UBLife Logo
Спорт

Их спортын “Тулгаа Заан”

Их спортын “Тулгаа Заан”

“Би Улсын заан Тулгаа байна”... Балчир байхад нь хүмүүс өхөөрдөн, нэрийг нь асуухад өөрийнхтэй нь төстэй болоод ч тэр үү ингэж хариулдаг байсан нэгэн хүү өнөөдөр Монголын чөлөөт бөхийн спортын өнгийг тодорхойлж явна. Ингиж бичингүүт манай уншигчид хэнийг онцолсныг шууд тааж буй нь ойлгомжтой. Тийм ээ, манай нийтлэлийн гол баатар бол Монгол Улсын гавьяат тамирчин Төмөр-очирын Тулга.

Ховдын цэнхэр хязгаараас чөлөөт бөхийн дэвжээнд

Ховд аймгийн Манхан сумын харьяат тэрбээр хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өсчээ. Бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү хувиараа бэлтгэл хийж байгаад 2009 онд Сонгинохайрхан дүүргийн АШТ­ээс хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалсан юм. Спортод дурлан, амжилт гаргахын төлөө хөлсөө дуслуулан мэрийж буй хүүгээ аав нь тогтмол бэлтгэл хийлгэхийн тулд гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, “Арслан” клубийн дасгалжуулагч Ц.Гантөгс нарт шавь оруулсан нь нүдээ олжээ.

Т.Тулга чөлөөт бөхийн А үсэг заалгаж, өмсгөл өмссөнөөсөө хойш хоёр сарын дараа болсон Ц.Лхаажавын нэрэмжит тэмцээнд түрүүлсэндээ их урамшсан гэнэ. Түүний амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар 14 настайдаа өсвөрийн УАШТ­д өөрөөсөө гурван насаар ах тамирчдыг ялан түрүүлж, бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн юм. Т.Тулга тус тэмцээнээс удаах жилүүдэд алт, хүрэл медаль хүртэн, амжилтаа ахиулжээ.

Тамирчид улсдаа цойлох хэмжээнд хүрч, тодорхой амжилт гаргасны дараа л улсын шигшээд багтдаг, тодорхой цалин, хангамжтай болдог. Үүнээс өмнө тэмцээн, бэлтгэлийн зардал гээд бүхнийг өөрөө зохицуулна, бор зүрхээрээ зүтгэнэ. Энэ бүхэн Т.Тулгыг ч мөн тойроогүй. Т.Тулга 2013 оны өсвөр үеийн ДАШТ­д оролцох зардлаа олох гэж нэлээд хөөцөлджээ. Дөнгөж гарч ирж буй хүүг таних, дэмжье гэх хувь, албан байгууллага олдсонгүй. Аргагүйн эрхэнд аав, ээж нь банкнаас таван сая төгрөг зээлэв. Хүүгээ дэлхийн аваргад оролцуулж, амжилтад хүргэх гэсэн эцэг, эхийн хүсэл. “Ялагдвал аав, ээж минь яана аа. Өрөнд оруулчихлаа” гэсэн хүүгийн сэтгэл зовнил.

Ямар ч байсан тэмцээнд оролцох зардлаа бүрдүүлчихлээ гээд баярлаж байтал Т.Тулгын биен дээр хатиг гарчихжээ. Барилдах нь битгий хэл алхаж, гишгэхэд хүндрэлтэй байж. Шүд зуун гүрийсээр ДАШТ­д очсон ч хатигнаас болж халуураад их ядарч, туйлдав. Үүний улмаас жиндээ орж чадалгүй тэмцээнээс хасагдсандаа их харамсжээ. Аав, ээжийнхээ таван сая төгрөгийг салхинд хийсгэн, дэлхийн аваргад оролцож ч чадалгүй ирсэндээ харамсан, их сургамж авсан байна. Тамирчин хүнд сахилга бат, эрүүл мэнд хэчнээн чухал гэдгийг Т.Тулга тус тэмцээнээс ухаарч, эцэг, эхийнхээ итгэлийг дахиж алдахгүйн төлөө улам их хичээж, хөдөлмөрлөсөн гэнэ.

Чөлөөт бөхийн спортыг авралцсан нь

2013 онд чөлөөт бөхийн спортыг олимпын наадмын хөтөлбөрөөс хасаж магадгүй болж, дээр дооргүй сандарцгаасан.

“Таван цагариг”­ийн маань Б.Цагаанбаатар ах, дасгалжуулагч Б.Баттулга нарын хүмүүсийн хамт “Savewrestling” цахим хуудас нээн, чөлөөт бөхийн спортыг олимпод үлдээхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Тус хуудасны ковер зурган дээрх чөлөөт бөхийн өмсгөлтэй хоёр хүүхдийн нэг, “Миний мөрөөдлийг авраач” баннерын гол дүр нь Т.Тулга. Түүний чөлөөт бөхийн спортын төлөө шаналан, сэтгэл зовнин зогсож байгаа нь гэрэл зурагчны дуранд буусан нь тэр.

