Орчин цагт хэчнээн их авьяас чадвартай байгаад олон нийтийн сүлжээнд идэвхтэй байхгүй бол ард түмний анхааралд өртөж чадахгүй болжээ. Тамирчид одоо хэвлэл мэдээллээс хамаарахаа больсон. Учир нь сонин хэвлэлд гарч алдаршихаас илүү өөрийн аккаунтаар хүссэн зүйлээ мэдээллэж, сурталчилж чадна. Forbes Sport од тамирчдын сүлжээг сайтар нягтлан судлаад 2025 оны Олон нийтийн сүлжээнд хамгийн олон дагагчтай, алдартай 10 тамирчныг шалгаруулжээ.
1. Криштиану Роналду

Нийт - 1,019 тэрбум дагагч
Instagram - 650 сая
X (Twitter) - 114,9 сая
YouTube - 74,1 сая
Facebook - 171 сая
Weibo — 9 сая
TikTok — байхгүй
Threads — байхгүй
Twitch — байхгүй
2024 оны есдүгээр сард Криштиану Роналду олон нийтийн сүлжээнд тэрбум дагагчтай болсноо алдартнуудаас анх зарлаж байлаа. Тэрээр тэр үед YouTube сувгаа нээгээд ердөө 4 цагийн дотор 5 сая дагагчтай болж, энэ тоонд хүрсэн юм. Одоо түүний юүтүүбийн “UR · Cristiano” суваг 74 сая дагагчтай. Харин Роналдугийн Instagram хуудсыг дэлхийн хүн амын 8 хувь нь дагадаг байна. Гэхдээ Роналдугийн албан ёсны цалин нь зар сурталчилгааны орлогоос илүү. Аль-Наср багаас түүнд $200 сая өгдөг бол сурталчилгаанаас $60 сая л авдаг. Талбайн гаднах орлогоор Роналду Лео Месси ($70 сая), Леброна Жеймс ($80 сая), Яннис Адетокунбо ($65 сая) нараас бага. Гэхдээ энэ гурван тамирчин дэлхийн хамгийн том зах зээл болох АНУ-д тоглодгийг хэлэх хэрэгтэй.
2. Лео Месси

Нийт - 634 сая
Instagram — 505 сая
X — байхгүй
YouTube — 4 сая
Facebook — 117 сая
Weibo — 8 сая
TikTok — байхгүй
Threads — байхгүй
Twitch — байхгүй
2024 оны гуравдугаар сард Мессигийн Instagram хагас сая дагагчтай болсон. 2022 онд дэлхийн аварга болоод цомоо өргөж байгаа зураг нь олон нийтийн сүлжээний хамгийн их үздэг пост болж, 75 сая лайк авсан. Сүлжээнд Лео нэг сурталчилгаа хийгээд 2.5 сая ам.доллар авдаг. Тэрээр олон нийтийн сүлжээнд adidas, Apple TV, Royal Carribean, Michelob Ultra болон Саудын Арабын аялал жуулчлалын хөтөлбөр Visit Saudi, өөрийн брэнд The Messi Store, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг Join the Planet байгууллагыг сурталчилдаг. Месси дагагчийн тоогоор Роналдуд бүх платформд ялагдаж байгаа.
3. Неймар

Нийт — 454,18 сая
Instagram — 229 сая
X — 64,1 сая
YouTube — 5,08 сая
Facebook — 91 сая
Weibo — 7,3 сая
TikTok — 33,8 сая
Threads — 21,4 сая
Twitch — 2,5 сая
Бразил залуу том жижиг бүхий л платформд бүртгэлтэй. Цахим спортын тамирчны хувьд Неймар Twitch-д ч байдаг. Месси, Роналду хоёр TikTok-ийг тоохгүй байгаа бол Неймар тэнд маш идэвхтэй. Threads дахь түүний аккаунт энэ сүлжээний хамгийн алдартай нь гэж байгаа.
Хөнгөхөн, сахилгагүй Неймар залуучуудад ихэд таалагддаг. Ялангуяа цахим спортын фэнүүд түүнд дуртай. Тэр TikTok-д наран шарлагын газар бөмбөг өшиглөж байгаагаа оруулж, X-д Сантос багийн ахмадуудтай уулзаж байгаа гэрэл зургаа нийтэлж, Instagram-д сурталчилгаагаа тавьсан ч бүгдийг нь дагагчид нь баярлан хүлээж авдаг. Энэ өвөл төрөлх Сантос багтаа эргэн ирснээ зарласных нь дараа Сантос багийн дагагчдын тоо нэг өдөрт саяар өссөн байна.
4. Вират Кохли

