Мэргэжлийн сүмод алдарт аваргуудын удмынхны өрсөлдөөн үргэлжилсээр байна. 2025 он гарсаар эхэлсэн Монголын их аварга Асашёорюү, Хавайн ёкозүна Мүсашимарү нарын авга дүү нарын “дайн” Хаврын тэмцээнд дахин боллоо.
Аса аваргын авга дүү Тэнросэй, Хавайн арлын ёкозүна Мүсашимарүгийн авга дүү Хикаримүсаши хоёр Нэгдүгээр сарын тэмцээний шинэ бөхийн зэрэглэл тогтоох барилдаанд учраа таарч, Тэнросэй цүкиотоши мэхээр ялснаар мэргэжлийн сүмо бөхийн анхны даваагаа авч байсан билээ. Авга ах нар нь хоорондоо 9 удаа тулж, Мүсашимарү 5 давж, Аса аварга 4 давж байжээ.
Энэ удаад тэд жонокүчи зиндааны дохён дээр тулж, манай бөх мөн л яллаа. Гэхдээ ёрикири мэхээр давжээ.

Барилдааны дараа Тэнросэй “Өрсөлдөгч маань өмнөх барилдаанаас илүү хүчтэй болсон болохоор яасан ч ялагдахгүй гэж бодож байлаа. Сүмо холбооны шинэ бөхийн хичээл дээр хамт бэлтгэл хийж байгаа. Түлхэхдээ тун сайн болж. Яаж ч түлхсэн, дайрсан тэвчиж байгаад мавашины барьц авна гэж бодсон. Өрсөлдөгч хэн байх нь надад хамаагүй. Би ч гэсэн улам хүчтэй болмоор байна. Мавашины барьц аваад урагш шууд түлхэн дайрах бодолтой. Үлдсэн 5 барилдаандаа хичээнэ” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Тэнросэй Харү башёд 2 бхрилдаж, 2 даваад байна.
Тэнросэй – 18 настай. 186 см өндөр, 116 кг жинтэй. Д.Дагвадоржийн төрсөн ах, Улсын начин Д.Сэржбүдээгийн хүү С.Лувсангомбо юм. Шикорояма дэвжээний бөх. Мэйтокү сургуульд байхдаа Бүх Японы аварга шалгаруулах ахлах ангийнхны тэмцээний шилдэг 16-д багтаж байсан. Гэвч сургуулиа орхиод мэргэжлийн сүмоч болохоор шийдсэн байна. Нэг жилийн дадлагын хугацаандаа санданмэ зиндааны бөхчүүдтэй ана мана өрсөлддөг болсон гэж ояката нь ярьж байв. Шикорояма ояката “Дэлхийд хамгийн хурц гэрэлтдэг од бол Хөхдэй мэргэн. Хөхдэй мэргэнийг японоор Тэнросэй гэдэг. С.Лувсангомбыг сүмод хамгийн хурц гялалзсан од нь байгаасай гэсэн хүслээ шингээгээд Тэнросэй гэж нэрлэсэн” гэжээ.
Харин ёкозүна Мүсашимарүгийн авга дүү Хикаримүсаши хэмээх Даниел мөн 18 настай. Хавайн арлын уугуул. Мүсашигава дэвжээ. 2019 онд зодог тайлсан тус дэвжээний Мүсашикүнигийн төрсөн дүү.