UBLife Logo
Спорт

Монголын жүдочид Тбилисийн Их дуулга тэмцээнд хэрхэн барилдав?

Монголын жүдочид Тбилисийн Их дуулга тэмцээнд хэрхэн барилдав?

Гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдээр Гүржид явагдсан Тбилисийн Их дуулга тэмцээнд 52 улсын 385 жүдоч хүч сорилоо.

Энэхүү тэмцээнд Монголын 19 бөх барилдсан юм.


Эрэгтэйчүүдийн:

60 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөж, Арменийн Андреян Ашик, Кубийн Чарон Жонатан нарыг ялснаар “В” хэсгийг тэргүүлсэн.

Тэрбээр хагас шигшээд энэ наадмын түрүү бөх Лука Мхейдзед, хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Жаринг Эмиэлд унаснаар V байрт шалгарсан юм.

Харин К.Ёолкийн тухайд Эль Сальвадорын бөх Морено Жайрог давж, шигшээ 16-д Нидерландын Жаринг Эмиэлд уналаа.

Энэ жингийн түрүү бөхөөр дэлхийн чансааны 4-р байрт эрэмбэтэй, сүүлийн хоёр олимпоос мөнгө, хүрэл медалийг гардаад буй Лука Мхейдзе тодорсон. Тэрбээр Их дуулга ангилалд зургаа дахиа финалдаж, дөрөв дэх түрүүгээ дархлав. Харин Бразилийн 20 настай Мишель Аугусто Их дуулга ангиллаас анхны медалиа атгасан нь мөнгө болж таарсан.

Шигшээ наймд Э.Ариунболдод унасан Кубийн Чарон Жонатан, медалийн төлөөх барилдаанд Э.Ариунболдыг ялсан Нидерландын Жаринг Эмиэл нар хүрэл медалийн тавцанд зогслоо.


66 кг-д оролцохоор зэхэж байсан ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү бэртлийн улмаас өнжсөн бол Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, нэг хүрэл медальтай Ө.Бямбасүрэний хувьд Узбекистаны Нутфуллоев Абдурахимд ялагдсан.

Ё.Басхүү энэ тэмцээнийг алгассан нь бусад жүдочдод түрүүлэх боломжийг нээж өгсөн гэхэд хилсдэхгүй.

Улмаар эл жинд таамаг эвдэгдэж, өсвөр үе болон залуучуудын ангиллаарх дэлхийн аварга Оросын 22 настай Абрек Нагучев Их дуулга ангилалд анх удаагаа финалдаж, анхны түрүүгээ авлаа.

Темур Нозадзе нутгийнхаа дэвжээнд гурав дахиа финалдсан ч, харин энэ удаа түрүүлж чадсангүй. Тэрбээр Их дуулга ангиллаас хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай болов.

Хүрэл медалийг Узбекистаны бөхчүүд болох Азизбек Ортиков, Нутфуллоев Абдурахим нар гардлаа.


73 кг-д өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Анхзаяа тэгшитгэх барилдаанд Туркийн Токтай Эждэрт уналаа.

Бага дэлхийн аварга гэгддэг Парисын Их дуулга тэмцээний хүрэлтэй О.Уранбаяр эхний тойрогт гоц мөргөж, Киргызийн бөх өсвөр үеийнхний Азийн АШТ-ий хүрэл медальт Бакирдинов Нурмухаммедийг ялсан.

Тэрбээр шигшээ наймд энэ наадмаас хүрэл медаль хүртсэн Австрийн Гасснер Самуэлд ялагдсан юм.

Энэ жинд олимпын наадмын иж бүрэн медальтай, дэлхийн аварга Лаша Шавдатуашвили түрүүллээ. Тэрбээр Тбилисийн Их дуулгаас гурав дахь, Их дуулга ангиллаас зургаа дахь алтан медалиа авсан нь энэ.

Уг тэмцээнд үзүүрлэсэн Армен Агаяны тухайд Их дуулга ангиллын мөнгө, хүрэл медальтай боллоо.

Австрийн Гасснер Самуэл болон Парисын олимпын од Жоан-Бенжамин Габаг ялсан Италийн Леонардо Валериани нар Их дуулга ангиллаас анхны медалиа авсан нь хүрэл байж таарав.