Нийт — 387,1 сая
Instagram — 270 сая
X — 66,1 сая
YouTube — байхгүй
Facebook — 51 сая
Weibo — байхгүй
TikTok — байхгүй
Threads — байхгүй
Twitch — байхгүй
Вират Кохли бол крикетийн дэлхийд хамгийн алдартай тамирчин. Дэлхийд танил биш байж болох ч тэрбум давсан хүн амтай Энэтхэг улсын ард түмэн шигшээ багийн ахлагчаа бишрэн шүтдэг, X, Instagram, Facebook хуудсаар алхам бүрийг нь харж байдаг. 2014 онд “American Appraisal” компани түүнийг Энэтхэгийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтын 4-т бичиж байлаа. Кохли 2017 онд Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн өндөр орлоготой 100 тамирчны тоонд багтаж, 2018 онд Time сэтгүүлийн гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүн”-д сонгогдсон гэхээр нэр хүнд нь Энэтхэгээс хальж гарчээ. Ур чадвартай тоглолт, харизм, Болливудын үзэсгэлэн гоо Анушка Шарматай гэрлэсэн гээд олон нийтийн сүлжээнд ярих зүйл ихтэй. Гэхдээ X аккаунтаа тэр чигээр нь зар сурталчилгааны самбар болгоод хувиргачихсан.
5. Леброн Жеймс

Нийт — 240 сая
Instagram — 160 сая
X — 53 сая
YouTube — байхгүй
Facebook — 27 сая
Weibo — байхгүй
TikTok — байхгүй
Threads — байхгүй
Twitch — байхгүй
НБА лигийн хамгийн ахмад тамирчин болсон Леброн олон нийтийн сүлжээг зар сурталчилгаа, хувийн амьдралынхаа цомог төдийгүй өөр зорилгоор ч ашигладаг. Тэр нийгэм, улс төрийн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлэх дуртай. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Камал Харрисыг дэмжиж байгаагаа байнга илэрхийлж байлаа. 2024 оны 11 дүгээр сард Жеймс гэнэт олон нийтийн сүлжээнээс завсарлага авч байгаагаа зарласан нь дагагчдынхаа шүүмжлэлд гомдсоноос болсон байлаа. Гэвч бизнес бол бизнес, сарын дараа л тэр эргэн ирж, зар сурталчилгаагаа хийгээд сууж байсан юм.
6. Роналдиньо

Нийт — 185, 6 сая
Instagram — 77 сая
X — 21,4 сая
YouTube — 739 000
Facebook — 56 сая
Weibo — 1,2 сая
TikTok — 20 сая
Threads — 9,1 сая
Twitch — байхгүй
Тэтгэвэртээ гарсан хөлбөмбөгчийг “Кикбоксер” киноны зураг авалтад урихдаа продюсер Роб Хикман олон нийтийн сүлжээг нь харсан гэдгээ хэлсэн байдаг. Ронни тэр үед 66 сая дагагчтай байсан тул шууд сонгогдсон. Учир нь өрсөлдөгч жүжигчдээс хэн нь ч ийм олон дагагчтай байсангүй. Дагагч гэдэг бол киноны шууд сурталчлагч гэсэн үг. Тэр цагаас хойш Роналдиньо том жижиг бүхий л сүлжээ, тэр тусмаа Хятадын сүлжээнд элсэж, улам олон дагагчтай болсон юм.
7. Дэвид Бекхэм

