Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо өчигдөр хүрэлцэн ирлээ.
Кремльд түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзсан юм.

В.Путин: Хүндэт Ерөнхийлөгч, хүндэт нөхөд өө!
Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн гайхамшигтай баярын өмнө та бүхэнтэй уулзаж байна. Ерөнхийлөгч таныг өөрийн биеэр оролцож байгаад их баяртай байна.
Манай хоёр оронд хамтын түүхийн баатарлаг хуудас бий. 2024 онд Халхын голын ялалтын 85 жилийн ой болсон. Бид хамтдаа энэ ойг Улаанбаатарт тэмдэглэж байсан билээ.

Орост хүмүүс Аугаа Эх орны дайн, 1945 онд Квантуны армийг бут цохиход Монголын оруулсан хувь нэмрийг ихэд үнэлдэг. Жирийн ард түмний хөрөнгөөр баригдсан танкын цуваа, “Монгол ард” нисэх эскадрил манай улсын төлөө, бидний хамтын ялалтын төлөө тулалдсан. 1945 онд Монголын ардын арми Японы эсрэг тулаанд оролцсон. Бид энэ бүхнийг санаж байгаа, үнэлж байгаа.
Найрсаг харилцаатай, хөрш Монгол оронтой бүх талын стратегийн харилцаатай байх нь манай улс төрийн бодлогын гол зүйлийн нэг. Төрийн тэргүүд уулзаж, улс төрийн яриа хэлэлцээр үргэлжилж байна. Батлан хамгаалах, аюулгүй байдал, парламент хоорондын харилцаа тогтворжиж, соёл, боловсролын харилцаа хөгжиж байна.
Монгол бол манай чухал худалдааны түнш. Өнгөрсөн жил манай худалдааны эргэлт 17,5 хувь нэмэгдсэн. Энэ жилийн эхний 2 сард дахиад 25 хувь өслөө. Бид Монгол андуудынхаа эрчим хүч зэрэг чухал салбар дахь хүсэлтэд заавал хариулдаг.
Та бүхэнтэй уулзахад баяртай байна” гэж хэллээ.
