Өдөртөө 40 хэм хүрч халдаг Калифорнийн цөл дунд орших жижиг морин спортын клубын талбайгаас дэлхийн хамгийн том хөгжмийн наадам төрнө гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. 1993 онд алдарт Pearl Jam хамтлаг Ticketmaster-ийн өндөр шимтгэлтэй системийг эсэргүүцэж, өөр газар тоглолт хийх шийдвэр гаргасан нь Coachella-ийн эхлэл болсон юм. Тэд Indio хотын Empire Polo Club-д тоглолт хийсэн нь элсэн цөл дэх жижиг тоглолт хөгжмийн шинэ түүх бичигдэх тайз болж хувирсан түүхтэй.

1999 онд маш цөөхөн үзэгчтэй анхны Coachella хоёр өдрийн турш үргэлжилсэн ч, тасалбарын борлуулалт муу байснаас зохион байгуулагчид багагүй алдагдал хүлээсэн. Тухайн жилийн наадамд Rage Against the Machine, Beck, Chemical Brothers зэрэг хамтлагууд тоглож байсан. Анхны наадмыг зохион байгуулагчдын нэг Goldenvoice агентлагийн залуу продюсер Paul Tollett жил бүр уламжлал болгон зохион байгуулах итгэл үнэмшлээ тээсээр өнөөдрийн Coachella-г бүтээжээ. Харин одоо Coachella бол зүгээр нэг наадам биш, соёлын үзэгдэл, хөгжимд хайртай залуусын хүслийн жагсаалтад зүй ёсоор ордог томоохон үйл явдал болсон. Хөгжмийн бүх төрлийн урсгалаар уран бүтээл туурвидаг дэлхийн алдартай уран бүтээлчид цугларч найман том, 3-4 жижиг тайзан дээр тоглолтоо үзүүлдэг. Тайзууд нь бүгд дэлхийн том элсэн цөлүүдийн нэрээр нэрлэгддэг бөгөөд сонирхолтой нь Gobi нэртэй тайз ч бас байдаг.

Хамгийн том Coachella main stage дээр тухайн жилийн headliner буюу хамгийн том, алдартай уран бүтээлчид 40 минутаас 2 цаг хүртэлх хугацаанд үзүүлбэрээ үзүүлдэг.

Энэ жилийн Coachella хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал ёсоор Калифорниа мужийн Indio хотод зохион байгуулагдсан. Жилээс жилд тус наадамд явахад зарцуулах өртөг нэмэгдэж байгаа нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. Энэ жилийн хамгийн хямд буюу General Admission тасалбар 649 ам.доллараас эхэлж байна. Тасалбарын үнэд зөвхөн наадмын талбай руу нэвтрэх эрх л багтсан бөгөөд наадмын турш байрлах camping тасалбарын үнэ нь 160-5200 ам.доллар, хоол хүнс, уух зүйлс нь 17-100 ам.долларын үнэтэй байсан ажээ. Наадмын талбайд зөвхөн нэг лааз кока-кола ундаа 15 ам.доллар, хамгийн хямд хоол 25 ам.доллараар зарагдсан байна. Майхан барьж байрлалгүй airbnb-д байрлъя гэвэл өдрийн 2500 ам. долларын үнэтэй.

Тэгэхээр, хэрвээ Монголоос Coachella наадам руу явъя гэвэл эдгээр бүх зардлууд нийлээд нэг Prius автомашины үнэтэй дүйцэх нь. Unegui.mn зарын сайт дээр Prius 20 загварын автомашин дунджаар 20 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол Coachella явахад нийт зардал 4000-6000 ам.доллар болж байна. Тасалбар нэг жилийн өмнөөс борлуулагдаж эхэлдэг бөгөөд наадам болох өдөр дөхөх тусам дамлагдан, улам үнэтэй зарагддаг. Хэрвээ та үнэхээр уг наадам руу очих хүсэлтэй бол маш сайн хуримтлуулж, олон сарын турш төлөвлөх хэрэгтэйг зөвлье.Та Coachella явах уу, автомашин худалдаж авах уу?