K-POP хөгжмийн домог, алдарт BIGBANG хамтлагийн дуучин Тэяан Монголд ирэх гэж байгаа мэдээ саяхан цацагдлаа. Тэяан 2018 онд цэрэгт татагдаж, уран бүтээлээ хэсэг завсарласан. 2019 оны сүүлээр албаа хааж дуусгаад ганцаарчилсан уран бүтээлээ хийх болсноо зарласан билээ. 2021 онд YG Entertainment агентлагтай гэрээ нь дуусаж, THE BLACK LABEL-д шилжсэн гээд олон шилжилт өөрчлөлт болоод байгаа. Монголд зургаадугаар сарын 21-нд болох түүний тоглолтод бас нэгэн к-поп супер од ирэх сурагтай. Сүүлийн үед Тэяан хамтлагийнхаа анд болох Дэсон, G-DRAGON нарыгаа дэмжихээр тоглолт дээр нь очиж, дуулж байгаа. Тэгэхээр Монголд ирэх дараагийн од нь BIGBANG-ийн үлдсэн хоёр байх магадлал өндөр. Мэдээж “сахилгагүй” хоёр хуучин гишүүн нь ирэхгүй.

Ингээд Тэяаны хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. GQ Korea сэтгүүлийн сурвалжлагч түүнтэй уулзан ярилцжээ. Тэяан өнгөрсөн оны наймдугаар сард долоон жилийн дараах тоглолтоо толилуулсан юм.

TAEYANG: Миний анхны зорилго яг л анхны хайр шиг минь
-Тантай ярилцахаар бэлтгэж байхдаа нэг зүйл сонслоо. Таны тоглолт дээр эрэгтэй фэн маш олон байдаг гэсэн.
-Тиймээ, үнэн. Сүүлийн тоглолт дээр би нэг залуу “Ёнбэ-хён! Танд хайртай!” гэж хашгарахыг ч сонссон. Тэнд байсан бүх хүн сонссон байх. Миний хувьд энэ нь тун сайхан хэрэг.
-Өнөөдөр би тантай Тэяаны “үеийн” тухай ярилцмаар байна.
-Сайн байна. Анх удаагаа ийм сэдэвтэй тулгарлаа. Сонирхолтой байх болно гэж бодож байна.

-Сүүлийн тоглолтын дараа таны сэтгэлд хамгийн хурц тод үлдсэн сэтгэгдэл?
- “Хувь ерөөл” гэсэн үг. Тайзан дээр байхад толгойд үргэлж энэ үг л орж ирээд байлаа.
-Долоон жилийн дараа фэнүүдийнхээ өмнө гарлаа. Тийм болохоор таны сэтгэл хэрхэн хөдөлснийг би ойлгож байна.
-Үнэнийг хэлэхэд тоглолтын бэлтгэл дээр би “Энэ бол хувь ерөөл” гэж бодож байсан. Энэ тоглолт фэнүүдтэйгээ хамт миний туулсан бүх цаг үеийг илэрхийлж байлаа. Энэ удаан цаг хугацааны дараа тайзан дээр гарч, сонсогчидтойгоо уулзана гэдэг бол бараг гайхамшиг. Би чин үнэнээсээ ярьж байна. Тайзан дээр зогсож байхдаа энэ гайхамшгийг бодитоор мэдэрч, толгойд “Хувь тавилан” гэсэн ганц үг л үлдсэн байсан.

-“Ёнбэ-хён! Танд хайртай!” гэсэн үг шиг өөр сэтгэлд үлдсэн зүйл?
-Мэдээж. Юуны өмнө нээлтийн ажиллагаа. Миний хувьд ямар ч тоглолтын нээлт хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг. Долоон жилийн дараах уулзалт гэдэг утгаараа хөшигний ард байхад л сэтгэлийн хөдлөл дээд цэгтээ хүрсэн байсан. Ингээд тайзан дээр гартал үзэгчдийн танхимаас цүнами мэт хүчтэй эрч хүч намайг эзэмдсэн. Сэтгэл хөдлөл тэсэрч, дэлбэрч байгаа мэт л байлаа. Тэр үед би хүч чадал, дэмжлэг, хэмжээлшгүй их аз жаргалыг зэрэг мэдэрсэн.
-Удаан хугацааны дараах тоглолт болохоор улам илүү бэлтгэсэн байх даа? Weverse Stage дээр та дуулах дууны жагсаалтдаа санал авч байсан.
-Тиймээ, энэ саналын ачаар би хөтөлбөртөө хэдэн дуу нэмсэн. Үнэндээ тун хуучны дуунууд байсан тул би үзэгчид хүлээн авахгүй болов уу гэж санаа зовтол үгүй шүү, бүгд амьсгал даран сонсож байлаа. Их баярласан.

