БНСУ-ын дуучин Хви Сон өчигдөр /2025.03.10/ Сөүл хот дахь гэртээ амиа алдсан байна. 43 настай байлаа. Орой 18:30 цагийн орчим ээж нь хүүгээ ухаан алдсан байна хэмээн дуудлага өгсөн бөгөөд аврагчид 7 минутын дараа хүрч ирэхэд хэдийн амьсгал хураасан байжээ.
Цагдаагийн газраас “Биднийг очиход амиа алдаад нэлээд удсан байсан. Гэмт хэрэг, хүчирхийлэлд өртсөн ул мөр олдоогүй. Үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдээллээ. Мөн гэрээслэл үлдээсэн эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Хви Сон 2002 онд "Like A Movie” цомгоор замналаа эхэлж, Шинэ уран бүтээлчийн шагнал хүртэж байсан. Маш олон хит дууны үгийг зохиосон.
Тэрээр энэ сарын 15-нд дуучин KCM-тэй хамт Тэгуд тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм. Хви Сон 2020 онд хоёр удаа этомидат хэтрүүлэн хэрэглээд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэж байжээ.