“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт эхэллээ. НЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй уг тэмцээнд 999 шатарчин оролцож байна.
Х.Нямбаатар: Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд шатрын спорт ихээхэн тустай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод аялал жуулчлал багатай байдаг 4, 5 дугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор цаашид уламжлал болгон зохион байгуулах олон арга хэмжээний нэг нь “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн болж байна. Энэ сарын 8-14-нд болсон “UB food” фестивалиар давхардсан тоогоор 130 мянга гаруй хүн үйлчлүүллээ. Мөн монгол циркээ иргэд, тэр дундаа хүүхэд залуус маань үзэж сонирхлоо. Өнөөдөр монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байна. Дэлхийн түвшинд өрсөлдөж чаддагаа харуулах бас нэгэн арга хэмжээ бол 999 шатарчны тэмцээн болж байна. Шатрын спорт монголчуудад эртнээс өвлөгдсөн ирсэн уламжлалтай. Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд ихээхэн тустай. Улаанбаатар хотын зүгээс тавдугаар сарын эхээр унадаг дугуйн парад арга хэмжээг зохион байгуулна. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 24-нд болно. Мөн зургаадугаар сарын 27, 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын иргэдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах Засгийн газрын тогтоол гараад байна. Бид уламжлал болгох эдгээр арга хэмжээнүүдээ илүү сайжруулж, чанаржуулж зохион байгуулах болно” гэлээ.

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнд өсвөрийн шатарчид 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 насны таван ангилалд, насанд хүрэгчид А зэрэглэл 2100-аас дээш рейтингтэй, В зэрэглэл 1700-2099 хүртэлх рейтингтэй, С зэрэглэл 1699 хүртэлх рейтингтэй гэсэн гурван ангилалд өрсөлдөж байна. А ангилалд 1-5 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. В, С ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Өсвөрийн шатарчид буюу хүүхэд ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.