81 кг-д барилдсан Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр, Грекийн Михайл Цоутласвили, Австрийн Бернд Фашинг, Израилийн Ифтач Бадаш нарыг ялснаар шигшээ наймд шалгарсан.

Тэрбээр “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд нутгийн бөх Иракли Берошвилид, дагах барилдаанд Францын Арнауд Арегба нарт унаснаар VII байрт эрэмблэгдэв.

Энэ жинд Туркийн бөх ДАШТ-ий хүрэл медальтай Ведат Албайрак түрүүллээ. Энэ нь түүний Их дуулга ангиллаас авч буй арав дахь медаль төдийгүй дөрөв дэх түрүү нь юм.

Харин 73 кг-ын жингээс дээш өгсөөд удаагүй байгаа, 81 кг дахь дэлхийн чансааны 183-р байрт эрэмбэтэй Молдавын Петру Пеливан Их дуулга ангилалд хоёр дахиа финалдаж, хоёуланд нь үзүүрлэлээ.

Хүрэл медалийг эзэн орны Иракли Берошвили, Заур Двалашвили нар гардлаа.


90 кг-д өнөө жилийн УАШТ-ий энэ жинд түрүүлсэн, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай Ц.Ган-Эрдэнэ барилдсан ч, Нидерландын Марк Ван Дейкт уналаа. Ван Дейк дараагийн тойрогтоо дэлхийн аварга Лука Майсурадзег ялж шуугиан тарьсан юм.

Актау хотноо явагдсан Азийн нээлттэй тэмцээний аварга Б.Мөнхбаярын тухайд, Словакийн Алекс Бартог ялж, энэ өдөр Их дуулга ангиллаас гурав дахь хүрлээ гардсан Бразилийн Рафаэль Маседод ялагдлаа.

Энэ жинд түрүүлсэн Узбекистаны Умар Бозоров Их дуулга ангиллаас анхны медалиа зүүв.

Харин Улаанбаатар болон Парисын Их дуулгаас хүрэл медалийг хүртээд буй Францын бөх Алексис Матью Их дуулга ангилалд анх удаагаа финалдаж, мөнгөн медаль атгалаа.

Хүрэл медалийг эзэн орны Георгий Жабниашвили болон Бразилийн Рафаэль Маседо нар гардсан.


-100 кг-д Ази болон Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ий хүрэлтэй Б.Хүдэрчулуун хүч сорьж, эхний тойрогт гоц мөргөөд ДАШТ-ий үзүүр бөх Силва Моралест уналаа.

Энэ жинд Украины Антон Савицкий түрүүллээ. Тэрбээр Их дуулга ангиллаас анхны медалиа авсан нь алт болж таарав. Нидерландын Симеон Катарина Их дуулга ангилалд хоёр дахиа финалдсан ч, энэ удаад үзүүрлэснээр Их дуулгын иж бүрэн медальтай боллоо.

Хүрэл медалийг ДАШТ-ий мөнгөн медальтай Канадын бөх Кайл Рейес, дэлхийн аварга Арман Адамиан нар зүүв.


+100 кг-д Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай, Тбилисийн Их дуулга тэмцээнд 2023 онд үзүүрлэсэн Б.Гончигсүрэн барилдаж, эхний тойрогт гоц мөргөөд эзэн орны Саба Инанейшвили, Узбекистаны Шохруххон Бахтиёров нарыг ялж, “В” хэсгийг тэргүүлсэн. Эдгээр бөхчүүд хоёулаа Тбилисийн Их дуулгаас хошой хүрэл медальтай юм.

Тэрбээр хагас шигшээд эзэн орныхны гол найдвар болох олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий иж бүрэн медальтай Гурам Тушишвилид унасан бол хүрлийн төлөөх барилдаанд Нидерландын Жур Спикерст ялагдсанаар V байрт эрэмблэгдлээ.

Энэ жинд 2023 оны дэлхийн аварга Инал Тасоев түрүүлж, Их дуулга ангиллын арав дахь түрүүгээ дархлав. Олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий иж бүрэн медальтай Гурам Тушишвили нутгийнхаа дэвжээнд үзүүрлэлээ.