- Гэнэтийн асуулт тавья. Таныг үнэндээ Weverse Stage-л өдөр бүр ордоггүй гэх яриа байх юм.
-Би өдөр бүр ордон, нээрээ шүү. Үнэн.
-Тэгээд яагаад юм бичдэггүй юм бэ?
-Тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би өдөр бүр уншдаг. Селфи зураг авч оруулах гэж оролдсон удаатай. Даанч болж өгөөгүй. Дараагийн удаад улам их хичээе.

-Тоглолтын эхний өдөр тантай хамт GD, Дэсон хоёр гарч ирсэн. BIGBANG хамтлагийнхан ямар дэмжлэг үзүүлэв?
-Тайзанд гарахаасаа өмнө бид хувцас солих өрөөнд уулзсан. Шууд л нэг нэгнээ явуулаад, инээлдэж эхэлсэн дээ. Сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн тэр олон үйл явдлын дараа гэнэт надад хамтдаа дуулж байсан үедээ эргэн очсон мэт мэдрэмж төрсөн. Бэлтгэл дээрх ядаргаа, стресс, сэтгэл зовнил тэр дороо алга болж байгаа юм. Тэр хоёрыг харахаараа би байнга инээмсэглэж, хөгжилтэй болдог.
-Тэр тоглолтоороо таны дамжуулахыг хүссэн мессеж юу вэ?
-Талархал. Энэ хамгийн чухал нь. Миний хувьд өөрийгөө, амьдралаа, зорилгоо дахин бодох үе болж өгсөн.

-Олон ярилцлагадаа та “Бусдаас авсан хайрынхаа ачийг хариулахыг хүсдэг” гэж хэлдэг. Саяын таны хариулт яг л ийм утга агуулсан байна.
-Яагаад гэвэл энэ бодит үнэн. Би дэмжигч фэнүүдийнхээ хайрын ачаар л дуртай хөгжмөө зохиож, тайзан дээр дуулж чадаж байна. Үнэнийг хэлэхэд би маш их хайр авсан, амссан хүн. Энэ бүхний ачийг хариулах ганц арга бол өөрөөсөө урвахгүйгээр уран бүтээлээ үргэлжлүүлэн хийх явдал юм. Шинэ бүтээл хийж байхдаа би үргэлж “Фэнүүдэд, тэдэнд таалагдахгүй бол яана” гэж боддог. Гэвч тэд маань үргэлж баярлан хүлээж авдаг болохоор би их талархдаг. Би улам сайн болмоор байна.
-Та нэг удаа цагийн машин гэж байдаг бол дадлагажигч байсан үедээ эргэн очмоор байна гэж хэлсэн.
- Миний анхны зорилго яг л анхны хайр шиг минь байсан. Надад тэр үед мөрөөдөл, хүслээс өөр юу ч байгаагүй. Энэ нь маш үнэтэй зүйл байсныг одоо ухаарч байна.

