Словакийн нийслэлд болж байгаа чөлөөт бөхийн тивийн аваргын тэмцээний шагнал гардуулах ёслол дээр болсон явдал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. 74 кг-ын жинд түрүүлсэн Албанийн осетин бөх Чермен Валиевт шагнал гардуулсан ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили түүнийг урвагч хэмээн нэрлээд, медалийг нь бараг чулуудсан нь олны дургүйцлийг төрүүлсэн.
Чермен финалд ОХУ-ын Сидаковыг ялсан бөгөөд Сидаков, Валиев хоёр хоёулаа Хойд Осетийн бөхчүүд. Харин Мамиашвили Украинд төрсөн, гүрж гаралтай хүн. Сонгомол барилдааны олимп, дэлхийн аварга. Тэрээр жилийн өмнө Парисын олимпод оролцсон орос тамирчдыг гадаадын тагнуул эсэхийг нь шалгах шаардлага тавьж байлаа.
Хойд Осетид Мамиашвилигийн үйлдлийг маш бүдүүлэг, хүндэтгэлгүй явдал гэж үзсэн. Владикавказын төлөөлөгчдийн хурлын дэд тэргүүн Сослан Бестаев “Бид ОХУ-ын Спортын яаманд энэ явдлыг шалгахыг хүссэн албан бичиг илгээсэн. Бид хамгийн багадаа Мамиашвилигаас Чермен Валиев, чөлөөт бөх сонирхогчид, осетин ард түмнээс уучлал гуйхыг хүлээж байна. Яамнаас шударга шийдвэр гаргана гэж итгэж байгаа. Спорт бөхийн холбооны тэргүүн хүн яагаад манай бөх Чермен Валиев иргэншлээ сольсныг сайн мэдэж байх ёстой. Мамиашвили Оросын спортын нэр хүндийг унагааж, доромжиллоо” гэжээ.
Чермен Валиев өөрөө “Намайг ОХУ-д маш олон хүн дэмжсэнд баярлалаа. Би осетин ард түмэн, Орос эх орондоо болон одоо хүчин зүтгэж байгаа Албани улсдаа үргэлж талархаж явах болно” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна.