UBLife Logo
Спорт

Д.Трамп спортод хэрхэн нөлөөлж байна вэ?

Д.Трамп спортод хэрхэн нөлөөлж байна вэ?

АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод удаагүй Дональд Трамп өвөрмөц шийдвэрүүдээрээ олны анхаарлыг эрхгүй татдаг улс төрчдийн нэг билээ. Улс төр, геополитик, сансар огторгуй, хиймэл оюун ухаан... гээд түүний оролцоогүй, ул мөрөө үлдээгээгүй салбар ховор. Энэ удаа түүний спортын ертөнцөд эерэгээр нөлөөлсөн болон маргаантай үр дагавар дагуулсан бодлого шийдвэрүүдтэй нь танилцъя. Товчхондоо, Дональд Трампын спортод үзүүлсэн, үзүүлж буй нөлөө нь түүний бизнесийн үйл ажиллагаа, улс төрийн шийдвэрүүд, хувийн сонирхлоор нь дамжин илэрдэг.

 “Спортын булчирхай”-тай Трамп

Тэрбээр гольф тоглох дуртай, энэ спортыг ихэд сонирхдог бөгөөд дэлхий даяар хэд хэдэн томоохон гольфийн талбай эзэмшдэг ажээ. Шотланд дахь "Trump Turnberry", АНУ дахь "Trump National Golf Club" зэрэг түүний эзэмшлийн клубүүд жил бүр олон улсын тэмцээнүүд зохион байгуулж, энэ спортын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. 

Мөн Трамп өөрийн үл хөдлөх хөрөнгө, объектийг ашиглан мэргэжлийн боксын томоохон арга хэмжээг олонтаа зохион байгуулсан.

1980-аад онд Трамп америк хөлбөмбөгийн United States Football League (USFL)-ийн "Нью-Жерси Женералс" багийг эзэмшиж байв. Түүний шууд оролцоотойгоор “Женералс” хэд хэдэн алдартай тоглогчдыг эгнээндээ нэгтгэж, лигийн өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн. Гэвч Трампын зарим алдаатай стратегийн шийдвэр нь лигийн санхүүгийн асуудалд нөлөөлж, эцэстээ USFL-ийн үйл ажиллагаа зогсоход хүргэсэн гэж үздэг шинжээчид нэг бус бий.

Бэлгийн цөөнх тамирчдад виз олгохгүй

АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Дональд Трампын баримталж буй зарим бодлого, шийдвэрүүд спортын салбарт багагүй нөлөөлөх болов. Тухайлбал, татварын өөрчлөлт нь цөөнгүй спортын байгууллагуудын санхүүд цохилт өгч, дахин сэхэхийн аргагүй болгосон гэхэд хилсдэхгүй.

 Мөн цагаачлалын бодлого нь олон орны тамирчдыг АНУ-д зорчиход хүндрэл учруулах болов. Тэрбээр сонгуульд ялалт байгуулсныхаа дараахан зарлаж байснаараа трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортын тэмцээнд оролцохыг хориглосон захирамжид гарын үсэг зурсан. Цагаан ордонд зарлигт гарын үсэг зурахын өмнө эмэгтэйчүүд, тамирчин охидоор хүрээлүүлсэн Трамп "Сүүлийн жилүүдэд олон боловсролын байгууллага, спортын холбоод эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн спортоор хичээллэх боломжийг олгосон. Энэ нь охид бүсгүйчүүдийн нэр төрийг гутаан доромжилсон, шударга бус, аюултай бөгөөд тэднийг спортын өндөр амжилт гаргах боломжийг хааж байна. Одооноос эхлэн эмэгтэйчүүдийн спорт зөвхөн эмэгтэйчүүдэд л зориулагдсан байх болно. Энэ бүх асуудал ингээд шийдэгдлээ" хэмээжээ. Ингэхдээ тэрбээр Парисын олимпийн эмэгтэй боксын тэмцээний үеэр болсон будлианыг дурдаад үүнээс хойш АНУ трансжендер тамирчдад виз олгохоос татгалзахаа ч зарласан. Нэмээд тэрбээр 2028 оны Лос-Анжелесийн олимпоос өмнө трансжендер тамирчдын талаарх дүрэмдээ өөрчлөлт оруулахыг Олон улсын олимпийн хорооноос шаардана гэлээ.

Гэвч ОУОХ энэ тал дээр өөр бодолтой байна. IOC-ийн ерөнхийлөгч асан Томас Бах "Олимпийн аваргууд болох Алжирын Иман Хелиф, Тайванийн Лин Ютин нар эмэгтэй хүн болж төрсөн, эмэгтэй хүн болж өссөн, дэвжээнд эмэгтэй хүний ​​хувиар олон жил өрсөлдсөн, эмэгтэй паспорттой тамирчид. Тэд хэзээ ч шилжилтийн үеийг дамжаагүй. Тэднийг эмэгтэй гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй" хэмээн хариу мэдэгджээ.