Гүржийн Иракли Деметрашвили, Нидерландын Жур Спикерс нар хүрэл медаль гардсан.


Эмэгтэйчүүдийн:

48 кг-д зодоглосон Азийн АШТ-ий хүрэл медальтай Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, Өмнөд Солонгосын Хух Мио, 2022 оны Тбилисийн Их дуулгад үзүүрлэсэн Мартинез Лаура нарыг давснаар хагас шигшээд үлдсэн.

Улмаар ДАШТ-ий мөнгө, олимпын хүрэл медальт Ширине Боукли, Испанийн Перез Солер нарыг ялж, Их дуулга ангилалд хоёр дахиа түрүүллээ.

Тэрбээр Их дуулга ангиллаас найм дахь медалиа авсан нь энэ.

Өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт Ж.Анударын хувьд эхний тойрогтоо Европын АШТ-ий хүрэл медальтай Тамар Малкад унасан.

Энэ жинд Их дуулга ангиллаас анхны медалиа зүүгээд удаагүй байгаа Перез Солер үзүүрлэв.

ДАШТ-ий мөнгө, олимпын хүрэл медальт Ширине Боукли, дөнгөж л 19 настай хэдий ч аль хэдийнэ олимп, дэлхийн медальтан болоод амжсан Тара Бабулфат нар хүрэл медаль зүүлээ.


52 кг-ын жинд барилдсан өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэлтэй, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, өнөө жил Насанд хүрэгчдийн УАШТ-ий түрүү бөхөөр тодорсон М.Нандин-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөж, Киприйн Асвеста Софияг ялсан авч, Израилийн Гефен Примод ялагдав.

Түүнчлэн дагах барилдаандаа Унгарын жүдоч, Их дуулга ангиллын гурван түрүүтэй Река Паппт унасан юм.

УАШТ-д дөрвөнтөө үзүүрлэсэн Ц.Гал-Од эхний тойрогт гоц мөргөж, Азербайжаны 19 настай Айдан Валиевад ялагдлаа.

Таамгын дагуу энэ жингийн өрсөлдөөнийг дэлхийн чансааны 4-р байрт эрэмбэтэй Амандин Бучард тэргүүлснээр чансааны дэд байр руу дэвшлээ. Олимпын наадмын мөнгө, хүрэлтэй Бучард Их дуулга ангилалд найм дахиа түрүүлсэн нь энэ.

Харин эл наадамд үзүүрлэсэн Израилийн Гэфен Примо дэлхийн чансааны 9-р байр руу урагшилж, Абе Утагийн өмнө бичигдлээ. Нидерландын Наоми Ван Кревел, Испанийн Ариане Торо Солер нар хүрэл медаль энгэртээ гялалзуулав.


57 кг-д Монгол улсын аваргад гурвантаа түрүүлсэн, өсвөр үеийнхний Азийн аварга М.Ичинхорлоо зодоглож Кенийн Ноне Грэйсийг 43 секундэд буулгаж авсан бол олимпын наадмын мөнгө, хүрэл медальтай Сара Леон Сизикийг хавсрах мэхээр унагаж энэхүү тэмцээнд шуугиан тарьсан.

Харин шигшээ наймд өнөө жилийн Парисын Их дуулга тэмцээний аварга Марта Фавазид ялагдаж, дагах барилдаанд Бразилийн Жессика Лимаг давав.

М.Ичинхорлоо хүрэл медалийн төлөө Хорватын бөх, өнгөрсөн жил эл тэмцээнд түрүүлсэн Мариса Перисичтэй барилдаад унасан.

Өсвөр үеийнхний дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальтай Т.Ариунзаяагийн тухайд Испанийн 20 настай Родригез Адрианад уналаа.

Гүржийн Этери Липартелиани нутгийнхаа Их дуулгад хоёр жил дараалан түрүүлсэн бол энэ наадмын үзүүр бөх Марта Фаваз Их дуулгын иж медальтай болов. Хүрэл медалийн эздээр Нино Лоладзе, Мариса Перисич нар тодорсон.


