Энэ сарын 18-21 нд Олимпын өлгий нутаг Грект Олон улсын олимпын хорооны ээлжит 144 дүгээр чуулган хуралдана. Чуулганы үеэр ОУОХ -ны ерөнхийлөгчийн сонгууль (03.20) болох бөгөөд энэ нь спортын ертөнцийн хамгийн чухал үйл явдлын нэг билээ.
Дэлхий дахины байдал тогтворгүй, олон улсын харилцаа төвөгтэй байгаа энэ цаг үед ОУОХ-г удирдах ерөнхийлөгч хэн байхаас Олимпын хөдөлгөөн, Олимпын наадам болон спортын төрлүүд, тамирчдын хөгжил дэвшил ирээдүй ихээхэн шалтгаалах тул онцгой чухал сонгууль болох нь тодорхой байгаа.
Одооны ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах 2023 оноос хойш 12 жил "Олимпын босс"-оор ажиллаад ирэх зургадугаар сарын 25-нд шинэ ОУОХ-ны ерөнхийлөгчид ажлаа хүлээлгэн өгөх юм. Германы иргэн, туялзуур жадны тамирчин Томас Бах Олимпын ерөнхийлөгчийн сэнтийд заларсан анхны Олимпын аварга хүн. Мэдээж Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдэд Т.Бах олон олон сорилттой (допинг, дайн, цар тахал , жендер гэх мэт) тулгарсан, сайн муу нэр аль алиныг нь зүүсэн. Гэхдээ тэр явах нь тодорхой болсон тул түүнийг хэн залгамжлах вэ гэдэг талаар ярилцая.
ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд ОУОХ-ны гишүүн долоон хүн нэр дэвшиж байгаа.
Тэднээс сонгуульд ялах магадлал хамгийн багатай нь Японы Моринари Ватанэба. Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Ватанэба англи хэлэндээ муу. Тиймээс ч ОУОХ шиг том байгууллагыг (206 гишүүн оронтой) удирдах хүн дэлхийн хамгийн нөлөө бүхий хэлээр сайн ярьж чадахгүй бол хэрхэн өөрийгөө гүйцэд ойлгуулж, удирдах билээ?
Мөн Ватанэбагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч бүтэшгүй зүйл бий. Жишээ нь, Олимпын наадмыг таван тивд зэрэг зохиож , 24 цагийн турш ТВ-ээр тасралтгүй шууд дамжуулна ч гэх шиг.
Дараа нь Францын Давид Лапартьен санал тун бага авах нэр дэвшигч. Олон улсын дугуйн холбооны ерөнхийлөгч олрн улсад бүү хэл Францдаа ч спортын том зүтгэлтэнд тооцогддоггүй. 2030 онд Францад болох Өвлийн олимпыг зохион байгуулах хороогоо ч Давид тэргүүлэх эсэх нь эргэлзээтэй тул юун ОУОХ-ны ерөнхийлөгч?!
Шведийн бизнесмэн, тэрбумтан Йохан Элиаш бол бас нэг ялах магадлал бага нэр дэвшигч. Олон улсын цанын холбооны ерөнхийлөгч Элиаш удирддаг холбоогоо ч асуудалтай байлгадаг хүн. Тэгэхээр ОУОХ бол түүнд ахадна.
Йорданы Ханхүү Фейсал ибн Хусейн дээр дурьдсан гурваас илүү давуу тал бий. Гэхдээ ОУОХ-ны гишүүдийн дунд барон, лорд, херцог хэргэмтэй, хуучны үзэл баримтлалтай хүн олон тул Хусейнд тэр болгон санал өгөхгүй л болов уу?
Ингээд долоон нэр дэвшигчээс сонгогдох магадлал бага дөрвийг танилцууллаа.
Харин одоо үлдсэн гурван нэр дэвшигч буюу магадлал өндөр гурвын тухай...
Долоон нэр дэвшигчийн дунд цорын ганц бүсгүй бий нь Кирсти Ковентри. Олимпын хошой аварга усанд сэлэгч Зимбабве улсын иргэн Ковентриг одоогийн ерөнхийлөгч Т.Бах зүтгүүлж буй.
Африк бүсгүй сонгуулийн сурталчилгаандаа тун идэвхгүй байгаа ч хэнтэй ч "муудалцдаггүй", төвийг сахисан, ашиг сонирхол багатай гэсэн эерэг "үзүүлэлттэй". Харин дөнгөж 41 настай болохоор ОУОХ-ны 40 гаруй 65 -аас дээш настай гишүүдэд "ногооноороо" харагдах муу талтай.
Тэгээд бас ОУОХ-ны өмнөх 9 ерөнхийлөгч бүгд эрэгтэй, найм нь Европын, нэг нь Америкийн "цагаанууд" байсныг мартаж болохгүй. ОУОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн Ковентри "Еөк"-өөр сонгогдох магадлал бий ч баталгаа бол байхгүй.
Олимпизмийн түүхэн дэх хамгийн шилдэг ерөнхийлөгчид тооцогддог Испанийн Маркиз хэргэмт Хуан Антонио Самаранчийн хүү, "бага" Хуан Антонио Самаранч Орчин үеийн 5 төрөлтийн спортын "босс"бөгөөд ОУОХ-ны 109 гишүүний дотор түүний төлөө саналаа өгөх хүн цөөнгүй байгаа. Харин аавынх нь харизм, удирдах зан чанар, ур чадвар хүүд нь хэр зэрэг өвлөгдсөн бол?
За ингээд хамгийн сүүлд Их Британий лорд Себастьян Коу.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Олимпын аварга. "Лондон-2012" Олимпыг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж чадвартай удирдагч гэдгээ харуулсан. Спортын "Хатан хаан" хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн хувьд хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байнга байдаг нь томоохон давуу тал, боломж.
Гэхдээ "Парис-2024" олимпын наадмаар хөнгөн атлетикийн медальт байр эзэлсэн тамирчдад мөнгөн шагнал олгосон нь ОУОХ-ны олон гишүүдэд таалагдаагүй, мөн бусад спортын төрлүүд ч дургүйцлээ илэрхийлсэн. ОХУ-ын тамирчдын эсрэг хамгийн хатуу бодлого баримталдаг, Коу.
За тэгээд эцэст нь хэлэхэд спортыг улс төрөөс хол байлгаж чадах хүн л Олимпын босс болоосой доо.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин