяж, эл наадмын түрүү бөх аварга О.Хангайд өвдөг шороодсон билээ.
#1. Арслангуудыг чансаагаар тэргүүлсэн бөх
Тэрбээр өнгөрсөн жилийн эхэнд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн чансааг тэргүүлж байв. Ш.Отгонтөгс 2023 онд Бөхийн өргөөнөө явагдсан аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд нэг түрүүлж, хоёр удаа Их шөвөгт шалгарсан юм.

#2. Амжилтаараа хохирсон нь
Улсын наадам бүтэн жилд ганцхан удаа болдог учир бөхчүүдийн хувьд даваа бүхэн хариуцлагатай байдаг. Ш.Отгонтөгс Улсын баяр наадамд зургаан удаа зодоглохдоо дөрөвт нь хоёр давсан. Тэрбээр Улсын наадмын гурвын даваанаа улсын гарди М.Бадарчтай хоёр удаа таарч, хоёуланд нь өвдөг шороодсон юм. Гэвч нэг удаагийн тохиолдолд нь М.Бадарчаас допинг илэрснээр цолны даваанаа түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгосон. Харин түүнтэй гурав, дөрвийн даваанаа таарч барилдсан Ш.Отгонтөгс, Я.Бумбаяр нар цол, чимэгийн алинг нь ч нэмж чадалгүй хохирч үлдсэн билээ.

#3. Идэр бөхийг тунаанаас гаргасан арслан
Тэрбээр өнгөрсөн жилийн Бүх цэргийн баяр наадмаар гурвын даваанаа тухайн барилдааны түрүү бөх, сумын манлай заан Д.Цэрэннямыг амлаж барилдаад тахим буулгасан юм.
Хожим нь Д.Цэрэнням дурсахдаа “Нутгийн сайхан арслан, улсын цолонд хамгийн ойрхон байгаа бөх Ш.Отгонтөгс ахдаа баярлалаа гэдгээ хэлье. Тэгэхэд Ш.Отгонтөгс арслан өөрөө дээшээ зүтгэе гэсэн бол үзүүр, түрүүнд ч гараад ирэх бололцоотой байсан. Үүнээс өмнө бид аймгийн наадмын дөрвийн даваанд хоёр удаа таарч барилдаад хоёуланд нь би унасан юм. Ш.Отгонтөгс арслан маань “Ах нь дүүдээ нэг тус болно оо. Хүмүүс ахаас нь “Цэрэнням яагаад цол авахгүй байна” гэж асуудаг. Тэр үед ахынх нь сэтгэл тавгүйтдэг юм. Энэ сайхан залууг дөрвийн даваанд хоёр удаа давсандаа ахынх нь сэтгэлд эвгүй байдаг” гэж хэлдэг байсан. Бүх цэргийн наадмаар гурвын даваанд амлачихаад “Ах нь чамайг тунаанаас гаргаж өгье. Харин дээшээ сайн барилдаарай” гээд элэг бүсээ тайлж өгсөн. Их баярласаан, тэр үед. Гурвын даваанд өгчихөөд туж миний ард суучихаж байгаа юм, ах. Энэ бөхтэй ингэж барилдаарай гэж зөвлөөд л. Би ч гэсэн яг ахынхаа хэлснээр л барилдсан” гэж ярьсан байдаг.

#4. Аймгийн наадмын амжилт
Ш.Отгонтөгс 22 настайдаа аймгийн харцага цолонд хүрч, хоёр жилийн дараа цолоо баталсан төдийгүй 2016 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлснээр аймгийн арслан цолыг авсан юм. Тэрбээр 2019, 2021 онуудын аймгийн баяр наадамд нэг үзүүрлэж, нэг шөвгөрсөн амжилттай бөх билээ. Түүний хувьд, аймгийн баяр наадмаар тав, зургаа, долоо, найм давж, цолны бүх давааг гэтэлсэн өвөрмөц амжилтын эзэн юм.

#5. Ирэх зун цол нэмэх Хэнтийн сайчуул
Сумын заануудын манлай нь явсан Д.Цэрэнням, Д.Алтанцоож нар хоёр хоногийн зайтай "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг ээлж дараалаад гардсан нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын үйл явдал билээ. Тэгвэл залгаад Ш.Отгонтөгс сар шинийн барилдаанд шуугиуллаа. Ингэхээр Хэнтий нутгийн арслангууд өнөө жилийн наадмаар улсын цолны таамагт гарцаагүй яригдах биз ээ. Харин хэд нь улсын цолны босго давах вэ гэдэг асуултын хариу сонирхолтой байх болно.
