UBLife Logo
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого залуучууд бидэнд яагаад чухал вэ?

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого залуучууд бидэнд яагаад чухал вэ?

Уг контентыг Эх дэлхийн сар 2025 – залуучуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлогод оруулах саналыг цуглуулах төслийн багаас UB.Life сайтын уншигчдад зориулан бэлтгэв.

1. Манай улсын уур амьсгал яаж өөрчлөгдөж байгаа вэ?

Манай улсад уур амьсгалын өөрчлөлт 1988 оноос эхлэн эрчимтэй ажиглагдаж эхэлсэн. 1940-2022 оны хооронд газрын гадаргын орчмын агаарын жилийн дундаж температур 2.46°C-аар нэмэгдсэн нь дэлхийн дундажтай харьцуулахад гурван дахин хурдан өсөлт юм.

Үүний үр дагаварт байгалийн экстрим үзэгдлүүд, ган, зуд, үер, шуурга зэрэг гамшгийн давтамж, эрчим нэмэгдэхээс гадна, урт хугацааны цөлжилт, бэлчээрийн доройтол, усны нөөцийн хомсдол, ургамлын зүйлийн өөрчлөлт, хүйтэн улирлын хур тунадас нэмэгдэж буй зэрэг олон сөрөг нөлөөлөлтэй бид болон ан амьтан, байгалийн экосистем нүүр тулсаар байна.

Үүний гол шалтгаан нь хүний үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийн хийн ялгаруулалт ба тэр дундаа нүүрсхүчлийн хий 1992-2020 оны хооронд 16.5%, метан хийн ялгаруулалт 8.8%-аар нэмэгдсэнтэй холбоотой.

Судлаачдын таамаглалаар ойрын 5-10 жилийн хугацаанд улирлын температур 1.4°C-2.9°C хүртэл нэмэгдэх төлөвтэй байсан. Гэвч бидний хэрэгжүүлж буй хангалтгүй үйл ажиллагаа, бодлогын алдаанаас шалтгаалан энэ өсөлт үүнээс ч давах магадлалтай байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш бөгөөд нийгмийн эрүүл мэнд, амьдралын баталгаа, эдийн засагт шууд нөлөөлж буй цогц сорилт юм.

2. Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого гэж яг юуг хэлээд байна?

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого олон янз байгаа ч бидний энэ удаад анхаарлаа төвлөрүүлж байгаа бодлогын баримт бичиг бол манай улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт  буюу ҮТХН юм.

ҮТХН нь дэлхийн дундаж дулаарлыг Цельсийн 1.5 хэмээс доош хязгаарлах зорилготой Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орон бүр боловсруулах ёстой уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалт, үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Уг зорилтыг таван жил тутамд шинэчлэн ахиулан тодорхойлж тайлагнахаар Парисын хэлэлцээрийн талууд зөвшөөрсөн байдаг.

ҮТХН нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бий болгохын тулд улс орнуудын баримтлах тэргүүлэх чиглэлүүд, санхүүжилтийн стратеги, хяналт-шинжилгээ, баталгаажуулалтын арга хэрэгслийг тодорхойлно.

Одоогоор бидний хувьд хүчин төгөлдөр байгаа 2019 онд баталж 2020 онд илгээсэн ҮТХН 2.0-ноос эшлэхэд: Манай улсын хүлэмжийн хийн ялгаруулалт 34.4 сая тонн нүүрс төрөгчийн давхар исэлтэй тэнцэхүйц болсон байв. Үүнд эрчим хүчний салбар 50 орчим хувь, хөдөө аж ахуйн салбар нь 48% ялгаруулсан байна. 2030 он гэхэд ҮТХН-ийн зорилтын дагуу Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-иар бууруулах боломжтой гэж нэгдсэн дүнгээр тооцоолсон байдаг ба газар ашиглалт болон ойн салбарын хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлснээр  нэмэлт 11.2%-иар илүү бууруулж чадна гэж тооцоолсон байдаг ч үр дүнгийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна.

Хэдийгээр манай улсын ялгаруулж буй хүлэмжийн хий нь дэлхийн нийт ялгаралд маш бага буюу 0.09 хувийг эзэлж байгаа боловч, нэг хүнд ногдох болон ДНБ-д ногдох хэмжээгээрээ дэлхийн болон бүсийн дунджаас маш өндөр байгаа юм. Иймд Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн гол салбаруудын тогтвортой хөгжлийг хангах, техник технологийг боловсронгуй болгох ерөнхий зорилттой уялдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсаар байна.

3. Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого залуучууд бидэнд ер нь ямар хамаатай юм бэ?

Үүнд хариулахаас өмнө эхлээд нэг асуулт тавья: “Одоо залуухан байгаа хүмүүс, хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлт тэдний амьдралд хэр их нөлөөлсөн бол оо?”

Амьдарсан хугацаа, шийдвэр гаргалтад үзүүлэх нөлөөлөл бага зэргийг нь тооцох юм бол залуу үеийнхэн өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулахад хамаагүй багаар нөлөөлсөн байж таарна, тийм үү?

Харин уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг зөвхөн байгаль орчинд ч биш, нэмээд нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гэх мэт олон талаар, илүү удаан хугацаанд амсах бүлэг хүмүүс бол одоогийн хүүхэд, залуучууд, болон ирээдүйд мэндлэх нялхас юм.

Тэгэхээр, товчоор хариулах юм бол: Уур амьсгалын өөрчлөлт, энэ асуудлын шийдэл, шийдвэр гаргалт, бодлого, хэрэгжилт гэх мэт ажлууд нь залуучууд бидэнд хамаатай, бүр хамгийн ихээр хамаатай зүйлс байх нь.

Уур амьсгалын өөрчлөлтөд бага нөлөө үзүүлсэн хэрнээ хор уршгийг нь хамгийн ихээр, хамгийн удаанаар үүрэх гээд байгаа бүхэл бүтэн үе нь хүүхэд, залуучууд юм. Тэгвэл энэ асуудалтай холбоотой бүхий л түвшний шийдвэр гаргалтад оролцуулах нь уур амьсгалын шударга ёсыг хангах нэг тулгуур байх нь яалташгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.