Мэргэжлийн сүмо бөхийн 63 дахь ёкозүна Асахифүжи буюу Исэгахама ояката Монгол улсын Төрийн шагнал хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг Алтан гадас одонгоор шагнасныг өнөөдөр Төрийн Ордонд гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигт “Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэллээ” гэж дурджээ.
Шагнал гардуулах ёслолд их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи, дархан аварга Г.Өсөхбаяр нар оролцсон байна. Исэгахама ояката Монголоос төрсөн хоёр ёкозүна Харүмафүжи, Тэрүнофүжи нарын багш билээ.

Исэгахама ояката одоо 64 настай. Аомори мужид төрсөн. Сүмо бөхийн 63 дахь ёкозүна. 1981 оноос барилдаж, 1990 онд ёкозүна цол хүртсэн. 1992 онд зодог тайлж, ояката багшийн ажилд шилжсэн билээ. Нийт 4 удаа дээд зиндаанд түрүүлж, тусгай шагнал 8, кинбоши хоёрыг авч байсан алдартай бөх байлаа.
