UBLife Logo
Хөгжим
Oasis хамтлагийн шүтэн бишрэгчид тоглолтын тасалбарын луйвраас 2.7 сая ам.доллар алджээ

Oasis хамтлагийн шүтэн бишрэгчид тоглолтын тасалбарын луйвраас 2.7 сая ам.доллар алджээ

Их Британийн рок хамтлаг Oasis 2025 онд аялан тоглолт хийхээр болсон тухайгаа өнгөрсөн зун мэдэгдээд байсан билээ. Аялан тоглолт нь 7 дугаар сарын 4-нд төрөлх Манчестер хотын Кардифф Принсипалити цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд хамтлаг Их Британи, Ирланд даяар нийт 14 тоглолт хийх юм. Тоглолтын тов зарлагдсанаас эхлээд шүтэн бишрэгчдийн дунд тасалбар авах нь ширүүхэн өрсөлдөөн болох тухай яриа газар авсан бөгөөд өнгөрсөн жилийн 8 дугаар сарын 31-ний өдөр өглөөний 9 цагаас худалдаалж эхэлсэн тасалбар таван минут хүрэхгүй хугацаанд зарагдаж дуусаад байсан билээ.

Тэгвэл дахин нэгдсэн тэдний тоглолтыг үзэхийг хүссэн Oasis-ын шүтэн бишрэгчид Их Британи дахь тасалбарын луйвраас 2 сая гаруй фунт стерлинг буюу 2.7 сая доллар алдсан тухай Ллойдс банк пүрэв гарагт мэдэгдлээ. Тухайлбал, онлайнаар хуурамч болон аль хэдийн өөр хүмүүст зарагдсан тасалбарыг давхардуулж зарах луйвар эрчээ авсан ажээ. Их Британи даяар тасалбар худалдаанд гарснаас хойш дор хаяж 5000 хүн хохирогч болж, залилагчдын гарт 2 сая гаруй фунт стерлингийг алдсан нь залилуулсан хүн тус бүр 436 фунт стерлингийн хохирол амссан байна. Тоглолтын тасалбар хэт үнэтэй байгаа тухай хүмүүс ихэд шүүмжлэлтэй хандаж байсан ч албан ёсны борлуулагч Ticketmaster сайт дээр 900,000 гаруй тасалбар зарагджээ.

BBC-ийн мэдээлснээр Британийн хүн амын 4 гаруй хувь нь тэдний тоглолтыг үзэхийн тулд тасалбар авах хүсэлтэй байсан үзүүлэлт нь Их Британийн түүхэн дэх хамгийн өндөр эрэлттэй тоглолтын тасалбар болсон байна. Тэдний хамгийн сүүлд гаргасан студийн цомог нь 2008 оны "Dig Out Your Soul" юм. Хамтлагийн гишүүн Ноэл Галлахер 2009 онд Парист болсон тоглолтынхоо үеэр хамтлагаа орхисноос хойш 16 жилийн турш хамтдаа уран бүтээл хийгээгүй. Энэ жил Oasis хамтлагийн 1995 онд хит болсон “(What’s the Story) Morning Glory?” цомгийн 30 жилийн ой тохиож буй юм. Энэхүү цомог нь Oasis-ын хоёр дахь студийн цомог бөгөөд "Wonderwall", "Don't Look In Anger", "Champagne Supernova" зэрэг тэдний хамгийн алдартай дууны дуунууд багтсан байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.