Тэрбээр энэ тухайгаа “Чөлөөт бөхийн спортыг олимпийн хөтөлбөрөөс хасчих вий гэж их айн, санаа зовсон. Нэг өдөр бэлтгэл дээрээ иртэл найз маань уйлаад зогсож байсан юм. Дэргэд нь очин, сэтгэлийг нь тайвшруулж байхад бид хоёрын зургийг авсан юм билээ. Спортын хүрээнийхэн чөлөөт бөхийг олимпод үлдээхийн төлөө уйгагүй хөөцөлдсөн, дуу хоолойгоо хүргэсэн. Энэ үйлсэд жаахан ч болтугай хувь нэмэр оруулсандаа баярлаж явдаг” гэж дурслаа.

“Миний мөрөөдлийг авраач” хэмээн толгой гудайлган гуйсан хүү чөлөөт бөхийн спортоо олимпод үлдээгээд зогсохгүй олимпийн дэвжээнд хоёр ч удаа зодоглон, дэлхийн медальтай тамирчин болсон нь яах аргагүй ховор хувь заяа.

19 настайдаа шигшээ багт шигшигдлээ

Т.Тулгын ур чадвар, амжилт ахисаар 2015 онд Азийн өсвөр үеийн АШТ, “Asashoryu cup”­т түрүүлж, УАШТ­ий өсвөрийн ангилалд алт, залуучуудынхаас мөнгөн медаль хүртсэн нь дэлхийн энтэй бөх болохынх нь эхлэл байлаа. Тэрбээр 2016, 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ­ий 57, 61 кг­д мөнгө, хүрэл медаль хүртэн, шинэ үе түрэн гарч буйг харуулсан. 2017 онд улсын аваргын төлөө ДАШТ­ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням­Очиртой барилдсан нь спорт сонирхогчдын анхаарлыг гойд татаж байв. Б.Баттулга дасгалжуулагчийн хоёр шавийн барилдаан 4:4­өөр тэнцсэн ч онооны чанараар Т.Тулга ялсан. Тэр жил чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлахад эрэгтэйчүүдийн 61 кг­д гавьяат тамирчин Э.Ням­Очир, оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга, ОУХМ Э.Нэмэхбаяр тэргүүтэй шилдгүүдийн аль нь ч бус Т.Тулга 19 настайдаа багтаж, шуугиан тарьсан юм. Энэ нь Монголын чөлөөт бөхийн холбооныхон түүнийг олимп, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргах гол найдвар хэмээн итгэл хүлээлгэн, найдлага тавин, эртнээс бэлтгэсний илрэл. Үүнийх нь үр дүн төд удалгүй гарч, Т.Тулга олны итгэлийг даан, 2019 оны ДАШТ­д барилдахдаа олимпийн эрх авсан. Түүгээр ч үл барам тэр жилээ дэлхийн медальтан болох тун дөхсөн. Учир нь тэрбээр ДАШТ­ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ­ий хошой медальт Бажранг Пуйнад ялагдан, V байрт шалгарсан юм.

Дэлхийн медальтнуудын эгнээнд багтав

Дэлхийн аваргын медалиас атгаад алдсан Т.Тулгын мөрөөдөл 2021 онд биелсэн. Норвеги улсад болсон дэлхийн аваргын дэвжээнд тэрбээр өөртөө тун ч итгэлтэй, дайчин барилдсаар хүрэл медаль хүртсэн юм. Т.Тулга хоёр жилийн өмнөх алдаагаа засахдаа хагас шигшээд дэлхийн аварга, Åвропын аварга Çагир Шахиевт тун харамсалтай ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөх Рохит Рохитыг цэвэр ялж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан юм.

