Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АН сул бол МАН ч сул


Монголын төрийн эрхийг ээлжлэн барьдаг, нэг нь нөгөөгөө томоор оршоох учир шалтгаан нөхцөлддөг хоёр том хүчинтэй, энэ хэрээр намуудын дунд харьцуулалт, өрсөлдөөн байв. Одоо нэг нь эрх барьж байгаа ч нөгөө нь хаана байгаа, ер нь бодитоор байдаг, эсэх эргэлзээтэй болсон. Өрсөлдөх бүү хэл хэдэн хэсэг тасарчихсан хөсөр хэвтэж байна. Монголын хоёр дахь том нам гэх дурсамжаас цаашгүй АН уруудан доройтож буйг бид яг одоо харж байна. АН өнөөдөр хоёр даргатай, хоёр тамгатай, дүрмийн хоёр хороотой, даргын төлөөх хоёр сонгуультай, хоёр талд бүртгүүлсэн тус тусын нэр дэвшигчидтэй болсон. Намынхаа даргыг хоёр талаас хоёр өөр сонгуулиар сонгоод, тунасан хоёроо хооронд нь барилдуулж Ерөнхийлөгчид дэвших хүний халааснаас байлах гээд л зөвшилцөөд байх шиг. Ийм дотоод ардчилал гэж байдгийг дэлхий дээр АН л хийж байна. 

Аль нь яг АН юм, энэ нам юу гээч зүйл болохыг тааварлах жирийн иргэд бүү хэл гишүүд, дэмжигчид нь ч намаа танихаа больсон. Анх энэ намынхныг дотоод ардчилал гэж ийм зүйл байдаг хэмээгээд байшингаа нуртал бархиралдан занчилдахад ойлгохыг хичээдэг байв. Гэтэл үнэн хэрэгтээ улс төрийн нөлөө бүхий томоохон хүчин болж хэдийн төлөвшсөн байх 30 жилийн намтраа өөр зуурын хорсол, ашиг сонирхлын зөрчилдөөн, мөнгө хөөсөн үймээн самуунд хэрчүүлжээ. Яв явсаар сонгууль дөхөхөөр эрх баригчдын өрсөлдөгч болж тоглодог төдий жижигхэн сул дүр АН болов.

Өрсөлдөгчгүй МАН том байж чадах уу? МАН ууцаараа тасарсан АН-тай улс төрийн бодлого, хөтөлбөрөөр өрсөлдөх нь гавьтай том үйл хэрэг мөн үү? Өрсөлдөөн сул байхад МАН-ын ялалтууд үнэ цэнтэй юү? Өрсөлдөгч тартагтаа тулсан арчаагүй ядруу болсон тул талууд яг адил сулхан, дулимаг болж жижигрэх нь цаг хугацааны хэрэг болж байна. Монголд улс төрийн хүчин үүссэний буюу нийгэм, эдийн засгийн хөгжлийг улс төрийн бодлогоор чиглүүлэн удирдах хүчин бий болсны 100 жилийн ой тохиож байна. Харин яг энэ түүхэн жилд Монголын улс төрийн салбар дахь “намууд” гэдэг үг үгүй болж, 100 жилийн өмнөх шигээ ганц л намтай болох ухрав. Энэ нь зөвхөн МАН-ын төрсөн өдөр төдийгүй Дээд шүүхэд бүртгэлтэй намууд оршин буй салбарынхаа хуучин зууныг үдэж, дараагийн нэгэн шинэ зууныг угтаж буй их ой байлаа. Улс төрд гуравдагч намууд байдаг хэдий ч өрсөлдөөний гурвалжин үүсгэх хэмжээний хүч нөлөөтэй нь өнөөхөндөө алга, шинэхнээрээ байна.

Ийнхүү АН улс төрийн хоёр дахь намын дүрийг бүтээдэг хиймэл, хийсвэр зүйл болон сүүдэрлэх тусам Монголын улс төрийн олон намын тогтолцоо сарнин, ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах нийтийн эрх ашиг дарангуйлагдах нь гарцаагүй. АН бутарч сарних нь МАН-д сонгуулийн ялалтыг ойртуулавч үр дүнгээрээ эрх баригч хүчин байх сүр хүч нь ч мөн АН-тай хамт ялагдах болно. Улс төрийн намд үл итгэдэг нийгэмд улс төрийн алив бодлого, шийдвэр үнэ цэнээ алдах болно. 

Сүүлийн 30 жил МАН-ын гол өрсөлдөгч байсаар ирсэн АН-ын задрал дээд цэгтээ хүрэн хиарч буй боловч эрхбиш Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн тул наадам болохоор өөрийгөө сойдог хөгшин морь шиг сурсан зангаараа эцсийн хүчээ шавхаж буйг бид бас л ажиглаж байна. АН-д амтай болгон эв нэгдэл ярьж буй хэдий ч эв нэгдлийг эрэлхийлсэн наад захын эмх цэгцийн алхам нэгээхэн ч хийгдсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр даргатай, хоёр өөр нэр дэвшигчтэй Сонгуулийн ерөнхий хорооны үүдэнд аанай л заамдалцсан чигээрээ тоос бужигнуулан зогсоцгоохыг үгүйсгэхгүй. Тэгээд ийм намтай өрсөлдсөн болж яллаа гэхэд Төрийн тэргүүн болох нь алдар гавьяа, нэр төрийн хэрэг гэж үзэхэд дэндүү хөөрхийлөлтэй.

Хамгийн их уншилттай
1
2021.05.19
Энэ зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 САНАА
2
2021.06.12
Канье өөрт нь төрсөн өдрийн мэнд хүргэсэн Кардашианы эгч дүүсийг 'unfollow' хийжээ
3
2021.06.04
Хар тамхи зарсан хэргээр шүүхэд дуудагдсан залуу 16 жилийн дараа хуульч болон эргэн иржээ
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Өнөөдрийн зурвас: Засгийн газрын энтертайнментаа зогсоо!
2
Уржигдар
Сонгууль 2021 | Саналаа өгөөд зогсохгүй түүнээ хянах боломжийг анх удаа эдэллээ
3
3 өдрийн өмнө
Пинк Флойд хамтлагийн дууг ашиглах Цукербергийн хүсэлтэд "Тонил цаашаа" гэсэн хариу өгчээ
санал болгох
1
11 цагийн өмнө
"Зөв хүнтэйгээ буруу цагт учирсан" хүний л ойлгох 14 МИЙМ
2
12 цагийн өмнө
Нарциссизм | Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх өвчин юунаас үүдэлтэй вэ?
3
12 цагийн өмнө
Хүний сэтгэлийн 4 бэрхшээлд хариулт өгсөн СТОЙК ҮЗЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.