Энэ сарын 14-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн сайд Юлия Свириденкод Засгийн газрыг тэргүүлэх санал тавилаа.

Юлия Ерөнхий сайд Денис Шмыгалийг залгамжлах бөгөөд Юлия Тимошенкогийн дараах Украины түүхэн дэх хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болох юм.

Свириденко 39 настай, 1985 онд Черниговд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй, “Монополийн эсрэг үйл ажиллагааны менежмент” мэргэжлээр магистр цолтой. Мөн Хойд Саксоны Удирдлагын академид суралцаж байсан.
2015 онд улс төрд орж, Чернигов мужийн удирдлагад ажилласан. Гурван жилийн дараа мужийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч болсон байлаа.

2019 онд Украины Эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажиллаж, дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд тэргүүн болсон юм.

2021 оноос Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн сайдаар ажиллаж байна.
2025 онд АНУ-ын талтай ховор элементийн гэрээ байгуулахад Украины талаас гарын үсэг зурсан билээ.