-Анхны зорилго тань энэ он жилүүдэд бас өсөж, өөрчлөгдсөн байх. Ямар болсон бол?
-Тэр үед бяцхан нахиа байсан бол одоо бат бэх үндэстэй, хүчирхэг мод болсон. Удахгүй миний уран бүтээлийн 20 жилийн ой болно. Эргээд харахад ямар ч амжилт надад амар олдож байгаагүй. Заавал хүнд хэцүү зам туулж байж сайн болно гэсэн үг биш. Яагаад гэвэл зарчмын хувьд амар хялбар зам гэж үгүй. Тиймээс би урд маань ч амар бус шалгалтууд хүлээж байгааг мэдэж байна. Гол нь зөв зүйтэйгээр хүлээн авах хэрэгтэй гэдэг миний үзэл бодол. Ирээдүйд улам хэцүү ч байж болно. Гэхдээ би тэр үед анхныхаа үеийг дурсан бодож, ямар хугацаа зарцуулж байж, ургаж өндийснөө санах болно. Тэгвэл юуг ч даван туулах чадалтай болох юм.
-Таны замналын шийдвэрлэх үеүд гэвэл?
-Олон байсан. Тэяан хэмээх уран бүтээлчийн хувьд , Тон Ёнбэ гэх хувь хүний хувьд ч маш олон өөрчлөлтийн үеүд байлаа. Одоо ч гэсэн надад байнга шинэ зүйл тохиолдож байдаг. BIGBANG-д орохоос өмнө агентлагийнхаа тоглолтод анх удаа дуулах боломж олдсон үеийг санаж байна. Ямар ч амжилт олоогүй. Яагаад гэвэл би сэтгэлээ барьж дийлээгүй. Дадлагажигч байхдаа тэр тайзан дээр олон удаа дуулж байсан ч өмнө нь надад тусдаа өрөө гаргаж байгаагүй. Гэтэл тэр өдөр хаалган дээр нэрийг минь бичсэн өрөө байх нь тэр. Хараад л нулимс цийлгэнээд эхэлж байгаа юм. Ингээд хэт хөөрөөд алдаа гаргасан. Энэ бол миний анхны эргэлтийн цэг байлаа. Мэргэжлийн бус зүйл гаргасандаа дараа нь өөрийгөө удаан зүхсэн. Миний мөрөөдөл бол компаниас олгосон тансаг байдлыг эдлэхээс гадна сайн дуучин болох байсан юм. Хоёр дахь эргэлтийн цэг нь 22 настай байхад таарсан. Хэнд ч ярьж байгаагүй явдал.

-Хувийн асуудал уу?
-Сэтгэл зүйн хувьд. Одоо бодоход би тэр үед хэн нэгнээс тусламж авах хэрэгтэй байлаа. Харин тэр үед яаж даван туулахаа ойлгохгүй. Дотроо бодоод л шаналаад яваад байлаа. Яагаад ийм хэцүү юм бэ гэж өөрөөсөө асуугаад даван туулах гэж ганцаараа оролдоод л. Хоёр, гурван жилийн дараа ямар ч гэсэн даван туулж чадсан. Давсны дараа дахин шинээр төрсөн мэт сэтгэгдэл төрж байсан. Энэ хүнд үеийг давахад дэргэд байсан хүмүүс, фэнүүд минь л тус болсон. Энэ бүхнээс авсан хамгийн том сургамж бол талархал. Мэдээж би өмнө нь ч гэсэн хайр, дэмжлэгийг мэдэрдэг байсан ч энэ удаад бүр гүн гүнзгий мэдэрсэн.
-Тэр үеэс ялгаатай нь та одоо цагаа хэрхэн өнгөрөөж байна вэ?
-Өмнө нь цаг хугацааны талаарх миний ойлголт “хурд” гэдэг үгтэй холбоотой байсан бол би одоо хурдан удаан, надад хэр хугацаа байгаа вэ гэж бодохоо больсон. Би хэзээ нэгэн цагт зорьж байгаа зүйлдээ хүрнэ гэдэгтээ итгэлтэй болсон. Бүх юм 100 хувь биелэх эсэхийг би мэдэхгүй ч зорилгодоо хүрэхээр зүтгэж яваа минь бодит зүйл. Урьд өмнөх шиг байнгын бужигнаан дунд амьдрахгүй байгаа минь таалагддаг. Хэрэв залуудаа би цаг хугацааны дунд зүгээр оршиж байсан бол одоо би цагийг удирдаж, илүү ухамсартайгаар урагшилж байгаа.

-Ирээдүйнхээ талаар фэнүүддээ хэлэх үг байна уу?
-Ирээдүйгээ би үргэлж боддог. Гэхдээ үүнийгээ үгээр илэрхийлэх гэхээр хэцүү юм. Хамгийн том хүсэл минь гэвэл фэнүүдийнхээ өмнө үнэн шударгаар уран бүтээлээ толилуулаад зогсох. Би уран бүтээлч хүн, энэ бол миний ажил. Ажлынхаа ачаар, магадгүй хувь заяаны эрхээр би маш их хайрыг мэдэрдэг. Тэгвэл энэ их хайрандаа тохирч байх ёстой. Энд хамгийн чухал нь үнэнч шударга, ил тод байдал. Тиймээс би миний дуунууд хэн нэгэнд эрч хүч өгч, зүрх сэтгэлийг нь хөдөлгөж байгаасай гэж хүсдэг. Хэрэв би бусдад аз жаргал бэлэглэж чадах юм бол өөр юу ч надад хэрэггүй. Би жинхэнэ аз жаргалтай болно.