UBLife Logo
Нийгэм

Х.Нямбаатар: Оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчимд нэмж газар чөлөөлөх санал авна

Ub.life
Ub.life
Х.Нямбаатар: Оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчимд нэмж газар чөлөөлөх санал авна

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэж, өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 85 хувьд хүрчээ. Энд эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг гуравдугаар сард нээсэн. Нэгж талбаруудыг чөлөөлж, цэвэрлэгээ, ариутгал хийж дуусаад бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм.

Газар чөлөөлсөн уг байршилд хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажиллахдаа, “Сэлбэ дэд төв бол “20 минутын хот” үзэл баримтлалын 14 хотын хамгийн эхэнд баригдах хот. Газар чөлөөлөх төлөвлөлтөд өртөөгүй айлуудаас газраа чөлөөлүүлэх хүсэлтийг ихээр ирүүлж байна. Тиймээс иргэдийн олонх дэмжсэн тохиолдолд дахин газар чөлөөлөлт эхлүүлэх боломжтой” гэв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Сэлбэ дэд төвийн хажууд уулын энгэрт газар чөлөөлөлтөд өртөөгүй айлууд мөн үлдсэн. Чингэлтэй дүүргийн зүгээс тухайн айлуудтай зөвшилцөж, Сэлбэ дэд төвийн ойролцоо илүү харагдац сайтай байршилд хувийн хэвшилтэй хамтраад шинэ хорооллууд барих саналтай байгаагаа илэрхийллээ. Улмаар орлого нь эргэлдэж байдаг газар чөлөөлөлт, орон сууцны сан байгуулж, гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцжуулах байдлаар төр, хувийн хэвшил, иргэдийн аль алинд нь ээлтэйгээр төлөвлөх тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэсэн хотын даргын өгсөн чиглэлийг ажил хэрэг болгоно” гэж хэллээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...