Сургамж, ухаарал

Тамирчин хүн асар их саад бэрхшээлийг даван туулж байж амжилтад хүрдэг. Их сургамж авсан, өнөөгийн амжилтад нь хөшүүрэг болсон цөөнгүй ялагдал түүнд бий. 2021 онд ДАШТ­ээс хүрэл медаль хүртсэн түүнийг 2022 оны дэлхийн аваргад амжилтаа ахиулна, түрүүлнэ гэж олон хүн таамаглаж байв. Т.Тулга ч мөн өөртөө итгэлтэй байсан нь мэдээж. Гэвч тэр жилийн улсын аваргын шигшээд “Алдар”­ ын Ц.Цогбадрахад ялагдсан нь түүнд том цохилт болжээ. Тэд 2022 онд улсын аваргаас өмнө хоёр удаа учраа таарахдаа бие биенээ нэг, нэг ялаад байв. УАШТ­д хайнаагаа хагалах, хэн нь дэлхийн аваргад оролцохоо шийдэх хариуцлагатай барилдаанд Т.Тулга ялагдсан нь тэр. Тухайн үед дэлхийн чансааг тэргүүлж байсан тэрбээр Ц.Цогбадрахтай сорил барилдаан хийх хүсэлт Монголын чөлөөт бөхийн холбоонд гаргасан ч тусыг эс олсон. Тийнхүү улсаасаа шалгарч чадалгүй үлдсэн нь түүнийг их хурцалж, тамирчин хүн өөрийгөө үргэлж хөгжүүлж, сахилга баттай байхын чухлыг ухаарсан байна. Энэ талаараа Т.Тулга “Өмнөх жил нь ДАШТ­ээс медаль хүртэн, 2022 онд дэлхийн чансааг тэргүүлж явсан болохоор тэр ялагдал надад маш хүнд тусаж билээ. Улсын аваргын дэвжээнд ялагдаад хэн ч биш болчих шиг надад санагдсан. Би тэр жилийн тавдугаар сард дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд түрүүлсэн юм. Гэтэл тэр тэмцээнээс 20­хон хоногийн дараа улсын аварга болох тов гэнэт гарсан. Миний бэлтгэлжилтийн яг уналтын үе таарчихсан. Тийм богино хугацаанд бэлтгэлийн уналт, сэргэлтээ зөв тохируулж амжаагүй. Монголын чөлөөт бөхийн холбооны гэнэтийн шийдвэр үүнд нөлөөлсөн. Гэхдээ би бурууг өөрөөсөө хайж байгаа. “Би чадаж байна” гэж хэзээ ч бодож, өөрийгөө дөвийлгөж болохгүй гэдгийг мөн ухаарсан” гэв.

Эргэлзээтэй шүүлтийн золиос болсон нь

Үүнээс гадна түүнд томоохон сургамж болсон бас нэгэн тэмцээн бий нь 2023 оны ДАШТ. 2022 оны дэлхийн аваргыг гэртээ зурагтаар үзсэн Т.Тулга тэр жил зөвхөн түрүүлэх л зорилготой очив. Түүнийг дэлхийн аварга болно гэж мэргэжилтнүүд, бөх сонирхогчид таамаглаж байлаа. Гэвч Т.Тулгын зорилго биелэхэд эргэлзээтэй шүүлт тушаа болов. ДАШТ­ий 65 кг­д зодоглосон тэрбээр гуравдугаар тойрогт Азербайжаны бөх, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Хажи Алиевтай хүч сорьсон. Барилдааны турш Т.Тулга идэвх, арга техникээр илүүрхэж, Алиев хамгаалсаар. Барилдаан дуусахаас 4­хөн секундын өмнө Т.Тулга хоёр оноо авч, 5:2­оор “ялсан”. Эцсийн мөчид оноогоо нөхөж чадалгүй бүр бүхэл хоёр оноо алдан ялагдсандаа харамссан Алиев дэвжээ алгадан уурлав. Дэлхийн босоо аваргыг ялсандаа баярлаж байтал бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр. Азербайжаны дасгалжуулагч барилдаан дуусахаас гурван секундын өмнө чэлленж даржээ. Шүүгчид түүний гомдлыг хэлэлцэн, Алиевын талд шийдэж орхив. Шүүгчид Т.Тулгыг өрсөлдөгчийнхөө триконоос зуурч, хориотой үйлдэл хийсэн гэж үзэн, нэг оноогоор торгожээ. Улмаар үүнээс хойш авсан хоёр оноог нь хүчингүйд тооцов. Тэгэхээр хоёр бөхийн онооны харьцаа 3:3 болж, сүүлийн оноогоор Алиев ялсан юм. Тухайн үед Монголын чөлөөт бөхийн холбоо гомдол гаргасан ч тусыг эс олсон. Т.Тулга тун эргэлзээтэй шийдвэрээр ялалтаа алдсан энэ барилдааны шүүлт одоо ч маргаан дагуулдаг. Цөөнгүй хүн энэ барилдааны шүүлтийг гавьяат тамирчин Г.Мандахнаран Риогийн олимпийн хүрэл медалийн төлөө барилдсантай зүйрлэж, шүүмжилдэг.