63 кг-д Монголоос бөх барилдсангүй. Дэлхийн аварга, олимпын хүрэл медальтай Жессика Климкайт өнгөрсөн сард болсон Бакугийн Их дуулгаас эхлэн жин өгсөж 63 кг-д зодоглох болсон. Тэрбээр Гүржид ирээд эхний барилдаандаа Бразилийн Науана Силвад уналаа.

Энэ тэмцээнд зодоглосон хамгийн өндөр чансаатай бөх болох дэлхийн аварга Жоан Ван Лиешаут мөн л тааруу барилдаж, шигшээ 16-д Испанийн Лаура Васкес Фернандест ялагдсан юм. Олимпын иж медальтай, ДАШТ-д зургаан удаа түрүүлсэн Клариссе Агбегненуг хагас шигшээд буулгаж авсан Канадын Кэтрин Бочемин-Пинард эл тэмцээнд нэвтхэн түрүүллээ.

Олимпын хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальтай тэрбээр Их дуулга ангилалд зургаа дахиа, Тбилист гурав дахиа түрүүлсэн нь энэ.

Үзүүрт, Францын Манон Декетер шалгарав. Түүний хувьд 2025 он гарснаар оролцсон хоёр тэмцээндээ дараалан үзүүрлэсэн юм.

Клариссе Агбегненугийн хамтаар Кубийн Майлин Дел Торо Карвахал хүрэл медаль атгалаа.


70 кг-д өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй хүч сорьж Оросын Ева Огнивоваг даваад Шведийн Ида Эриксонд унав.

ДАШТ-ий мөнгөтэй Лара Цвжетко, шигшээ 16-д Унгарын Софи Озбаст ялагдсан. Озбас цааш ялсаар энэ оны эхэнд болсон Баку болон Тбилисийн Их дуулга тэмцээнүүдэд дараалан түрүүлэв. Харин ДАШТ-ий хошой хүрэлтэй, олимпын хүрэлтэй Санне Ван Дийке Тбилисийн Их дуулгад гурван жил дараалан үзүүрлэлээ. Тэрбээр энэ тэмцээний 2022 оны түрүүтэй бөх юм.

Оросын Мадина Таймазова, Израилийн Аделина Новицки нар хүрэл медаль гардав.


-78 кг-д барилдсан өсвөр үеийнхний Ази тивийн аварга А.Дуламсүрэн 18 настай Кристина Коноваловад ялагдлаа.

Энэ жинд финалдсан Словакийн Метка Лобник, Колумбын Бренда Олая нарын аль алин нь Их дуулга ангиллаас анхны медалиа атгасан. Лобник алт авч, Олая мөнгөтэй харилаа. Францын Фанни Эстелл Посвит Их дуулга ангиллаас 11 дэх медалиа шүүрдсэн ч, түрүүлж чадаагүй хэвээр байна. Нөгөө хүрлийг “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальтай энэ жингийн толгой бөх Португалын Патрисия Сампайо гардлаа.


+78 кг-ын жинд зодоглосон Азийн АШТ-ий үзүүр бөх, Азийн наадмын хүрэл, Их дуулга ангиллын хошой мөнгөн медальтан А.Адьяасүрэн эхний тойрогт гоц мөргөөд Их дуулга ангиллын иж медальтай Милика Забичийг давсан ч, хэсгийнхээ толгой бөх ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй Жулиа Толофуад уналаа. Улмаар дагах барилдаанд Италийн Ася Таванод ялагдсан.

Ася Таваног эс тооцвол хэсэг тэргүүлсэн бусад гурав нь хагас шигшээд үлдлээ. Дэлхийн аварга, олимпын хошой хүрэлтэй Роман Дикко Их дуулга ангилалд найм дахиа түрүүлсэн юм. Ася Таваног давсан Оросын Элис Старцева энэ наадамд үзүүрлэлээ.

Нидерландын Марти Кампс, Францын Жулиа Толофуа нар хүрэл медальтай нутаг буцсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zocnin\13.213.15.138
Ene temsteend Naran stetseg l sain baisan Bas 52 kg d Sosor baram vagaad barildaxgdaagvi bas Enhriilen 63 kg d barildaxgvi vasan be ali eswel zodog tailsan yum yy