 Гадуурхагдсан уугуул иргэд

Хойд Америкийн уугуул иргэд болох индиан, ирокез хүмүүст хэзээнээс тааламжгүй Трамп 2028 оны Лос-Анжелесийн олимпийн лакроссын төрөлд ирокезчуудын бие даасан шигшээ багийг оролцуулахгүй байх талаар цухуйлгасан нь маш том дуулианыг дагуулж магадгүй байна. Эхлээд лакроссын талаар товч ойлголт өгөхийг оролдъё. Хоккейн нэгэн төрөл гэж болохуйц лакросс нь сүлжмэл тортой саваа модоор бөмбөгийг дамжуулж, өрсөлдөгч багийн хаалганд оруулах зорилготой багийн спорт юм. Уугуул америкчуудын үүсгэсэн энэхүү өвөрмөц бөгөөд үзүүштэй спортын төрөл 120 жилийн дараа дахин олимпийн хөтөлбөрт багтсан нь энэ. Хэдийгээр тусгаар улс биш, өөрийн гэсэн Үндэсний олимпийн хороогүй ч Ирокезын холбооны шигшээ баг бүх ДАШТ болон томоохон тэмцээнүүдэд оролцсоор ирсэн. Энэ бол энэхүү гайхалтай спортыг дэлхий нийтэд танилцуулагчдад зориулсан хүндэтгэл юм. Ирокезын багийг Ходеношони хэмээн хочилдог бөгөөд өөрийн сүлд дуулал, туг далбаатай. Шинэ Зеландын регбичид хакагаараа олны анхаарлыг татдаг шиг ирокезчууд тоглолт бүрийн өмнө гаанс татсан бөөгийн хамт гарч ирээд дугуйран зогсдогоороо ихэд алдартай. Уламжлал ёсоор ирокез эрчүүдийг төрөхөд нь бяцхан модон саваа бэлэглэдэг ба тэд насан туршдаа үүнийгээ биенээсээ салгадаггүй, өвөртөлж унтдаг, бүр булшиндаа хүртэл авч ордог гэсэн яриа бий. Хамгийн сүүлд 2023 оны ДАШТ-ээс эрэгтэй, эмэгтэй баг нь тус бүр хүрэл медаль хүртэж байв.

 Гэвч тэд эх нутагтаа зохиогдох олимпийн наадамд уламжлалт спортоороо өрсөлдөх эрхгүй болоход тун ойрхон ирээд байна. Мэдээж ирокезчууд иймэрхүү хандлагатай өмнө нь нэг бус удаа тулгарч ирсэн. 2022 онд АНУ-д зохиогдсон олимпийн бус төрлүүдийн дэлхийн наадамд оролцохдоо тэд маш их эсэргүүцлийг даван туулж, 55 мянган хүний гарын үсэг цуглуулсны эцэст тус наадамд оролцож байв. Харин 2023 оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгч Жо Байдены дэмжлэгийг авснаар “Лос-Анжелес 2028”-ын эрхээ бараг өвөртлөөд байв. Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Цагаан ордноос явахын өмнөхөн Канадтай хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд “АНУ, Канад улсууд Хойд Америкийн уугуул иргэдийн нэгдэл болох Ходешоны холбоог 2028 оны Лос-Анжелесийн олимпийн наадамд лакроссоор өөрсдийн туг далбаан дор тусдаа баг болгон оролцохыг зөвшөөрөхийг ОУОХ-нд уриалж байна. Тэдний өвөг дээдэс бараг мянган жилийн өмнө лакроссыг зохион бүтээсэн, энэ спортыг соёлын өвийнхөө үнэт хэсэг гэж үздэг. Бид ОУОХ-ны бие даасан байдлыг хүндэтгэхийн зэрэгцээ энэхүү түүхэн боломжийг ашиглахыг уриалж байна” гэж дурджээ.

 Харин Трамп засгийн эрхэнд гарч ирснээр бүх зүйл өөр тийшээ эргэсэн юм. Үүний шалтгааныг олоход тийм ч хэцүү биш. Тэрбумтан Дональд Трамп 1990-ээд онд Нью-Йоркийн Хууль зүй, нийгмийн хүрээлэнтэй хамтран ирокезчууд болон бусад уугуул америкчуудыг хүчирхийлэл, гэмт хэрэгт буруутгасан кампанит ажилд нэг сая орчим ам.доллар зарцуулж байжээ. Дараа нь үүнийхээ төлөө уучлал гуйхаас өөр аргагүйд хүрч, торгууль төлж байв. Тэрбээр уугуул иргэдэд дургүй болсон гол шалтгаан нь мөрийтэй тоглоомын тусгай бүс дэх түүний болон индианчуудын казиногийн хоорондох өрсөлдөөн юм. Энэ өрсөлдөөнд индианчууд илүү үр дүнтэй ажилласан юм. 20 жилийн дараа Трамп ерөнхийлөгч болсноор өшөөгөө авч эхэлсэн. Тэрбээр уугуул иргэдээс үргэлж өө хайн, жиргээгээр “чимхэж”, шууд бусаар онилсон хэвээр байв. Улмаар хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд иргэншилд нь хүртэл заналхийлэх болов.

Гурван жилийн дараа болох зуны олимпийн наадамд ирокезчууд ийнхүү оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Канадын хувьд байр сууриа өөрчлөөгүй ч аль ч талаараа бодсон 2028 оны наадмыг зохион байгуулах улсын, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний төрийн тэргүүн Трамп улс төр, олимпизмийн талбарт илүү хүчтэй тоглогч гэдэг нь тодорхой.  

 Р.Манлай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.