Азийн наадмын аварга Т.Тулга

Т.Тулга дэлхийн шилдгүүдтэй ямар ч дэвжээнд эн тэнцүү барилдахаа дахин батлан харуулсан тэмцээний нэг нь 2023 оны Азийн наадам. Тэрбээр тус тэмцээнд түрүүлэхдээ аваргын төлөөх барилдаанд 2022 оны дэлхийн аварга, Азийн хошой аварга, Ираны алдарт бөх Рахман Амузадхалилиг ялсан. Тэд өмнө нь Азийн аваргын шигшээд анх удаа барилдахад иран хүчтэн ялсан. Тухайн үед Т.Тулга шагайны гэмтлийн улмаас үндсэн барилдаанаа гаргаж чадаагүй. Харин энэ удаа дэлхийн аварга өрсөлдөгчөө 11:1­ээр ялж, ямар хэмжээний бөх гэдгээ, хэр сайжирснаа харуулав. Ийнхүү тэрбээр Азийн наадмын дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, монгол түмнээ баярлуулсан юм.

Атгаад алдсан олимпын медаль

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 1980 оны олимпоос хойш медаль хүртээгүй байгаа. Гавьяат тамирчин Д.Оюунболдын амжилтыг үргэлжлүүлэх гол найдваруудын нэг нь яах аргагүй Т.Тулга. Тэрбээр олимпын эрх авахдаа Бахрейны бөх Алибеговыг 10:0­ээр, ДАШТ­ий алт, мөнгөн медальт, АНУ­ын Çэйн Ретерôордыг 7:2­оор, Тажикистаны Ку­ диевыг 9:0­ээр илүүрхсэн. Гаргасан амжилт, ур чадвар, жингийнхээ шилдгүүдтэй хэрхэн барилдаж буй гээд аль ч талаас нь дүгнэсэн Т.Тулгад олимпын медаль тун ойрхон байв. Монгол түмэн ч түүний дээлийн захыг мушгиж, сэтгэл догдлон хүлээж байсан юм. Гэвч олимпын медаль гэдэг хүссэн хүн бүхний хүртдэг зүйл биш гэдгийг Парисын дэвжээ түүнд харуулсан. Т.Тулга эхлээд хагас шигшээд Японы бөх Котаро Киёокад ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө ДАШТ­ий мөнгөн медальт, Пуэрто­Рикогийн бөх Себастьян Ривератай барилдав. Тулга өрсөлдөгчөө 9:8­аар илүүрхэж явсан ч барилдаан дуусахаас хэдхэн секундын өмнө ардаа алдсанаар 10:9­өөр ялагдаж, олимпын медалиас атгаад алдсан. Ингэснээр чөлөөт бөхийнхөн төдийгүй монгол түмэн дараагийн олимпыг хүлээхээс өөр аргагүйд хүрсэн юм.

Монголын чөлөөтийнхөн 1980 оноос хойш хүлээж буй олимпын медалийн оосроос шүүрээд алдсан талаараа Т.Тулга “Зөвхөн өөрийнхөө төлөө бус Монгол Улсынхаа, монголчуудынхаа төлөө барилдсан. Бүхнээ шавхаж, медаль хүртэхийг хүссэн ч санаснаар болоогүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанаа ерөнхийд нь дүгнэхэд хоёр том алдаа гаргасан байна лээ. Сүүлийн 10 секундэд л сайтар төвлөрөх байж дээ гэж харамсаж сууна. Алдаагаа олон талаас нь дэнсэлж, эргэцүүлж байна. Амжилт гаргахсан гэж хэтэрхий их хичээсэн минь эргээд надад дарамт болсон тал бий. Дараагийн олимп хүртэл илүү ухаалаг, хор шартай зүтгэнэ. Багш нартайгаа ярилцаж, нарийн төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ базааж байна” гэлээ.

“Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга бусгаж тонгорох, мушгих, гарт эргэх дархан мэхтэй. Сугадсан, золгосон барьцнаас сайн барилддаг нь түүний барилдааны гол онцлог. Дэлхийн шилдэг бөхчүүд “Монголын Тулгатай хав золгооны барьцнаас тулж барилдаж болохгүй” гэж эмээдэг юм билээ. Түүнд одоо олимпын медаль л дутуу. Зөвхөн чөлөөт бөхийн төдийгүй Монголын спортын нүүр царай, гол найдваруудын нэг болсон ийм нэгэн тамирчин амжилтын төлөө зүтгэж явна.

Б.Буяндалай, ТЦ сонины 30 жил

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Enkhbat \13.214.149.230
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.214.149.230
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.214.149.230
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.212.248.140
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.212.227.250
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.212.227.250
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.212.227.250
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.212.227.250
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.212.227.250
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.214.149.230
Til gadaa ulam ih amjilt hvse
Enkhbat \13.214.176.238
Til gadaa ulam ih amjilt hvse
ЗОЧИН\13.212.227.250
Til gadaa ulam ih amjilt hvse