Нийт — 164,1 сая
Instagram — 88 сая
X — байхгүй
YouTube — байхгүй
Facebook — 58 сая
Weibo — 11 сая
TikTok — 7,1 сая
Threads — байхгүй
Twitch — байхгүй
Өнгөрсөн нэгдүгээр сард Дэвид Бекхэм Давосын эдийн засгийн форум дээр “Цахим орчин дахь дээрэлхэлт” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр өөрийг нь ид тоглож байхад олон нийтийн сүлжээ байгаагүйд баярлаж явдгаа ярьсан. Учир нь 1998 оны ДАШТ-д улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөнөөсөө хойш хэвлэл мэдээлэл, нийгмээс маш их доромжлол амссан, хэрэв тэр үед олон нийтийн сүлжээ байсан бол газар дор ортлоо муулуулах байснаа хэллээ. Дэвид бага охиноо 14 нас хүртэл нь олон нийтийн сүлжээнд оруулахгүй гэж шийдсэн гэнэ. Зодог тайлаад 10 жил өнгөрсөн ч Бекс дагагчдын тоогоор шилдэг 10-т орж байна гэхээр ид үед нь олон нийтийн сүлжээ байсан бол 1-т бичигдэх байсан биз ээ. Сүүлийн үед түүний хөдөө аж ахуй дээрээ ажиллаж байгаа бичлэгүүд алдаршиж байгаа.
8. Килиан Мбаппе

Нийт — 156,07 сая
Instagram — 123 сая
X — 14,7 сая
YouTube — 1,17 сая
Facebook — 17 сая
Xiaohongshu — 200 000
TikTok — байхгүй
Threads — байхгүй
Twitch — байхгүй
Мбаппе алдаршаад удаж байгаа ч өнгөрсөн жил Мадридын Реал-д ирээд л олон нийтийн сүлжээнд дээгүүр байр эзлэх болсон юм. Албан ёсоор Үзэн хааны багт шилжсэнийг нь зарласнаас нэг хоногийн дотор Мбаппегийн Instagram шинээр 2,9 сая дагагчтай болсон байв. Гэхдээ Хятадыг эзлэхгүй бол дэлхийг эзэлсэн гэж хэлж чадахгүй. Ингээд Мбаппе Хятадыг дайлаар мордсон ч хамгийн алдартай Weibo биш эмэгтэйчүүдийн орох дуртай Xiaohongshu-д аккаунт нээжээ.
9. Серхио Рамос

Нийт — 151,6 сая
Instagram — 65 сая
X — 20,3 сая
YouTube — 233 000
Facebook — 39 сая
Weibo — 75 000
TikTok — 20,3 сая
Threads — 6,7 сая
Twitch — байхгүй
Испанийн шигшээ, Реал Мадрид багийн тоглогч асан Рамос зодог тайлахыг хүсэхгүй байна. Одоо тэр Мексикийн “Монтеррей” багт харьяалалтай байгаа. Түүнийг юу хийж байгааг Европын фэнүүд нь олон нийтийн сүлжээнээс л мэддэг болсон. Сүүлийн мэдээллүүдийг нь үзэхээр Рамос Реал багаа ихэд санаж байгаа бололтой, дандаа дурссан пост хийж байна.
10. Карим Бензема

Нийт — 143,2 сая
Instagram — 76 сая
X — 21,4 сая
YouTube — 579 000
Facebook — 45 сая
Weibo — 235 000
TikTok — байхгүй
Threads — байхгүй
Twitch — байхгүй
Өнгөрсөн жил Instagram хуудсаа хаагаад сэргээсэн. 2023 оны 12 дугаар сард түүний “Аль-Иттихад” баг “Аль-Наср”-т олон тоогоор бут ниргүүлсэн юм. Бензема тэргүүтэй бүх тоглогч шүүмжлүүлж, олон нийтийн сүлжээгээр хараалгасан билээ. Ингээд Бензема Instagram хуудсаа хаасан. Гэхдээ Instagram түүний хамгийн олон дагагчтай сүлжээ тул хоёр сарын дараа дахин нээсэн. 76 сая дагагч нь хэвээр үлдсэн байсан ч хөлбөмбөгийн ихэнх зураг, бичлэгээ арилгасан байлаа.