Дуучин Б.Амархүү бол ОХУ-д алдартай хүн. Энд тэр “Народный артист” шоунд оролцож, түрүүлж байсан билээ. Оросууд одоо болтол түүнийг “Премьер-министр” хамтлагийн даруухан, баясгалантай залуугаар нь дурсан санадаг байна. Гэхдээ шоунд түрүүлж, алдар хүндтэй болсон нь түүний хувьд том сургамж болжээ. Б.Амархүү хэрхэн алдар хүндээ дааж чадаагүй талаараа ОХУ-ын сэтгүүлч Яна Чуриковад илэн далангүй ярьсан байна.
Москва хотын “Стар хит” цахим сайт
“18, 19 настай хөвгүүн, эсвэл охин том амжилтад хүрвэл шууд сэтгэл зүйчтэй хамтран ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн болгон таниад, гарын үсэг гуйдаг болоод эхлэнгүүт тэд эрүүл ухаанаа алддаг. Үүлэн дээр хөвөөд л онгирч эхэлнэ” Б.Амархүү

Гэхдээ анх “Премьер-министр” хамтлагт ороод Б.Амархүү үзэн ядалт гэдгийг маш хурдан ойлгожээ. Фэнүүд хамтлагийн хуучин гишүүд Пит Жейсон, Жан Милимеров, Марат Чанышева, Вячеслав Бодолика нарыг буцаан авчрахыг шаардаж, Б.Амархүү нарын шинэ гишүүд рүү усны сав шидэж байсан үе бий гэнэ. Азаар удалгүй “Премьер-министр” хамтлагийн шинэ гишүүд фэнүүдээ байлдан дагуулж чадсан юм. Гэхдээ Амархүү энэ үед хамтлагаасаа гарсан. Яагаад?
“Яагаад гэвэл би үхтлээ дурласан байлаа. Хэнд гэж үү? Эхнэртээ”
Тэд 2012 онд Монголд киноны зураг авалтын үеэр танилцсан. Б.Амархүүгийн гэргий О.Ариунзул Европт моделийн ажилтай, Armani, Prada, Hermès брэндүүдтэй хамтран ажилладаг. Хосууд арван настай хүүгээ, хоёр өөр оронд тусдаа амьдрангаа өсгөж байна.
“Хүү минь заримдаа над дээр, заримдаа ээж дээрээ байдаг. Бид түүнийг гадаадын олон хэл мэддэг хүн болгох хүсэлтэй байгаа. Одоо хүү маань англи, орос хэлийг төгс мэднэ. Герман хэл сурч байгаа. Гурван жилийн дараа бид хоёр хүүгээ Хятад явуулах санаатай байгаа” Б.Амархүү

Хэчнээн том шоунд түрүүлсэн ч Б.Амархүү Москвад ганцаарчилсан уран бүтээл хийх гээд чадсангүй. Архи, дарсны асуудлаас болоод эх орондоо харьжээ. Тэрээр янз бүрийн томчуудын хүлээн авалт, үдэшлэгт очдог болж, аялан тоглолтын стрессээ амтат дарсаар тайлдаг болсон байна.
Удалгүй хуулийн асуудалд ч орооцолдож эхэлснээ Б.Амархүү нуусангүй. 2018 онд хүн зодсон хэргээр шүүхэд очлоо.
“Жирийн зодоон байсан. Амлалтаа биелүүлдэггүй нэг хүн дээр очоод уулзтал согтуу байна. Харин би эрүүл. Муудалцаад зодолдтол тэр хальтарч унаад гэмтчихсэн. Ингээд намайг шүүхэд өгсөн ч болсон явдлыг гар утсан дээрээ бичсэн гэрч гарч ирээд би зөвдсөн” Б.Амархүү

Харин 2019 онд мансууруулах бодисны хэрэгт орооцолдож, 2 жилийн ял сонссон юм. Б.Амархүү нэг жил 8 сар суугаад гарсан.
“Хорих газарт юу хийж байсан бэ гэж үү? Бүгдийг хийсэн. Шал угааж, засвар хийгээд л. Хорих газарт номын сан байдаггүй юм байна. Даргадаа “Би өөрийн зардлаар номын сан байгуулж өгье” гэж хэлээд аав, найзууд руугаа утасдаж, тэр дороо номын сан байгуулсан. Дотроо кино үзүүлдэг гэж байгаа. Залууст хэлэхэд хар тамхинаас хол яваарай. Хар тамхи бол хор шүү. Надад маш том сургамж болсон” Б.Амархүү

Одоо Б.Амархүү Монголын нэгэн том барилгын компанид ажиллаж, хорт зуршлаа бүр мөсөн хаяжээ. Ирээдүйн том төлөвлөгөө түүнд бий. Тэр уран бүтээлийн тайзандаа эргэн ирж, олон шинэ дуу гаргана. Энэ сард Б.Амархүү Буриадад тоглолтоо хийнэ.